Чөлөөт бөх: Дэлхийн бөхийн холбооноос маргааш хариу ирнэ

Хуучирсан мэдээ: 2017.04.17-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөх: Дэлхийн бөхийн холбооноос маргааш хариу ирнэ

Францын Парис хотноо талбайн теннисний оны хоёрдахь “Их дуулга” болох ”Ролланд Гаррос” буюу Францын нээлттэй тэмцээн тавдугаар сарын 27-нд эхэлсэн билээ.

Монголын чөлөөт бөхийн тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болох нөхцөл байдал үүссэн талаар Чөлөөт бөхийн холбоо өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

Азийн аваргад оролцох тамирчдын мэдүүлгийг хүлээн авах хугацаа дөрөвдүгээр 10-нд дуусч, энэ өдөрт багтаан Монголын баг нэрсээ мэдүүлээгүй тул Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос тэмцээнд оролцуулах боломжгүйг анхааруулжээ.

Азийн аваргад оролцохгүй бол Дэлхийн аваргад өрсөлдөх нөхцөл үүсэхгүй. Тив, дэлхийн аваргыг өнжих асуудал тохиолдвол тамирчин, дасгалжуулагчдын хувьд ч, Монголын чөлөөт бөхийн нэр хүнд, түүхэнд ч бараан түүх болно.

Чөлөөт бөхийн холбоо үүссэн нөхцөл байдалд “Монголын чөлөөт бөхийн холбоо шигшээ багийн нэгдсэн цугларалтад гараагүй, тусдаа бэлтгэл хийж буй тамирчдын дасгалжуулагчдад тамирчдаа нэгдсэн бэлтгэлд гаргаж, Азийн АШТ-ий мэдүүлэгт нэрийг нь оруулахыг удаа дараа анхааруулж, мэдэгдсэн болно. Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Үндэсний шигшээ багийн алба, Монголын Чөлөөт бөхийн холбоо тусдаа бэлтгэлд гарсан тамирчдын дасгалжуулагч нартай уулзаж, шигшээ багт тамирчдаа хамруулж, нэгдсэн бэлтгэл цугларалтад нь гаргаж, Азийн АШТ-ий мэдүүлэгт нэрсийг нь оруулахыг дахин албан ёсоор шаардсан. Гэвч тус тамирчид, дасгалжуулагчид шаардлагыг хүлээн авалгүй байсаар энэ сарын 13-ны өдөр шигшээ багийн бэлтгэлд ирж, нэрсээ оруулсан. Үүнээс болж Азийн АШТ-ий мэдүүлгийг дөрөвдүгээр сарын 13-нд явуулсан ч Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо “Athena” системд бүртгэх боломжгүйг мэдэгдээд байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Монголын чөлөөт бөхийн холбоо Дэлхийн бөхийн нэгдсэн холбоотой холбогдон, асуудлыг нааштайгаар шийдэхийн төлөө ажиллаж байна” гэсэн мэдэгдэл хийгээд байна.

Холбооны зүгээс тавьсан хүсэлтийн хариу маргааш ирэх гэнэ. Энэ хариу нааштай бол баг тамирчид Энэтхэгийн Дели хотноо тавдугаар сарын 10-14-нд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Үгүй бол өнжинө. Ийм нөхцөлд орчихсон, хүлээлтийн байдалд байна.

Шинээр байгуулагдсан шигшээ багийнхан олимпийн дараах анхны Азийн аваргын бэлтгэлээ хийхээр гуравдугаар сарын 20-ноос “Охидын академи” болон “Хасу эко” цогцолборт хоёр хуваагдан гарчээ. Энэхүү цугларалтад гарах ёстой “Чөлөөт бөхийн үндэсний академи”-ийн зарим тамирчид өөрсдийн багш нар дээр бэлтгэл хийж байгаад дөрөвдүгээр сарын 12-ноос очжээ. Энэ хугацаанд тамирчин, дасгалжуулагч, багш нар Азийн аваргад оролцох тамирчдын нэрс дээр үндсэндээ тохирчээ.

О.Пүрэвбаатар, Б.Баяраа, Л.Энхбаяр нар дасгалжуулагчдын удирдаж буй “Чөлөөт бөхийн үндэсний академи” дээр  С. Батболд /57 кг/, Э.Ням-Очир /61 кг/, Н.Лхамгармаа /65 кг/, Г.Мандахнаран /70 кг/, О.Үйтүмэн /86 кг/ нарын энэ жилийн улсын аваргад түрүүлсэн эрэгтэйчүүд харьяалагдаж байгаа. Улсын аваргад алтан медаль хүртсэн тамирчинд тив, дэлхийн аваргад оролцох давуу эрх үүсдэг бөгөөд багш, дасгалжуулагчид ярилцаж, зөвлөн тамирчдыг сонгох жишиг бий. Тийм ч учраас Г.Мандахнаран /70 кг/, С.Ням-Очир /61 кг/ нар Азийн аваргыг өнжиж, оронд нь мөнгөн медаль хүртсэн “Арслан” клубын Д.Хатанбаатар /70 кг/, Т.Тулга /61 кг/ нарыг явуулахаар холбоо болон багш нар үндсэндээ тохирчээ. Гэтэл яагаад тамирчдын нэрсийг дөрөвдүгээр сарын 10-нд багтааж явуулж болсонгүй вэ?

Энэ тухайд шигшээ багийн болон Үндэсний академийн багш нараас аль алиных нь тайлбарыг сонслоо.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга “Шигшээ багийн тамирчид өөрсдийн багш, клуб дээр бэлтгэлд хамрагдахыг зөвшөөрдөг. Гэхдээ жилд хоёр удаа буюу Ази, Дэлхийн аваргын өмнөх нэгдсэн цугларалтад бол Үндэсний шигшээ багийн тамирчин заавал байх ёстой. Энэ нь нийтдээ 90 орчим хоног болно. Бусад 200 гаруй хоногт өөрсдийн үндсэн багш, клуб дээрээ бэлтгэлээ хийж болно. Энэ удаа Азийн аваргад оролцох давуу эрхтэй тамирчид шигшээ багийн бэлтгэлд хоцорч ирсэн. Шигшээ багийн дүрэм, журмаа дагах хэрэгтэй. Тамирчдын нэрсийн тухайд зөвлөлдөж ойлголцох гэсээр хугацаа алдсан. Өмнөх буюу урьдчилсан мэдүүлэг товлосон хугацаанд /Гуравдугаар сард/ журмын дагуу явсан” гэв.

Харин Үндэсний академийн дасгалжуулагч О.Пүрэвбаатар “Нэр явуулах нь холбооны ажил. Тамирчдын нэрсийн талаар эхлээд дасгалжуулагчидтай ярилцсан зүйлгүй, тамирчидтай л харьцаж байсан. Гэхдээ бид үүрэг гээд зарим тамирчдаа Шигшээ багийн цугларалт руу очуулсан. Тамирчдаа албаар явуулахгүй байсан юм шигээр ойлголт төрүүлж болохгүй. Академи дээрх төлөвлөгөөт бэлтгэлээ дуусгаад очъё гэсэн хэдэн өдрийн наад, цаадах асуудал байсан. Юу нь болохгүй байгаа юм бэ. Бүгд л өөрсдийн клуб дээр, багш нар дээрээ бэлтгэлээ хийж л байгаа шүү дээ. Ирж, очоод ажиллаж л ирсэн. Өөр олон клуб дээр ийм байдал байгаа. Тэд нарыг яагаад ярихгүй, заавал академийн хэдэн багш, тамирчдыг хамааруулж яриад байгааг гайхаж байна. Би шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан. Бусад багш нартайгаа ойлголцож, ажиллаад, болоод л ирсэн. Багш нарыг шигшээ багийн нэгдсэн цугларалт, бэлтгэл дээр ирж, тэдэн минутад нь өөрийнхөө шавьтай ажилла гэх мэтчилэн боломж олгоод явдаг л байсан” гэсэн байр суурьтай байна.

Хэдийгээр Азийн аваргын бүртгэлтэй холбоотой энэ удаагийн тохиолдол дээр багш, дасгалжуулагч, холбоод хамтран үлдсэн боломж, нөхцөлийг судлан ажиллаж байгаа ч чөлөөт бөхийн хүрээлэлд үүссэн үл ойлголцол ээдрээтэй байдал дунд үргэлжилсээр байна.

Ерөнхийлөгч ажлаа журам ёсоор хүлээлгэж өгөөгүй, шударгаар сонгогдоогүй, гишүүдийн Их хурлаа хоёр ч олимпийн циклд хийгээгүй, хуурамч гарын үсэг, хуурамч виз, тамирчдын сахилга бат гээд бөөн бөөн дуулиан дунд энэ холбоо сүүлийн хэдэн жил явж ирлээ. Одоо сүүлдээ, арай дэндүү ах захгүй, эв түнжингүй, итгэлгүй болж дуусч байна. Тамирчин, дасгалжуулагч, холбоо гурвыг тойрсон ээдрээтэй асуулт нэмэгдсээр байх боллоо.

Үндэсний шигшээ баг тангараг өргөөд удаагүй байхад чөлөөт бөхийн Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд, шилдэг тамирчин П.Орхон нар өөрсдийн үндсэн багш Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр нарын удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийх хүсэлт гаргасан. Энэ тал дээр Биеийн тамир, спортын газар, Чөлөөт бөхийн холбоо аль аль нь эцэслэн хариу өгөөгүй байна. Энэ бас л ээдрээтэй асуудал.

С.Цэрэнчимэд, П.Орхон нар ирэх олимпод гол найдлага тавих тамирчид. Рио-2016 олимпийн наадмын дараа Ц.Цогтбаярын дасгалжуулах эрхийг хязгаарласан учир одоо “Алдар” спорт хороонд ажиллаж байгаа. Магадгүй, энэ нөхцөл байдал тамирчдад нөлөөлснийг үгүйсгэх аргагүй. Хэрэв, Шигшээ багийн алба “Заавал шигшээ баг дээр бэлтгэлээ хий. Үгүй бол шигшээгээс гарч болно” гэсэн хариулт өгвөл яах вэ?

Нөгөөтэйгүүр, тамирчин болгон “Би өөрийнхөө багштай бэлтгэл хийнэ” гэж хүсэл, бодлоо илэрхийлээд байвал Үндэсний шигшээ багийн багш нар ажлаа яаж явуулах хэрэг вэ?

2015 оны Азийн аваргад оролцохоор явсан чөлөөт бөхийн тамирчид визний асуудлаас болж хил дээрээс буцаж, багш нар нь тэдний өмнөөс дэвжээнд гарч байлаа. Бэлээхэн сургамж, алдаа, бүтэлгүй жишээ байсаар атал өнөөдөр дахиад ийм хэмжээнд хүрчихээд сууж байгаа нь харамсалтай санагдаж байна. Өөр ямар алдаа тэдэнд дутсан гэж?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж