Оюутны хотхон “баяртай”

Хуучирсан мэдээ: 2017.05.12-нд нийтлэгдсэн

Оюутны хотхон “баяртай”

Гадаадын улс орнуудад ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол Улсын сонгуулийн насны иргэд өнөөдөр УИХ-ын сонгуульд саналаа өгч байна.

Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, авто машины түгжрэлийг бууруулах зорилгоор 2011 онд Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах шийдвэр гарч байсан ч буцаах тухай хөндөж эхэллээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тайлбараар төрийн өмчит Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль/ШУТИС/, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль /АШУҮИС/, Монгол Улсын Их Сургууль/МУИС/-ийг шинжлэх ухааны төвөөс нь алсад шилжүүлэх боломжгүй аж.

Мөн АШУҮИС-ийн харьяа Монголын анхны сургалтын эмнэлэг баригдаж эхэлсэн. Сургалтын эмнэлгийн дэргэд их сургууль баригдана. Цогцолбор барилга 2018 онд ашиглалтад орно. Байршил нь Улаанбаатар хотод Ботаникийн цэцэрлэг орчимд юм байна.

Улс бүрийн анагаахын их сургууль нь дэргэдээ сургалтын эмнэлэгтэй, оюутнууд нь дадлага, сургалтаа хийж мэргэшдэг бол Монголд энэ тогтолцоо хэдэн арван жилээр хоцрогдож явсныг Ч.Сайханбилэгийн Засгийн газар Япон улсын Засгийн газарт асуудлыг тавьснаар шийдэл олсон нь энэ аж. Төслийн нийт өртөг 130 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

Тэгвэл МУИС-ийн II байрны баруун талд 2014 оноос эхлэн долоон давхар номын сангийн байр барьж эхэлсэн нь энэ жил ашиглалтад орох бололцоотой болжээ.

Тус номын сан нь уншлагын долоон танхимтайгаас гадна олон улсын стандартад нийцсэнээрээ онцлог аж.

Харин ШУТИС нь үйлдвэрлэлээсээ, лабораториосоо алсад Багануур дүүрэг рүү нүүх бололцоо хомс. Нэг үгээр илэрхийлбэл, дээрх гурван сургууль нь хөгжлийн өнөөгийн төвшинд хүрэхэд 70 гаруй жилийг туулсан.  Энэ хугацаанд олон тэрбумын хөрөнгө оруулалт хийж, чадлынхаа хэрээр сууриа бий болгосон, нүүлгэн шилжүүлж өөр газарт барихад асар их хөрөнгө, цаг хугацаа шаардаж, тэр хэрээр сургалтын чанарт сөрөг үр дагавар дагуулж болзошгүй учраас оюутны хотхон байгуулах 2011 оны Засгийн газрын шийдвэрийг эргэж харах асуудлыг сөхөж тавина гэдгээ салбарын сайд нь тодотгоод байна.

Хэрвээ энэ саналыг Ж.Эрдэнэбатын танхим дэмжвэл С.Батболдын Засгийн газрын танхимаас гарсан шийдвэр хэрэгжих бололцоогүй болно.

6 ЖИЛ БОЛОХОД АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 10 ХУВЬТАЙ

Засгийн газрын 2011 оны 367 дугаар тогтоолоор их сургуулиудын нэгдсэн хотхоныг Багануур дүүргийн дөрөв, тавдугаар хорооны нутаг дэвсгэр болох Хүрмэнтийн хөндийд байгуулахаар болсон юм. Нийт 10 мянган га газрыг хамруулан хотхоны байр зүйн зураглал, инженер, геологийн болон археологи, палентлогийн судалгаанууд хийсэн ч байршлыг өөрчлөх шаардлагатай болжээ. Улмаар Хэрлэн голоос 2 км зайд тохиромжтой гэж үзсэн аж.

Удалгүй 2012 оны УИХ-ын сонгууль залгаж, энэ хооронд тус дүүрэгт нэр дэвшигчид нь Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулагдсанаар нийслэлээс дутахгүй хөгжилд хүрнэ гэж “шоудсан”-аас өөрөөр гарт баригдаж, нүдэнд харагдах зүйл баригдаагүй аж.

Харин сургаар нь газрын үнэ нэг хэсэгтээ өндөр авч, үнэ хүрсэн ч буцаад буурчээ.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан ажилдаа орсон ч Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах өмнөх Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгосонгүй, гэхдээ МУИС-ийн харьяанд шинэ номын сан байгуулах шийдвэрийг нь дэмжжээ.

Шийдлийн Засгийн газар байгуулагдсаны дараа АШУҮИС-ийг Ботаникийн цэцэрлэгт орчимд цогцолбороор шинээр бий болгох шийдэл гаргасан байна. 

Харин Мэргэжлийн Засгийн газар УИХ-аар 2016-2020 оны мөрийн хөтөлбөрөө батлуулахдаа оюутны хотхон байгуулах асуудлыг тусгаж, энэ хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Барилга хот байгуулалтын сайд, хотын дарга гурав хамтарсан гэрээ байгуулж, Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг хийлгэжээ. Мөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний цахилгаан, дулааны хангамжийн зураг боловсруулах ажил хийгдсэн юм байна. Гэсэн ч оюутны хотхон байгуулах ажлын гүйцэтгэл 10 хувьтай. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоол гарснаас хойших зургаан жилийн хугацаанд ажлын гүйцэтгэл ердөө 10 хувьтай гэж хэлж болох аж.

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны ажлын гүйцэтгэлийг хойш чангааж, муу дүн тавиулахад хүргэж байгаа ажил нь оюутны хотхон болжээ.

Өнгөрсөн хугацаанд ажил зогссон нь шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт суулгаж өгч чадаагүйн зэрэгцээ асар их хөрөнгө мөнгө шаардах болж буй нь үндсэндээ “Мянгуужингийн үлгэр” болж хувирахад хүрсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж