Талийгаач гранат дээр хэвтэж, бусдыгаа хамгаалжээ

Хуучирсан мэдээ: 2017.04.18-нд нийтлэгдсэн

Талийгаач гранат дээр хэвтэж, бусдыгаа хамгаалжээ

Баасан гаригийн шөнө нээлтээ хийсэн “Евро-2012” тэмцээний эхний дуулианы эзэд Данийн шигшээ баг боллоо.

Өнөөдрөөс яг долоо хоногийн өмнө /2017.04.11/ Улаанбаатараас 55 км-ын зайд байрлах “Тавантолгой” цэргийн сургалтын нэгдсэн төвд гранат дэлбэрч, энхийг сахиулах ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцоод ирсэн ЗХЖШ-ын 350 дугаар ангийн найман цэрэг гэмтэж, хоёр ахлагч нас барсан осол гарсан билээ. Осол ар гэрийнхэнд нь хэрхэн хүнд туссаныг энд бичихэд бэрх.

Тэсэрч буй гранат дээр цээжээрээ хэвтэн, өөрийнхөө амийг золиослож, бусдыгаа аварсан, ахмад Б.Мөнгөншагайг өчигдөр /2017.04.17/ сүүлчийн замд нь үдлээ. 

Талийгаач Төв аймгийн Баян сумынх. Аав, ээж нь одоо ч тэнд амьдардаг. Тиймээс ар гэрийнхэн нь талийгаачийг төрсөн нутагт нь нутаглуулжээ. “НЬЮС” агентлагийн сурвалжлах баг Баян сумыг зорьж, талийгаачийн гэр бүлийнхэнтэй уулзлаа.

Төв аймгийн Баян сум. 2017.04.17

Талийгаачийн аавыг Батсуурь гэдэг. Аав, ээж нь хоёулаа Баян сумын ерөнхий боловсролын сургуульд багшилдаг аж. ‘Батсуурь багшийнх хаана вэ?’ гэж зам дагуу алхаж буй хижээл насны эрэгтэйгээс сураглахад андахгүй зааж өглөө.

Хашааны үүдэнд олон машин зогссоноос харахад талийгаачийн аавынх хөл ихтэй харагдана. Арга ч үгүй биз дээ. Ногоон дээлтэй, дундаж биетэй, нүдэнд нь гуниг хурсан эрэгтэй гэртээ орохыг зөршөөрлөө. Хэл чимээгүй ирсэндээ хүлцэл өчөөд, дотогш оров.  

“Та энийг хагалдаа” хэмээн тоглоом барин гүйх бүлтгэр нүдтэй, сэргэлэн хүү хамгийн түрүүнд нүдэнд туслаа. Аавыгаа үүрд алдсанаа мэдээгүй яваа бяцхан жаал талийгаачийн хүү аж. Хүү зургаан настай.

Төд удалгүй талийгаачийн нагац ах Д.Гунгаабаяр бидэнтэй уулзахыг зөвшөөрч, гаднаас орж ирснээр ярилцлагаа эхлүүллээ.

Талийгаачийн гэрийн гадаа. 2017.04.17


“ДҮҮГ МИНЬ ОРШУУЛААД БИТГИЙ ОРХИОСОЙ ГЭЖ ХҮСЧ БАЙНА”
 

-Ийм харамсалтай явдлын дараа та бүхэнтэй уулзах хэн хэнд маань хүнд байгаа. Бидний ажлыг зөвөөр ойлгож, ярилцахыг зөвшөөрсөнд баярлалаа.  Болсон үйл явдлыг та яг хэзээ мэдсэн бэ?

-Би Англид ажиллаж, амьдардаг юм. “Монголд ийм юм болжээ” гэж эхнэр над руу өнгөрсөн лхагва гариг /2017.04.12/-ийн орой ярьсан.  Ах нь үүнийг сонсоод шууд наашаа ирлээ.  Эгчийнхээ ганц хүүг өнөөдөр /2017.04.17/ сүүлчийн замд нь үдээд сууж байна. Миний дүү их нийтэч, тиймдээ ч олонтай явсан хүн байсан даа.

-Талийгаачийн ээжийн биеийн байдал сайнгүй байгаа гэсэн?

-Нэг жилийн өмнө харвасан юм. Тийм үедээ хүүгээ алдсанаа сонсоод яаж сайн байхав дээ. Хэвтэрт ороод удсан. Бүдэг бадаг л ярьж байна.

-2009 оноос хойш цэргийн байгууллагад ажиллаж эхэлсэн гэж сонслоо?

-Дүү минь Төв аймгийн Баян суманд наймдугаар анги хүртлээ сураад, Багахангай руу шилжсэн юм. Тэндээ ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж, Батлан хамгаалахын их сургуульд элссэн. Ингээд 2009 онд сургуулиа төгсөөд, анх Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын 013 дугаар ангид Салаан захирагчаар томилогдож, ажлын гараагаа эхэлсэн. Сүүлд хоёр жилийн өмнө Налайх дахь 350 дугаар анги руу шилжсэн.

-Туршлагатай, энхийг сахиулагч, мэргэн буудагч байсан гэж хамт олон нь ярьсан байсан?

-Тийм ээ.  Зэвсгийн офицер хүн. Хоёр ч удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн. Хариуцсан салаагаараа энхийг сахиулах ажиллагаанаас хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авч байсан гэнэ.

-Сая Тавантолгойн сургуулилт дээр ч салаагаа удирдаж байсан уу?

-Тэгсэн.

-Талийгаачийн эхнэрийг давхар биетэй гэж сонслоо?

-Тийм. Ирэх аравдугаар сард төрөх байх. Хүүхэд нь сая энд гүйж явсан хүү. Одоо зургаан настай. Сургуулийн бэлтгэл ангид явдаг юм. Саяхандаа талийгаач ‘Хүүгээ хоёр дахь жилдээ хичээлд нь хүргэж өглөө’ гээд, хүүтэйгээ авахуулсан зургаа фэйсбүүкт оруулсан харагдсан. Бэрийг минь их хэцүү амьдрал хүлээж байна. Бага насны хүүхэдтэй, дээрээс нь бие давхар гэж бодохоор маш их санаа зовж байна. 

Батлан хамгаалахын яамнаас 10 жилийн цалинтай нь тэнцэхүйц  хэмжээний тэтгэмж олгоно гэж мэдэгдсэн. Ар гэрийнхнийх нь үгийг хэр сонсч, уулзсан уу?

-Тэр бол түр зуурын, нэг удаагийн тусламж, сэтгэл шүү дээ. Хүн өөрөө эрүүл саруул, амьд мэнд байсан бол хоёр хүүхдээ хүний дайтай өсгөж, хүмүүжүүлнэ. Амьдралыг мөнгөөр хэмжих хэцүү. Одоохондоо яахав, албан газар, яам, удирдлагууд нь бидний сонсч л байна. Энэ долоо хоногт ЗХЖШ-ын дарга Д.Даваа гэж хүн биднийг хүлээн авч уулзах юм гэсэн. Яг хэзээ гэдэг нь одоо тодорхой биш байна. Дүүг минь оршуулаад, битгий орхичихоосой гэж бодогдож байна. Би Ж.Бадамбазар хошууч генералд хэлсэн. “Ард нь үлдэж байгаа хүмүүсийн амьдралыг бодоорой. Тэжээгчээ алдсан хоёр хүүхэд, эхнэрийнх нь амьдралын баталгааг гаргаж өгөөрэй. Хэргийг үнэн зөв шалгаж, шийдээрэй. Энэ л одоо чухал байна” гэж.

Зарим эх сурвалж талийгаачийг бусад цэргүүдийнхээ амь насыг хамгаалж, өөрөө дэлбэрч буй гранат дээр хэвтсэн гэж мэдээлжээ. Энэ үнэн үү?

-Хэвлэлүүд янз бүрээр л бичиж байна. Зарим нь ч ортой зүйлүүд байдаг байх. Хэргийг шалгаж дуусаагүй байгаа. Эцсийн дүгнэлт гараагүй болохоор яг юу болсныг мэдэхгүй байна. Бид нүдээрээ хараагүй, үзээгүй шүү дээ. Дам яриагаар бол нэг цэрэг нь алдаа гаргаж, гранатыг газар унагахад, дүү маань бусдыгаа хамгаалах оролдлого хийсэн юм шиг байгаа юм.

Хэрэгт Төв аймгийн цагдаагийн газар эрүү үүсгэн, шалгаж байгаа. БХЯ, ЗХЖШ-аас та бүхэнд албан ёсны тайлбар хийгээгүй байгаа юм уу?

-Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга Ж.Бадамбазар нар ирж, эмгэнэл илэрхийлээд, ажил явдалд оролцлоо. Ж.Бадамбазар генерал бидэнд ‘Талийгаач бусдыгаа хамгаалах гэж байгаад өөрөө эрсэдсэн байсан’ гэдгийг хэлсэн. Өнөөдөр оршуулах ёслолд хүндэт харуулууд жагсч, үлээвэр найрал хөгжмийнхөн ирж, гашуудлын хөгжим тоглосон. Газар дээр нь очиж, ёслолын буудлага хийлээ. Цэргийн ийм ёс байдаг юм байна. Хамт олон, найзууд нь гээд их олон хүн ирээд явлаа.

-Ар гэрийнхэн нь хавтаст хэрэгтэй танилцсан уу?

-Хавтаст хэргийг одоогоор нарийн хараагүй байна. Таамаг төдий мэдээлэлтэй л сууж байна. Энэ долоо хоногоос сайн танилцаарай гэж Ж.Бадамбазар хошууч генерал хэлсэн. 

-Талийгаач багаасаа цэргийн хүн болно гэдэг байсан уу? Та хэр ойр өссөн бэ?

-Энэ хашаанд хамт тоглож өссөн. Эхээс гурвуулаа, хоёр эгчтэй, айлын бага, ганц эрэгтэй нь байсан. Бурхан хүний сайныг нь эхлээд аваад явдаг юм байна. Ээж нь буюу манай эгч айлын ганц охин. Манай хамгийн том ах цэргийн хүн. Түүнийг л дагасан юм болов уу даа.

-Аав, ээж нь бол хоёулаа багш юм байна?

-Аав нь хөгжмийн багш, ээж нь хөдөлмөрийн багш. Хоёулаа л Баян сумандаа насаараа ажиллаж байгаа хүмүүс. Ээж нь сүүлд тушаал дэвшиж, сургалтын менежерээр ажиллаж байсан юм. Талийгаач айлын ганц эрэгтэй нь болохоор ар гэрээ авч явдаг, бүх ажил, асуудлыг нугалдаг хүүхэд байсан.

-Гүн эмгэнэл илэрхийлье. Ярилцсанд баярлалаа.

Зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж