Хонхны баярын “хорио”

Хуучирсан мэдээ: 2017.04.18-нд нийтлэгдсэн

Хонхны баярын “хорио”

Энн Колажованни хэмээх 97 настай эмээ насан туршдаа мөрөөдсөн хүсэл мөрөөдлөө биелүүлж, ахлах сургуулийн дипломоо гардан авчээ.

“Их засаг” их сургуулийн оюутнууд хонхны баяраа тэмдэглэж явах үеэрээ амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Ангиараа амарч явах үед нь гарсан харамсалтай хэргийг, талийгаач юунаас болж амьсгал хураасныг цагдаагийн байгууллага шалгаж байна. Золгүй байдал байж болох ч хүний алтан амь эрсэдсэн энэ тохиолдол хонхны баяр гэх хоёр үгтэй холбогдож байгаа нь нэгийг бодогдуулах биз ээ.

Хаврын хаварт болдог төгсөгчдийн баяр жилээс жилд өргөжих болсон нь тийм ч сайхан үйл явдал биш ээ. Эрдэм, номын, анд нөхөд, амжилтын баяр юм шиг боловч хонхны баяр нэрийг олон саар зүйлс дагалдаг.

Нийслэлийн Боловсролын газраас өчигдөр төгсөлтийн баярын арга хэмжээг нүсэр тэмдэглэхийг хориглолоо. Хонхны баяр зөвхөн их, дээд сургуулийг хамраад зогсохгүй Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд өргөн хүрээ, зохион байгуулалт дор үргэлжилдэг болсон. Үүнд дээрх газар анхаарал тавьж, 5, 9, 12 дугаар анги төгсөгчдийн дунд эрдмийн баяр хийхдээ нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх, эцэг эх сурагчдаас нэгдсэн байдлаар мөнгө хураахгүй байх чиглэлийг бүх дүүргийн Боловсролын хэлтэс, ЕБС-ийн захирлуудад хүргүүлсэн байна.

Хүүхдийг осол гэмтэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор баярын арга хэмжээг хөдөө хээр, амралт зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулахгүй байх, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхгүй байх, сурагчдаас зохион байгуулалттайгаар мөнгө хурааж авахгүй байх, эцэг эх, асран хамгаалагч, сурагчдад хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг дээрх “хориг”-т тусгажээ.

Ач холбогдол, агуулга, хэлбэрийг нь алдагдуулснаас болж цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл “хонхны баяр” тэмдэглэдэг болчихсон энэ үед ямар нэгэн байдлаар бүх насны боловсролын системийг хамарсан энэхүү баярыг жинхэнэ “эрдмийн баяр” агуулгаар нь тэмдэглэдэг байх нь яаж ч бодсон зөв.

Ялангуяа, хонхны баяраа хонхны найр болгодог, хот, сургууль, орчноо оргилуун дарсны шилээр дүүргэдэг их, дээд сургуулийн оюутнуудад ийм төрлийн “хориг” байхад илүүдэхгүй л байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж