Тахилгын бумбанд нуусан луйвар

Хуучирсан мэдээ: 2017.05.10-нд нийтлэгдсэн

Тахилгын бумбанд нуусан луйвар

2011 онд Rovio компанийн Ууртай шувууд 79 оронд нийт нэг тэрбум удаа татагдсан ба команидаа 106 сая ам.долларын ашиг авчирсан байна.

Жил бүрийн зургаа, долоо, наймдугаар саруудад бумба тахих ёслол болдог. Анх ганцхан Амарбаясгалант хийдэд ёсолдог байсан шашны өвөрмөц зан үйл өдгөө дэлгэрсээр орон хийдүүд олноороо үйлддэг болжээ.

Амарбаясгалант хийдийн бумбаны тахилгыг тэртээх 1993 онд  Гүрүдэва Ринбүчи анх санаачилж, түүнээс хойш жил бүрийн зургаа, наймдугаар сард хоёр удаа тахилга үйлддэг болсон байх юм. Харин бусад сүм хийдэд зуны урин дэлгэр цагаар олон түмнийг хамруулан бумба тахидаг. Намсрай, Гонгор, Замбала, Ногоон Дарь-эх, Лусын мөн түүнчлэн Эдийн, Маанийн, Насны, Рашааны, Бүтээлийн, Угаалгын зэрэг олон төрлийн бумба тахидаг бөгөөд зан үйл бүр өөр өөр утга билгэдэлтэйг доор өгүүлэх болно.

Бумба тахиснаар эд баялаг элбэг дэлбэг болж, ахуй амьдрал сайжирна гэж итгэсэн сүсэгтэн олны сэтгэл рүү ус цацах мэт буруу үйл дэлгэрснийг Мөнхөө лам олонд анхаарууллаа.

Бумбыг бүтээхээс эхлээд айл гэрт залагдах хүртэл маш хүндэтгэлтэй хандах ёстой. Учир нь бумбанд билгэдлийн чанартай эд эдлэл, бидний амьдарч буй хорвоо дэлхийн өнгөтэй өөдтэй, сайн сайхан бүхний дээжис, ховор нандин зүйлсийг багтааж, хүндэтгэн шүтэх учиртай юм байна. Гэтэл сүм хийдийн дэргэдэх дэлгүүр хоршоо, шашны эд зүйлийн худалдаа эрхлэгчдийн худалдаалж буй бумбанд дээр дурдсан эрхэм бүхнийг багтаах нь бүү хэл арвай будаа, аравнайлсан цаас төдийхнөөр хуурч байгааг баримт түшин сануулжээ.

Бумбанд нэр бүхий эрхэм нандин зүйлсийг  багтааж гэмээнэ хүссэн мөрөөдсөн ид шид, рид хувилгааныг авчрах учиртай байтал ердөө л ганц хоёр төрлийн будаа, маанийн үсэг бүхий бумбаар сүсэгтэн олныг төөрөгдүүлж байгааг Мөнхөө ламтан онцгойлон анхаарууллаа

Улаан, цагаан зандан, далайн хөөс, эрдэнийн чулуу, задь, ар, бар, жүр үр, маанийн үрэл дүлцэнгийн элс, арвай, самбарай, жамбарай, гүргэм, лусын үрэл, таван төрлийн будаа гэхчилэн эрхэм нандин зүйлсийг бумбанд багтааж гэмээнэ хүссэн мөрөөдсөн ид шид, рид хувилгааныг авчрах учиртай байтал ердөө л ганц хоёр төрлийн будаа, маанийн үсэг бүхий бумбаар сүсэгтэн олныг төөрөгдүүлж байгааг Мөнхөө ламтан хэлэв.

Тэрбээр “Худал хуурмагийн үйлийн үр хэзээд ирдэг учраас худалдан борлуулж буй хүмүүс энэ бусармаг үйлээ болих хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө нэгэн сүсэгтэн залах гэж байсан умбаа алдаад асгахад дотор нь цагаан зандан, арвай будаанаас өөр юм байгаагүйгээс сэжиг төрсөн. Лам хуврагууд ч үүнийг мэдэж л байх учиртай. Тиймээс хүмүүсийг төөрөгдүүлж буй буруу үйлийн эсрэг хамтдаа тэмцэх цаг болжээ. Будаа хийх төдийгөөр газар лусыг аргадахгүй. Харин ч бүр догшруулах нигуртай. Тиймээс бумба худалдан авахдаа онцгойлон анхаараарай” гэлээ.

Гипсэн бумба, атга будаа төдийхнийг 10 мянган төгрөгөөр худалдаалж байгаа нь үнэхээр харамсалтайн дээр алив ашиг орлого, тахилга үйл зөв байж арын үр нь сайн гарах билээ. Нөгөөтэйгүүр нэгд үйлчилсэн сайн зүйлс нөгөөд төдий хэрийн үр нөлөө авчрахгүй байх ч магадлалтай. Учир нь хүн үрийн үйлийн үр, хийсэн буян нүгэл адилгүй. Гэтэл “Тэр баяжсан юм чинь би ч адил”  гэж зүтгэдэг монгол хүний төрмөл араншинг яалтай. Эерүүлж хэлбэл сайн сайхан, баян тансагт  тэмүүлж буй сүсэгтэн олны итгэлийг бүү хөсөрлүүлээрэй гэж шашны дэлгүүрийн эздээс хүсье. Сүсэгтнүүд таны өгснийг л идээний дээдээр бүтсэн ариун нандин зүйл  гэж итгэнэ. Задлаад үзэх хар муу санаа агуулаагүйнх нь төлөө тэднийг бүү хохироогоорой.

Задалж үзээд ч учрыг мэдэхгүй бол бумба тахих  ёсны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг заавал уншаарай. Энэхүү танилцуулгыг бурханы шашны jod.mn сайтаас авсан болно.

БУМБА ТҮҮНИЙ УТГА УЧИР

Эд зүйлс болон эрдэнэс, рашаан, ус зэргийг агуулан хадгалдаг амсар, хүзүү, ходоод, суурь бүхий эрдэнэсийн савыг Бумба гэнэ. Бумба дотроо олон янз байна. Тухайлбал Намсрай, Гонгор, Замбала, Ногоон Дарь эх, Лусын мөн түүнчлэн Эдийн, Маанийн, Насны, Рашааны, Бүтээлийн, Угаалгын зэрэг олон янз байх бөгөөд эдгээр нь тус бүрдээ өөр өөр утга санаа зорилгыг агуулдаг. Үүнээс эдийн бумбыг дотор нь тусгайлан бэлдсэн зай, зий болон үнэт эрдэнэсийн дээжис мөн олон төрлийн будаа, үнэртэн, үр зэргийг судар номонд заасан ёс горимын дагуу хийж бүтээгээд тусгайлсан уншилагаар равнай үйлдэж бүтээл хийдэг. 

Бумбыг газарт тавих, хир буртаг шороо тоостой орчинд байлгаж болохгүй. Учир нь бумба нь айл гэрийн эд, эдлэл хишиг буяны тэнгэр орших ариун сав гэж үздэг тул нандин байх ёстой.  Бумбыг тахиулснаар орон гэрт буян хишиг өнө удаан тогтож, гарзын үүд хаагдаж, өвчин зовлонгүй, нас буян хийморь лундаа шашин төрийн үйлс дээш дээш дэлгэрч, Тэнгэр, лус хүмүүний идээ ундаа, эд, эдлэл төгс арвижан, энэ хойтын жаргал бүтэх тустай.

НАМСРАЙ БУРХНЫ БУМБА

Намсрай бурхны бумбыг бүтээн залж тахисны ач тус нь аливаа бүхний хишиг буян, эд эдлэлийг хурайлан дуудаж элдэв өлзий бусыг арилган ертөнц дэх түмэн зүйлийн ядуурал хоосролоос бүрэн ангижруулж эд эдлэл хишиг буянаар цаг ямагт тэтгэж байхыг бэлэгдсэн байдаг тул бүтээн залж шүтэх нь нэн тустай.

Үүний бүтээлийн тарни нь Ум Вээ Шарма Наяа Суухай.

Гонгор бурхны бумба

Гонгорын  бумбыг  шүтэхийн ач тус нь есөн ариун хүслээр эрдэм  билэг, нас, хишиг  буяны  үйл зөнгөөрөө  ундран дэлгэрч, ариун цагаан буян бүгдийг хурайлан асгаруулж байхын бэлэгдэлтэй төдийгүй Гонгор бурхны бумбыг бүтээж залсан газар орон, айл өрх бүхэнд үгүйрэл хоосролын үйл бүхэн хаагдаж, үр удам хойч үе бүхэндээ хишиг буян нь өрнөн дэлгэрч, өөдлөн дэвжиж байхын ерөөлтэй бөгөөд гол утга санаа нь хүмүүний үйлдсэн арван цагаан буяныг цаг алгасалгүй үе удам дамжуулан дэлгэрүүлж байх тул үүнийг бүтээн залсны ач тусаар хотлоороо цаглашгүй их буян хишиг хурайлдаг увдистай.

Үүний бүтээлийн тарни нь Ум Гүрү Маха Гала Хара ни Са Сидин За.

ЗАМБАЛА БУРХНЫ БУМБА

Замбала бурхны бумба бүтээн залахын ач тус нь нэн их бөгөөд үүнийг ихэвчлэн ариун цагаан хөдөлмөр, буянтай үйл бүхнийг үйлдэж, ашиг оролого олж байгаа эрхэм хүмүүний мөнгөн сан хөмрөгийг дэлгэрүүлэхэд бүтээн залдаг учиртай. Иймд бусдын тусын тулд ариун үйлс, ажил хөдөлмөр, бизнес эрхэлж буй хэн хүн бүхэн энэхүү Замбала бурхны ариун бумбыг бүтээлгэн ёсчлон тахиваас сайн үйл бүхнээр олсон мөнгө төгрөг нь хурайлан тогтож , бие нас болон  эд эрхтний хүч нь дэлгэрч мөнгөний эзэн Замбала бурхны хайр ивээл адис жинлаваар өнгөжин жавхаажиж өрнөн дэлгэрч, эд мөнгөний гарлагагүй мөнгөн сан хөмрөг нь үржин дэлгэрч байхын увдистай болой.

Үүний бүтээлийн тарни нь Ум Замбала Залин Даяа Суухай.

НОГООН ДАРЬ ЭХИЙН БУМБА

Ногоон  дарь эхийн  бумба нь 21-н ногоон дарь  эх  бурхны  үүднээс бүтээсэн байдаг бөгөөд ихэвчлэн насны буян хишиг тогтоож нас уртасгахыг бэлэгдэн залдаг ба үүнийг насны бумба гэх нь ч бий. Ялангуяа бага насны хүүхнүүдийн өвчин эмгэг, ад зэтгэр зэргийг хаах ба хөгшид, эмэгтэйчүүд, эхчүүдийн насан хутаг дэлгэрч амар амгалан төрөх хийгээд үрийн заяаг тогтоон дэлгэрүүлж, насан бие бататгах үүднээс хурайлан бүтээдэг. Ногоон дарь эхийн бумба залсан газар оронд буяны сэтгэлээр санасан аливаа ажил үйлс зөнгөөрөө бүтэж хишиг буян дэлгэрч амь насан дэлгэрэхийн нигууртай тул ёсчлон тахин шүтвээс нэн зохилтой болой.

Үүний бүтээлийн тарни нь  Ум Дари Дү Дари Дүрэ Суухай.

ЛУСЫН БУМБА

Лусын бумбыг газар орны эзэн лус савдгын үүднээс бүтээл хийж залдаг бөгөөд лусын бумбыг ихэвчлэн догшин газар ус, лус савдгыг аргадах, баясгах зэрээр лус оршсон уул овоо, газар усанд зориулан бүтээнэ. Мөн түүнчлэн шинээр барилга байшин, сүм дугана бүтээх зэрэгт зориулахаас гадна газрын эд баялагыг ашиглаж байгаа үйл бүхэнд зориулан тахихад нэн сайн. Үүнийг байгууллага болон орон гэртээ залваас лусын хорлол хөнөөл үл халдах бөгөөд хишиг буяныг хурайлан дуудна. Газар орны эзэд, лус савдаг тэргүүтэнүүд нь хүний энэ насны ажил үйлс, хишиг буяныг дэлгэрүүлэхэд тусалдаг тул лусын бумбыг шүтэн залсаны ач тус нэн их.

Үүний бүтээлийн тарни нь Дадяата Ум Дата Гада Вага Вана Нага Раза Шара Адис Тиди На Адис Тиди Суухай.

ЭДИЙН БУМБА

Эдийн бумба нь бүтээлийн хувьд дээрх олон төрлийн бурхад болох Намсрай, Гонгор, Замбала, Ногоон дарь эх, Лусын бумба зэргийг бүтээхэд ордог ариун нандин зай, зий, эрдэнэ, амуу, юнгар зэрэг гайхамшигт хольц жорнуудыг нэгтгэн дээрх бурхнуудын бүтээлийг урин залж дүвэлсэн бумбануудыг эдийн бумба гэж нэрлэж байгаа болно. Эдийн бумбыг шүтсэний ач тус нь дээрхи олон төрлийн бурхдын бүтээлийн бумбануудыг бүгдийг нь нэгтгэн шүтсэнтэй агаар нэгэн адил бөгөөд хүмүүний энэ болон хойч үеийн цаглашгүй их хишиг буян, амь нас, эд эдлэлийг дэлгэрүүлэн үгээгүй ядуу хоосны гэмийг арилгаж бүхнийг амирлуулж гарзын үүдийг хааж хишиг буяныг 10 цагаан замаар нь аривжуулан дэлгэрүүлдэг учраас дээдлэн шүтэх нь нэн чухал болой.

Үүний бүтээлийн тарни нь Ум Барма Дүда Арьяа Замбала Чинда Яа Суухай.

БУМБА БҮТЭЭХ

Бумбаны хоосон саванд олон төрлийн зай, төрөл бүрийн бурхны дээж, есөн эрдэнэ, үнэт эдлэлийн дээжис, амттан, олон төрлийн үнэртэн зэргийг нэгтгэн хольж хийгээд битүүмжлэн таглах 5 өнгийн торго даавуу зэргээр хучих 5 өнгийн утсаар асарлан баглах лац, тэмдэг тавьж уншлага, равнай үйлдэхэд бэлэн болсоныг бумба бүтээх гэж нэрлэнэ. 5 өнгийн хучлага нь 5 тансаг идээ 5 махбодийн бэлэгдэл болдог учиртай.

БУМБА РАВНАЙЛАХ

Дээрх олон төрлийн эд зүйлийг нэгтгэн хольсон бумбанд зориулан тусгайлан уншлага уншихыг равнайлах гэж нэрлэж байгаа болно. Равнай гэдэг нь “Машид оршоох” гэсэн утгатай төвд үг бөгөөд бурхадын адис жинлав, шид бүтээлийг бурхадын болон эд зүйлст сайн энерги оршоохыг хэлж байгаа болно.

БУМБА БҮТЭЭХ УНШЛАГА

Бумбаны бүтээлийн уншлага гэдэг нь тухайн бурхадын өмнөөс нэрлэн бүтээсэн бумбануудад зориулан уншлага үйлдэхийг бумбаны бүтээлийн уншлага гэж нэрлэж байгаа болно. Тухайлбал, Намсрай бурхны өмнөөс бүтээсэн бумбанд Намсрай бурхны уншлага, Гонгорын бумбанд Гонгор бурхны, Ногоон дарь эхэд дарь эхийн уншлага, Лусын бумба болон эдийн бумба зэрэгт тухайлсан бурхадыг тахил өргөх уншлага үйлдэх нь бумбаны бүтээлийн уншлага болно.

БУМБАНЫ ТАХИЛГА

Бумбаны тахилга үйлдэхэд хэд хэдэн чухал зүйлүүдийг анхаарах ёстой бөгөөд юун түрүүнд бумбаны тахилгыг үйлдэж байгаа лам хуврагууд тухайн тахилгын хугацаанд мацаг барьж махан хоол идэхгүй байх төдийгүй цагаан хоолоор хооллох тахилгыг хийх ёстой мөн түүнээс гадна бумба тахиулж буй бумбанд эзэд хэд хэдэн чухал зүйлүүдийг мөн анхаарах ёстой ба тухайн залж тахиулах гэж авч ирж буй бумбандаа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж