Эмчид үзүүлэх эрх эвдэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.04.26-нд нийтлэгдсэн

Эмчид үзүүлэх эрх эвдэгджээ

Удахгүй болох Үндэсний их баяр наадмын өмнө зарим замын засварын ажлыг яаралтай хийж дуусгахаар болсон.

Өвчин эмгэг хүн бүрт хэлж биш хийсч ирдэг. Эрүүл мэндийн байгууллага, эмч нарын иргэдэд өгдөг зөвлөгөө “Өвчнийг эрт үед нь оношилж, эмчлүүл. Эрүүл мэндийн шинжилгээг жил бүр өгч сур”. Гэвч бодит байдал дээр урьдчилан сэргийлэх юм уу, анхан шатны тусламж, үйлчилгээ авахаар улсын эмнэлгүүдэд очих нь хүмүүст нэг талаар залхаан цээрлүүлэлт болох нь бий.

Ийм байдлаар хохирч, хоолойны эмчилгээ, мэс засал хийлгэхээр шат шатны улсын эмнэлгүүдэд хандсан нэгэн үйлчлүүлэгчийн гомдол байна.

Тэр иргэн хоолойны мах авахуулахын тулд сар гаруй хугацаанд эмнэлгээр явжээ. Энэ талаараа тэрбээр дараах тайлбарыг өгсөн юм.

Иргэний гомдол

…Арав гаруй жил өвөл, намартаа хоолой сэрвэгнэдэг болсоор эцэст нь хоолойны мах ургаж, өвдөх тоолон дотроо буглах болсон. Сүүлд 2017 оны гуравдугаар сарын 17-нд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн чих, хамар хоолойн эмчид цаг авч үзүүлснээр хоолойн махаа авхуулах шаардлагатай гэсэн онош сонссон юм. Гэхдээ хоолойны мах авхуулахад явдал чирэгдэл ихтэй гэдгийг гадарласан ч үгүй. Дүүргийн эмч хоолойны өвчнөө эмчилж, буглаа нь хагарч, зүгээр болсны дараа ирээрэй гээд эмчилгээ бичиж өгсөн. Эмчилгээ хийлгээд 7 хоногийн дараа зүгээр болохоор нь очтол шүдээ үзүүлчихээд ирвэл 13-А маягт бичээд өгье гэв. Дүүргийн эмнэлэгт шүд үзүүлэхийн тулд өглөө 5 цагаас эхлэн дугаарлах бөгөөд эхний 30 хүн л цаг авч чадна. Хэдийгээр би 7 өнгөрөөгөөд очсон ч ижил нэртэй жирэмсэн охины ачаар дугаарт багтаж чадсан юм. Шүдээ үзүүлээд, “Эрүүл” гэсэн тул чих хамар хоолойн эмчид үзүүлэхээр дахин цаг авч, дөрөвдүгээр сарын 4-нд 13-А маягтаа УКТЭ буюу Нэгдсэн 1-р эмнэлэгт очих хаягтайгаар хийлгэж авлаа.

Ингээд дөрөвдүгээр сарын 6-ны өглөө УКТЭ-ийн 2-р давхарт байрлах цаг тараах хэсгээс үзүүлэх цагаа 2 цаг хэртэй дугаарлаж байж аваад, 305-р өрөөнд байрлах чих хамар хоолойн эмчид очиж үзүүлэв. Өдөр 15:00 цагт үзүүлэх цагийн хуваарийн дагуу дахин ажлаас чөлөө авч очтол өрөөний хаалганы гадна бас бөөн хүмүүс. Сонсох нь давтан үзүүлж байгаа хүмүүс цаг авдаггүй, дугаарлаж үзүүлдэг гэх. Би цаг авсан ч ахиад 40 минут хүлээж байж үзүүлэв. Эмч үзлэг хийгээд хоолойны арчдасын шинжилгээ өгөх хэрэгтэй гэсэн тул дахиад цаг авах дараалалд дугаарлах боллоо. Бас л баахан сууж байж цаг авч, маргааш өглөө нь шинжилгээгээ өгөв. Хариу нь гурав хоногийн дараа гардаг бөгөөд би баасан гаригт өгсөн тул хоёр дахь өдөр (Дөрөвдүгээр сарын 11-нд) хариугаа авлаа.

Энэ удаа давтан болохоор шинжилгээний хариугаар барьсаар 305-р өрөөний гадна ахиад л хэдэн минут дугаарлаж байж үзүүллээ. Эмч шинжилгээний хариуг хараад “Хагалгааны өмнөх шинжилгээ бүрдүүлж ир” гээд жагсаалт өгөв.

Шинжилгээг хаана ч өгч болно. Дүүргийн эмнэлэгтээ шинжилгээнүүдээ өгье гэвэл бас л 5 цагаас эхлэн дугаарлах ёстой болно. Эсвэл УКТЭ-д өгье гэвэл 2-3 хоног хүлээх шаардлагатай болох аж. Энэ бүх чирэгдлээс зайлсхийгээд хувийн эмнэлэгт шинжилгээг өгтөл 91 мянган төгрөг боллоо. Долоо хоногийн дараа шинжилгээ өгөөрэй гэсэн болохоор нь хэлсэн ёсоор шинжилгээгээ өгөөд дөрөвдүгээр сарын 25-нд хариугаа аваад очлоо. Дахиад л дугаарлана. Энэ хооронд цагтай хүн, хүүхэдтэй хүн, өндөр настан гээд хэд хэдэн хүнийг дарааллын өмнө орууллаа.  Эцэст нь нэг юм ороод шинжилгээний хариунуудаа өгөөд, “Хэзээ хагалгаа хийх вэ” гэдгээ асуув. Харамсалтай нь, “Одоо бид хагалгаа ихтэй байна. Дараа долоо хоногоос ирж, цаг асуугаарай. Энэ хооронд ханиад хүрчихэлгүй байж бай” гэсэн хариулт сонслоо. Арай ч дээ, хоолойны махаа авхуулахын тулд бүтэн сарын хугацаанд ажлаасаа олон удаа чөлөө авч, хөөцөлдсөний эцэст хагалгааны цаг авч чадсангүй.

Энэ бүхнийг нуршин бичсэний учир нь ийм байхад улсынхаа эрүүл мэндийн салбарт итгэх итгэл яаж төрөхийг учирлах гэсэн хэрэг. Эрүүл мэндээ бод, урьдчилан сэргийл, эртхэн эмчлүүл гэх мөртөө дүүргийн болон нэгдсэн эмнэлгүүд өнөөдөр бодит байдал дээр өвчин нь хүндэрсэн, сүүлийн шатандаа орсон хүмүүст л үйлчилдэг юм байна гэсэн ойлголт төрлөө…

Тийм ээ. Дүүрэг, нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэх гэж очдог мянга мянган хүн энэ мэт гомдол, бухимдалтай байдаг нь үнэн. Энэ нь хэт их ачаалал, хэтэрхий цөөн эмнэлэгтэй байдагтай ч холбоотой байх. Нөгөөтэйгүүр улсын эмнэлгийн үйлчилгээний удаан хөгжил тэнд ажиллаж буй олон зуун эмч нарыг “хүнд сурталтантан”-гууд гэж харагдуулахад хүргэж байна.

Эрүүл мэндийн салбарын үйлчилгээ нь иргэдээ чирэгдүүлсэн, төөрөгдүүлсэн, бүр залхмаар ажлын урсгалтай байхад хүн бүр анхан шатны, наад захын эмчилгээ, үйлчилгээ, шинжилгээ өгдөг “эрүүл монгол” болох мөрөөдөл дэндүү хол санагдаж байна.

Өвдөж, зовсон хүмүүс хэлээ хазаад л өнгөрдөг болохоос эмнэлэг, эрүүл мэндийн газар шүү дээ гэж итгэхээргүй, бүр наад захын орчин нөхцөл бүрдүүлээгүй, эмч, сувилагчдын харилцаа, хандлага гэж авах юмгүй газрууд олон байгаа. Энэ сэдвийг задлаад, дүүргийн, хорооны эмнэлэг гээд явбал бүр ч их зүйл яригдана.

Гэхдээ эмнэлгийнхээ тоог нэмж, үйлчилгээний системийг өөрчилж, ачааллыг сийрэгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж, менежмент хийх том хувьсгал хэрэгтэй байгааг нэг үйлчлүүлэгчийн энэ жишээнээс харж болохоор байна.

Хоолойны мах авахуулахын тулд нэг сар хүлээдэг эмнэлэгтэй улс XXI зуунд байна гэдэг харамсалтай. Эмчид үзүүлэх эрх эвдэгджээ.

 Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж