Б.Тэмүүлэн: Технологийн дэвшил өдөр бүр өөрчлөгдөхийг шаардаж байна

Хуучирсан мэдээ: 2017.05.12-нд нийтлэгдсэн

Б.Тэмүүлэн: Технологийн дэвшил өдөр бүр өөрчлөгдөхийг шаардаж байна

Завхан аймгийн Булнай сумын Зэргээ, Нам бууц, Нү­хэн хад, Замын хясаагаар нутагтай хөх Санжмятавынд 1903 оны туулай жилийн намар нэгэн хүү мэндэлсэн нь хож­моо монгол бөхийн эрхэм дээд аварга хэмээх цолонд хүрсэн Шагж юм.

Монголын хамгийн олон хандалттай цахим мэдээллийн хэрэгслийн нэг www.news.mn сайт өнгө төрхөө өөрчлөн, шинэ хувилбараа гаргаж байгаа юм байна. “Мэдээллийн эх сурвалж” тодотголоороо олонд танигдсан “NEWS” агентлагийн захирал Б.Тэмүүлэнтэй сайтынх нь шинэчлэл, хэвлэл мэдээллийн салбарын талаар ярилцлаа.

-Салбарынхаа сүүлийн үеийн сонин хачнаас яриагаа эхэлмээр байна…

-Сэтгүүл зүй хамгийн их ээдрээ нугачаатай, ирүүл дуудлагатай, бас сонирхолтой үеийг туулж байна. Хэвлэл мэдээлэл бидний нүдэн дээр төрийн үзэл суртлын хэрэгслээс иргэний үгээ хэлэх индэр боллоо.

Үүнтэй хамт сөрөг талууд ч гарч ирсэн. Энэ хооронд маш олон үйл явц өрнөсөн байна. Анхны чөлөөт хэвлэл гэгдэж байсан долоо хоног тутмын сонинууд алга болж, өдөр тутмын сонин зонхилох болсон. Одоо өдөр тутмын сонин ч өөрчлөгдөх хэрэгтэй боллоо. Мэргэжлийн өндөр түвшний гоё сэтгүүлүүд мэндэлж байна. Гэхдээ зах зээл байгаа эсэх нь бас эргэлзээтэй.

Сүүлийн хориод жилд хүн төрөлхтний амьдралд “хувьсгал” авчирсан интернэт манай салбарыг хамгийн их доргиож, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд том сорилт болж байна. Иргэний сэтгүүл зүй, нийгмийн сүлжээ бидний хамгийн том өрсөлдөгч боллоо. Товчхондоо маш их өрнөлтэй, сонирхолтой, өрсөлдөөнтэй ирээдүй бидний өмнө байна даа. Мэдээллийн зах зээл дээр өрсөлдөөн маш ширүүн байна.

-Танай редакц энэ ирээдүйд бэлэн байна уу?

-Бидний хийж байгаа шинэчлэлийн гол утга энэ шинэ нөхцөл байдалд зохицох юм.

Технологийн дэвшил өдөр бүр шинэчлэгдэхийг шаардаж байна. Зөвхөн хэвлэл мэдээллийн салбарт ч биш. Дэлхий ертөнц маш хурдтай хувьсан өөрчлөгдөж байна.

Бид цахим сэтгүүл зүйн анхдагчийн нэг болж сайтаа эхлүүлсэн. Олон нийтийн сүлжээнд анх аккаунт нээгсдийн нэг. Бас хамгийн анх гар утсанд зориулсан апп хувилбар гаргасан гээд цаг үеэ мэдэрсэн алхам хийхийг байнга хичээсэн. Түүнээс хойш гурван удаа сайтын өнгө төрхөө өөрчилсөн. Туршиж үзээгүй зүйл бараг л байхгүй. Одоо дөрөв дэх удаагаа шинэчиллээ. Нэлээд өргөн цар хүрээтэй, дэлхийн хэвлэлийн сүүлийн үеийн хандлагыг агуулсан, цогц ажил хийхээр зорьж байна. Энэ сарын 15-наас шинэ өнгө төрхтэйгөөр хэрэглэгчидтэйгээ уулзана.

-Шинэ сайт яг юугаараа хуучнаасаа өөр, давуу талтай байх вэ?

-Хамгийн хурдан нээгддэг, технологийн хамгийн сүүлийн үеийн шийдлүүдтэй цахим мэдээллийн хэрэгсэл болно. Сүүлийн үеийн шийдлүүд гэдэгт видео контент үзэхэд хялбар, бусад мэдээ үзэж байхад ч харагддаг байх, мэдээллийн өгөлтийг орчин үеийн болгох, зар сурталчилгаа өгөх байгууллагууд өөрсдөө шууд баннераа байрлуулах боломж гаргах, нийгмийн сүлжээний элементүүдийг оруулах гээд олон шинэ санаа байгаа. Бас сайтын дизайн, өнгө төрх өөрчлөгдсөн. Ингээд тоочвол олон өөрчлөлт хийлээ. Ер нь сүүлийн үеийн дэлхийн цахим мэдээллийн хэрэгслийн шинэлэг болгоныг агуулсан сайт болно.

-Цахим мэдээллийн хэрэгсэл уламжлалт мэдээллийн хэрэгслүүдээ давлаа гээд л байгаа. Ер нь цахим мэдээллийн хэрэгслийн дэвуу тал нь юуг гэж та онцлох вэ?

-Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн байгууллага гэдгээрээ сонин, сэтгүүлээс ялгаагүй л дээ. Онлайн хэвлэл гаргаж байгаа сэтгүүлчдийн редакц. Энд сэтгүүл зүйн салбарт тавигддаг бүх л шаардлага байна. Үйл явдлыг хөндлөнгийн үнэлэлт дүгнэлтгүйгээр шуурхай мэдээлнэ.

Уламжлалт хэвлэлээс ялгаатай нь орчин үеийн технологийн дэвшлийг илүү агуулсан байдаг.Хэрэглэгчид шууд хандаж сэтгэгдлээ илэрхийлж болно, өөрсдийн байр сууриа илэрхийлэх комментын хэсэгтэй. Мөн илүү шуурхай, мэдээллээ дор дор нь шинэчлэх боломжтой, бас сонин шиг талбайгаар хашигдахгүй хязгааргүй орон зайд ажилладаг гээд давуу талууд байна. Цаашид давуу тал нь улам олон болох болов уу даа.

-Сүүлийн үед нийгмийн сүлжээ, жиргээ, нүүр ном хэвлэлийн үүргийг гүйцэтгэх боллоо гэдэгтэй та санал нийлэх үү?

-Мэдээллийн шуурхай байдлаараа зарим талаар хэвлэлээс ч илүү байна. Энэ ч аргагүй. Ямар ч том медиа байгаад дэлхий ертөнц даяар, тэр байтугай улс дотроо газар бүрт сурвалжлагч томилоод, тэд нь 24 цаг ажиллана гэж байхгүй шүү дээ. Хаана ямар үйл явдал, хэрэг зөрчил, осол аваар, болно тэр дор нь хажууд нь байж таарсан хэн нэгэн нийгмийн сүлжээнд шууд мэдээлж, зураг дүрс нийлүүлж байна.Үүнтэй өрсөлдөх боломжгүй.

Гэхдээ тэр бол албан ёсны биш, хувь хүний сонирхол, байр суурь, ганц өнцгөөс харуулсан мэдээлэл. Харин мэдээллийн хэрэгслүүд албан ёсны эх сурвалжтай, мэргэжлийн түвшинд материалаа бэлдэнэ.

Олон нийтийн эрх ашигт үйлчлэх анхны сэдэлтэй, бодитой, бас шуурхай байх шалгуур хангана.

Мэдээллийн мөрөөр эрэн сурвалжилна.Нийтэлсэн мэдээлэлдээ хариуцлага хүлээнэ. Үүгээрээ л ялгарна даа. Сэтгүүлч, редакцууд ажлаа мэргэжлийн төвшинд хийвэл нийгмийн сүлжээний өрсөлдөөнөөс айх хэрэггүй.

-Зөвхөн технологийн шинэчлэл биш гэсэн. Редакцидаа ч өөрчлөлт хийж байгаа юм уу

-Шинэ бүтцээр ашиглана. Өөрсдийн давуу тал дээрээ түшиглэсэн менежмэнт хийж байгаа.Уламжлалт редакци шиг улс төр, нийгэм, эдийн засгийн мэдээллийн алба гэж хуваагдахгүй.

Манай сайт шуурхай, албан ёсны мэдээллээрээ олонд хүрсэн. Тэгэхээр урьдын адил улс орон болон дэлхий дахинд болж байгаа үйл явдлын мэдээ манай таймлайнаар урсдагаараа урсана. Ер нь манайд өдөрт 100-120 мэдээ контент ордог. Үүнийгээ үргэлжлүүлнэ. Шуурхай мэдээллийн алба маань хамгийн том бүрэлдэхүүнтэй.

Бид Топ контентын алба шинээр байгуулсан. Энэ алба сэтгүүлчийн ажиллагаа шаардсан эрэн сурвалжлах материалууд, нийгэмд шуугиан дагуулсан үйл явдлуудын эргэн тойрон дахь мэдээлэл, ярилцлага, сурвалжлага бэлтгэнэ. Бас өөрсдийн брэнд болох нэвтрүүлэг хийнэ. Өдөр тутмын мэдээнээс арай өргөн агуулгаар хийх учир сэтгүүлчдэдээ зав чөлөө, уран бүтээл хийх боломж гаргасан маягтайгаар ажиллана. Тэдний нийлүүлэх материалын тоо бусдаас цөөн байх юм.

Үүний хажуугаар Шинэ контентын алба ажиллана. Өнөөдрийн хэвлэл мэдээлэлд шинээр түрж орж ирсэн, уншихад хялбар, цаг зав бага шаарддаг, хэрэглэгчдийн хүсээд байгаа инфографик, тоон мэдээллүүд, нийгмийн сүлжээнд хэрэглэгддэг зурган контент, асуулт хариулт, сонжоо, видео шторк хийнэ.

Залуучуудад хандсан богино хэлбэрийн хөгжилтэй пост, аялал жуулчлал, фэйшн үзүүлбэр, урлагийн тоглолтыг шинэлэг байдлаар сайтдаа байрлуулах, манайд дутагдаж байсан хөнгөн чиглэлийн мэдээ материалыг шинэ хэлбэрээр өгөх зорилготой. Бас нийгмийн сүлжээнд мэдээллээ түгээх Контент хөгжүүлэлтийн алба байна. Алба бүрийг манай туршлагатай редакторууд удирдана.

Манай редакц тэр чигээрээ л дахин суралцаж, сошиал маркетингийн багш урьж хичээл заалгах гэх мэтээр ажил ихтэй өдөр хоногууд өнгөрч байна. Мэдээллийн салбарт өрсөлдөөн ширүүссэн гэж дээр хэлсэн. Зах зээлд түрүүлж байршсан, найдвартай брэнд гэж өөрсдийгөө тоогоод явах боломжгүй болж байна. Маргааш бидэнд ямар шинэ шаардлага тулгарахыг хэлж мэдэхгүй ийм л хурд, давтамжаар амьдраад байна даа.

-Та олон жил хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж, хүлээн зөвшөөрөгдсөн хүн. Салбарын маань нэр хүнд унаад байгаа талаар юу гэж боддог вэ?

-Төрийн төв хэвлэл гэж байхад “Ардын эрх” сонинд орж, үргэлжлээд, “Өдрийн сонин”-д дараа нь хувийн “Ардын эрх” сонинд ажилласан. Редакцийн ажлыг туслах сурвалжлагчаас эхлээд эрхлэгч хүртэл хийсэн болохоор салбараа гайгүй мэднэ. Сүүлийн арав гаруй жил сэтгүүлч гэхээсээ арай өргөн хүрээнд ажиллалаа. Захирал, Ерөнхий редактор бол редакцийг хэвийн үйл ажиллагаа явуулах санхүү, эдийн засгийн боломжоор хангах, мэдээллийн салбарын шинэ хандлагыг олж харж бусдаас хоцрохгүй байх, хүмүүсээ сургаж бэлтгэх, зөв байршуулах, бизнесийн зах зээлээ тэлэх, шинэ бүтээгдэхүүн гаргах гээд олон ачаа үүрдэг. Бас нийтлэлийн бодлогодоо ч оролцоно. Шаардлага гарвал редактор хийнэ. Төсөв төлөвлөгөө гаргана.

Цаасан сониноос хойш сайт, гар утасны хувилбар, апп, нийгмийн сүлжээний аккаунт гээд гэрлийн хурдаар салбар маань хөгжөөд байна. Үүнээс хоцрохгүй, итгэж удирдуулсан багаа өрсөлдөөнд ялагдуулахгүй байх хэрэгтэй.

Нэр хүнд муудсан гэдэг дээр онцгойлон сэтгүүлчдийг муу гэвэл санал нийлэхгүй. Монголд ямар салбар нэр хүндтэй байна. Боловсрол уу, эрүүл мэнд үү. Банк уу, уул уурхай юу. Нийгэмд байгаа бүх сайн, муу манай салбарыг ижилхэн дайрч байна гэвэл харин үнэнд ойртоно.

Хэвлэл мэдээлэл бол тухайн нийгмийнхээ тусгал гэдэг. Үнэхээр ч өнөөдрийн Монголын нийгэм шиг болж бүтэж байгаа сайн нь байна, болохгүй, бүр жигшмээр муу муухай ч байна. Дандаа иймээрээ байхгүй биз. Бүх юм урагшилж, хөгжиж дээшилнэ. Манай салбарыг ч тойрохгүй.

-Тэгэхдээ сэтгүүлчийн мэргэжил бусдаас илүү хариуцлага, ёс зүйтэй байхыг шаарддаг биз дээ?

-Хүн бүр сэтгүүлчдээс хамгийн шударга шулуун, ёс зүйтэй, нийгмээ хөтлөгч байхыг шаарддаг. Тэгэхдээ өөрсдөөсөө үүнийг шаардахаа мартдаг. Ажил мэргэжлээс хамаарахгүй бүгд л ёс зүйтэй байх ёстой биз дээ. Хэвлэл мэдээллийн эздийн ёс зүй ямар байх ёстой вэ гэдгийг хэлэлцэж байна. Гэтэл хэвлэл мэдээллийн байгууллагын захирал, хүнсний үйлдвэрийн захирал хоёрт өөр, өөр ёс зүй гэж байхгүй. Ямар ч соёлтой нийгмийн адил худал хэлэхгүй, хулгай хийхгүй шударгаар өрсөлдөх, ашгийн төлөө хэрэглэгчдээ хохироохгүй байх шаардлага хэвлэл мэдээллийнхэнд ч адил тавигдана. Бид хэрэглэгчдийнхээ таашаал сонирхолд нийцсэн мэдээ контент, сэтгүүл зүйн бүтээл үйлдвэрлэж, нийлүүлдэг. Сурталчилгаанаас ашиг олж, бизнесээ явуулна. Дийлэнх медиа энэ л зарчмаар явж байна. Тэгэхээр сэтгүүлчдээс авлагатай юм шиг загнахыг ойлгодоггүй.

Гэхдээ бидэнд огт асуудал байхгүй гэвэл худлаа. Салбарын нэр хүнд унасан олон шалтгаан байна. Монголчуудын зүгээр сууж байгаад мөнгө олох гэсэн мөрөөдлийг манай салбар соронз шиг татсан.

Компьютерийн ард суугаад, хүн муулаад, шантаажаар амьдарна гээд хэсэг хүн орж ирсэн. Ер нь амжилттай бизнес эрхэлж үзээгүй хүмүүс бүгд манайх руу шуураад, амархан гээд бодчихсон, шар мэдээ бичээд, зарим нь пиар хийгээд, зарим нь клип хийгээд янз бүрээр л үзэж байна. Одоо медиа мэддэггүй хүн Монголд бараг үлдээгүй юм биш үү. Тэгэхдээ тэд нар бол сэтгүүлч биш л дээ.

Муу нэр дуулах бас нэг шалтгаан боловсон хүчин. Сэтгүүлчид боловсрол мэдлэгээ байнга дээшлүүлэх шаардлага байна. Олон хэл дээр мэдээлэл авдаг, орчин цагийн хэрэглэгчдийн шаардлагад нийцэхгүй боллоо. Боловсрол өндөр байж л энэ бизнесийг, ажлыг эрхлэхгүй бол тэнцэхгүй нь ээ. Аль нэг сэдвээр дагнасан мэргэшсэн сэтгүүлч илүү амжилт олно. Үүнийг бид хэчнээн жил ярьсан. Ахиц тийм сайнгүй л байна.

Манай салбарт зах зээлийн эрүүл өрсөлдөөн байхгүй. Бизнес биш улс төрийн зорилгоор, нөлөөлөл маягаар хэвлэл эрхэлдэг хэсэг байна. Ашиг байхгүй, татаасын маягаар амь зуудаг. Ингээд хэт олширчихоор зар сурталчилгааны жаахан зах зээлээ хуваадаг. Үр дүнд нь ихэнх нь санхүүгийн бэрхшээлтэй, бүрэн бие даагаагүй.Үүнээсээ болоод хүмүүстээ өндөр цалин хангамж өгч чаддаггүй, сэтгүүлчдээ сургаж боловсруулахад хүндрэлтэй. Иймэрхүү л дүр зураг байна. Гэхдээ шалгарал явагдаж байгаа. Жинхэнэ мэргэжлийн редакциуд нь тэсч үлдэнэ ээ гэж боддог.

-Нийгмийг гол хордуулагчаар сэтгүүлч, улстөрч хоёрыг тодруулаад олон нийт нийгмийн сүлжээгээр дайрцгаах боллоо. Тэгэхээр үнэхээр “хортой” нөхөд юу гэж үү?

-Хөөрхий сэтгүүлч, улстөрч хоёрын ёс зүй бол бусад монголчуудын дундаж ямар байна, яг тийм байна. Мэргэжлийн дүрмээ баримтлаад, сэтгүүл зүйн шаардлага хангасан бүтээл хийгээд яваа хэсэг байна. Бас хэнд ч хамаагүй худалдагдаад нийгмээ хагалан бутаргасан зүйлд уриалаад байгаа хэсэг ч байна. Бүгдийг нэг цонхоор харж болохгүй шүү дээ.

Манай салбар цэвэрших ёстой. Гэхдээ зарим хүмүүсийн цэцэрхээд байдаг шиг өөр шиг нь төрөлхийн шударга хүн л сэтгүүлч болбол цэвэршчих юм биш. Олон хүчин зүйлээс хамаарна. Энэ тухай ярьвал их урт болно.

Мэдээж сэтгүүлчийн хөдөлмөр бол маш олон хүнд хүрдгээрээ, тэдний оюун санаанд нөлөөлдгөөрөө онцгой үүрэгтэй. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Манай баг үүнд дүйцсэн мэдээ мэдээлэл хийхийг зорьж, арав гаруй жил энэ салбарт ажиллалаа. Боломжоороо ёс зүйтэй, үнэнд ойр байсан гэдгийг манай сайтын хандалт хэрэглэгчдийн тоо хэлэх болов уу.

-Баярлалаа. Технологийн хурд, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хувьсан өөрчлөгдөж чаддаг танай хамт олонд амжилт хүсье.

Э.ЭНЭРЭЛ

Эх сурвалж: ‘ӨДРИЙН СОНИН’

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж