”Ялалтын төлөө урагш тэмүүлнэ”

Хуучирсан мэдээ: 2017.05.12-нд нийтлэгдсэн

”Ялалтын төлөө урагш тэмүүлнэ”

Улс төр, сонгуулиар амьсгалсан энэ өдрүүдэд үндэсний бөхчүүд баяр наадмын бэлтгэлдээ гарч эхэлжээ.

Уран барималч А.Очирболдын “Ялалтад тэмүүлсэн морьд”

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины урилгаар 2015 оны тавдугаар  сард тус улсад айлчлахдаа “Ялалтад тэмүүлсэн морьд”-ын хөшөөг анх гардуулж өгсөн байдаг. Тэгвэл энэхүү хөшөөг Аугаа Эх орны дайны Ялалтын 72 жилийн ойн өмнөхөн /2017.05.05/ Москва хотын Хүндэтгэлийн дэнжид хүндэтгэлтэйгээр байрлуулсан билээ.

Ийнхүү “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг урласан уран барималч Аюурзанын Очирболдтой ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр өмнө нь “Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг алдартай баримлуудыг бүтээсэн байсан авьяаслаг залуу уран бүтээлч билээ.

Уран барималч А.Очирболд, гэрэл зургийг Н.Батмөнх /2017.05.11/

-Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойд зориулан бүтээсэн Монголын ард түмний бэлэг болох “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлт саяхан /2017.05.05/ Москва хотноо боллоо. Таны сэтгэл догдолсон уу?

-Би аль өнгөрсөн жил энэ хөшөөг Хүндэтгэлийн дэнж дээр байрлуулна гэж мэдсэн. Тийм болохоор сэтгэл хөдлөл харьцангуй бага байлаа. Харин би “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлтийн үеэр ажилтай байсан учраас Москвад очиж чадсангүй. Гэхдээ хэвлэл мэдээллээр хөшөөний нээлтийн ёслолыг үзсэн. Ер нь л бүх зүйл нь тохирчихсон их сайхан болсон байна лээ. Миний хувьд их баяртай байгаа.

-“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг хийх санаачилгыг анх иргэн Б.Ганбаяр гаргасан гэж дуулсан. Та энэхүү түүхэн хөшөөг бүтээх саналыг анх хэрхэн хүлээж авсан бэ?

-Энэ хөшөөг хийх санаачилгыг анх “Монгол Глобал” компанийн захирал Б.Ганбаяр гаргасан. Тэгээд л 2015 онд хөшөөний талаар ярилцаад л цагаан сарын дараагаар хийж эхэлсэн. Тэр ондоо Москва хот руу ачаад л Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яам очсон доо.

Нэг талаасаа маш сайхан үйл явдал болж байна. Юу гэхээр Москва хотноо монгол морины хөшөөг байршуулан манай ард түмний тусыг үргэлж санаж байгаа нь сайхан. Энэ сайхан сэтгэл хэдэн мянган жилдээ түүх болж үлдэнэ. Хөшөөний маань суурь цул боржин чулуу юм билээ. Хөшөөг хүрлээр хийсэн. Хүн очоод сүйтгээд хаячихгүй л бол энэ хөшөө маань мянга мянган жил байж л байна.

-Дэлхийн II дайны үеэр Монголын ард түмэн Зөвлөлтийн улаан армид 500 мянга гаруй агт морь бэлэглэсэн. Мөн 1943 онд гэхэд фронтод хөлөглөж байсан таван морь тутмын нэг нь монгол морьд байсан гэдэг. Энэ хөшөөг хийх санаа хэрхэн төрөв?

-Дэлхийн хоёрдугаар дайнд манай ард түмэн морь малаас гадна хувцас хунар, хоол хүнсээр хүртэл тусалсан байдаг шүү дээ. Монголчууд бид мориндоо их хайртай хүмүүс. Би ч багаасаа морь, мал дээр өссөн хүүхэд. Тийм учраас надад бэрхшээлтэй зүйл гараагүй ээ. Нэг ёсондоо миний чаддаг л ажил л даа.

Багадаа зуны амралтаараа өвөөгийндөө хөдөө очиж амарна. Хөдөө морь мал шаварт шигдчихнэ. Малаа шавраас татаж гаргах гэж тэрүүгээр нэг ажил болдог байлаа. Шавраас татаж гаргасан морь шавар болчихсон, хөл нь сульдчихсан байдаг. Тэр л дүр зураг надад хамгийн түрүүнд орж ирсэн. Мэдээж энэ их хүнд зэвсгийг чирч яваа морьд их ядарна. Тэр утгаараа өлбийгөөд зогсож буй мэт хүчин мөхөсдсөн ч тэмцээд л урагш тэмүүлж байгаа төсөөллөөр “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг хийсэн.

-Хөшөөг байрлуулах Хүндэтгэлийн дэнж нь оросуудын бүх нийтээр хүндлэн дээдэлдэг ариун дагшин газар. Та Хүндэтгэлийн дэнж дээр очиж үзсэн үү?

-Тэнд очиж үзээгүй.

-Ялалтын баярын бэлэг болох “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг хоёр жилийн дараа Хүндэтгэлийн дэнж дэх цэцэрлэгт хүрээлэнд хүндэтгэлтэйгээр байрлууллаа. Энэ хугацаанд морьт хөшөө маань  Москва дахь Монголын Элчин сайдын яамны хашаанд хоёр жил болсон гэсэн үү?

-Монголын ард түмэн ОХУ-ын ахан дүүстээ ялалтын 70 жилийн ойд зориулж уг хөшөөг бэлэглэсэн. Мэдээж бэлгэнд өгсөн хөшөөг шууд байрлуулчихна гэж байхгүй шүү дээ. Хөшөөг хаана байрлуулах вэ гэдгээ ярилцана, хотын архитектурын газраа хүлээлгэн өгч, тогтоол гаргана, мөнгө санхүүгээ шийднэ, хөшөөний суурийг хийнэ гээд олон асуудлыг шийднэ. Харин ч Оросын талаас энэ асуудлыг нэг жилийн дотор маш хурдан шийдэж өгсөн. Ер нь ийм хөшөө дурсгалыг байршуулахад таван жилдээ багтаан шийддэг тохиолдол ч байдаг гэсэн. Харин ч монголын ард түмний бэлгийг талархан хүлээн авч, маш хурдан байршуулсан. Хөшөөний суурийг хийхдээ цул боржин чулууг хөрөөдөж, өнгөлж маш сайхан хийсэн байна лээ. Монголд цул боржин чулуун суурийг өнгөлсөн уран баримал ховор шүү дээ. Хөшөөний суурийн төсөв бараг хөшөөнөөсөө ч өндөр өртөг болсон байх.

-Түүхэн хөшөөг ямар материалаар хэрхэн бүтээсэн талаар танилцуулаач?

-“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөө нь 11 метр урт, гурван метр өргөн, 2.40 метр өндөртэй. Нийт долоон тонн жинтэй, 1000 жилийн баталгаатай юм. Одоо цул боржин чулуун суурь хийгээд дөрвөн метр өндөртэй болсон байх. Хөшөө нь ган краказтай бөгөөд хүрлээр хийсэн байгаа.

“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлт Москва хотноо /2017.05.05/ болсон.

-Морин тойруулгын гадаа сүндэрлэх аварга том азарганы ‘Улаан хуй’ хөшөөг хүн бүр мэднэ. Тэр хөшөөг яагаад тэнд байрлуулах болсон бэ?

-Би тэр хөшөөг байршуулсан газрыг сонгоогүй. Тэр морь бол хамгаалагч. Ер нь морь муу зүйлээс хамгаалдаг шүү дээ. Монголчуудын шүтээн, төрийн сүлдэнд хүртэл морийг дүрсэлсэн байдаг. Энэ бол сахиусны унаа хөлөг. Магадгүй сахиусаа ч морь нь хамгаалдаг юм бил үү. Тэр морь бол эргэж харж байгаа нь магадгүй чоно дайрах гээд байгаа ч юм шиг. Сүргээ хамгаалж байгаа азарга ч юм уу гэлтэй. Азарга ямар сүрлэг амьтан билээ. Дэл нь яг л гал мэт дүрэлзээд л. Дэлхий дээр азарга шиг дэлтэй амьтан байхгүй. Ер нь “Улаан хуй” хөшөөг бурханлаг, сахиусны шинжтэйгээр бүтээсэн юм.

Миний хувьд дандаа морь хийгээд байдаггүй. Би европын үзэсгэлэнгүүдэд мориноос өөр бүтээлээр оролцдог. Монголд яалт ч үгүй морь хийгээд л байна. Сайхан морь хийлгүй л яах вэ. Тэгэхдээ фото зураг шиг морь хийх шаардлагагүй гэдгийг л ойлгуулахыг хүссэн. Би монголд нэг том морь, саяхан Москвад нэг морины хөшөө хийхээр л хүмүүс морь хийдэг гэж ойлгоод байж магадгүй.

-Уран баримлын хэлбэр бүтээлийн агуулгад хэрхэн нөлөөлдөг вэ. Таны хувьд анхны бие даасан үзэсгэлэнгээ 2013 онд гаргаж, “Өнгөгүй өнгө” нэртэйгээр ган баримлын ажлуудаа сонирхуулсан шүү дээ?

-Уран баримлыг шавраар хийж хэв аваад, түүнийгээ гангаар, төмрөөр, хөнгөн цагаанаар хийх үү гэдгээ сонгодог. Тиймээс материалдаа тохируулж, бүтээлээ эхлээд хийдэг. Жишээ нь, гангаар хийхийн тулд ихэвчлэн тэгшхэн гадаргатай уран бүтээл хийдэг. Харин реалист чиглэлийн уран бүтээлийг гангаар хийх нь тохиромжгүй байдаг. Би Төмрийн үртэс, чулуу, даавуу, шавар гээд бараг бүхий л төрлийн материалыг бүтээлдээ ашигладаг.

-Та 2015 онд болсон “Норт-Арт Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн”-д оролцож, “Хүн дэлхийд жин нэмээгүй” бүтээлээрээ үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн. Энэ жил ч бас олон улсын томоохон үзэсгэлэнд “хүч үзэх” үү?

-Олон улсын уран бүтээлчдийн үзэсгэлэнд оролцох урилга ирж байгаа. Би өөрөө ч олон улсын үзэсгэлэнд бүтээлээ явуулна. Эхнээсээ илгээсэн бүтээлүүд маань тэнцэж байна. Одоо зургадугаар сараас эхний олон улсын үзэсгэлэнгүүд маань дэлгэгдэж эхэлнэ дээ. Тэд нүүхээ больсон. Бид нүүж байгаа учраас монгол уран бүтээлчийн бүтээл илүү сонин харагддаг байх.

Уран барималч, зураач мэргэжил орчин цагт арай өөр болсон. Жишээ нь, би видео арт, инстоляци гэх мэт орчин үеийн урлагийн бүтээл хийж байна. Би уран баримлын мэргэжлээр төгссөн ч яг уран баримлаа хийхгүй байгаа. Уран бүтээлч хүн хамгийн гол нь үргэлж шинийг эрэлхийлж байх ёстой. Тэгэхгүй хүний хөрөг, морь хийгээд л яваад байж болохгүй. Хорвоо ертөнцөд бас нэгэн шинэ бүтээл хийхийн тулд үргэлж шинийг эрэлхийлж, судалгаа хийж байдаг. 

-Та амьдарч буй хотдоо ямар уран баримал сүндэрлээсэй гэж хүсдэг вэ?

-Уран бүтээлч хүнд тийм хүсэл мөрөөдөл байлгүй л яах вэ. Энэ талаар ярихаар гадаад орны жишээг яримаар санагддаг. Гадаадад суут хүмүүсийн хөшөө байдаг ч ихэвчлэн хүний оюун санаанд юм өгөх гэсэн сэдэлтэй бүтээлүүд байх жишээтэй. Тэр нь ард түмэндээ ч их хүрдэг юм шиг байна лээ. Би Улаанбаатарт тиймэрхүү уран бүтээл их тавигдаасай гэж хүсдэг. Тавигдах тавигдахдаа зүгээр нэг пластик материал, цементээр тавигдаад байвал үнэ цэнэгүй. Тэр хөшөө нь түүхийг бичиж чадахгүй. Харин хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй.

-Сүүлийн жилүүдэд хотын гудамжийг чимэг уран баримлын тоо нэмэгдэх болж. Гэвч ухамсаргүй зарим нэг хүмүүсийн балгаар урлагийн бүтээлийг “яйран” болох нь бий шүү дээ?

-Манайхан чинь дээр үеэсээ л эвддэг юм биш үү. Одоо түүхэн дурсгалт, хосгүй үнэт зүйл болсон хэдэн хүн чулуугаа нүдээд дууслаа. Тэгэхэд өөр орны уран баримлууд устаагүй одоог хүртэл байж л байна. Би “Вива сити” хотхонд “Мандухай цэцэн хатан” нэртэй хөшөө хийсэн юм. Бүтээлээ аятайхан харагдуулах гээд нум сумыг нь алтны орцтой материалаар хийсэн чинь нумын хугалаад авчихсан байна лээ. Алт гэж бодсон юм шиг байна лээ. Тэр нь нэг өдрийн хоолны мөнгө ч болохгүй шүү дээ. Одоо тэр баримал их муухай харагддаг. Гэтэл энэ материалыг худалдаж аваад хийхэд асар их мөнгө ордог. Мөд хатных нь малгай, толгойг тасдаад авчих вий дээ. Сүүлдээ надад хэлэх ч үг олдохгүй юм.

-Ер нь та урландаа хэр хугацааг өнгөрүүлдэг вэ?

-Уран бүтээлч хүн ихэвчлэн урландаа л амьдардаг. Миний хувьд урландаа унтаад л бүтээлээ хийнэ. Заримдаа гэртээ харина. Бидэнд цаг нар гэж байхгүй учраас юм хиймээргүй санагдвал явчихна. Заримдаа шөнө дунд гэнэт гэрээсээ гарч яваад л урландаа бүтээлээ хийх гээд ирдэг.

-Тэр нь онгод уу?

-Онгод гэдэг нь тэр л байх. Зарим хүмүүс онгод гэдгийг янз бүрийн хэлбэр дүрстэй байдаг гэдэг. Би бол мэдэхгүй ээ.Гэнэт л юм хиймээр санагддаг. Ямар ч л байсан нэг нөхөр л орж ирдэг юм шиг байгаа. /инээв/

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж