Эерэг нөхцөлийн хүндрэлд бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Эерэг нөхцөлийн хүндрэлд бэлэн үү?

Хэдхэн жилийн өмнө улсын төсөв нь 200 тэрбумд л эргэлдэж байсан төсөв өнөөдөр хэдэн их наядаар тоологдох болж, уул уурхайн баялаг маань Монгол Улсыг дэлхийн баячуудын эгнээд авчрана гэгдэж байна. Харин үүнд бид бэлэн үү гэсэн асуултыг Сангийн яамныхан өөрсдөдөө тавьжээ. Сангийн сайд С.Баярцогт өнгөрсөн 20 жилийн турш зөвхөн дутагдаж байгаа мөнгийг хаанаас олох, суларсан валютын ханшаа хэрхэх гэх мэт сөрөг үйлдэл дээр тоглож байсан бол харин одоо эерэг нөхцлийн хүндрэлтэй тулгарна гэж тэрбээр тодорхойлов.

Тэрбээр өнөөдөр яамныхаа дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газар хэлтсийн дарга нарын хамт сэтгүүлчидтэй “зангиагүй” уулзсан юм. Улсын сан хөмрөгийг атгаж байдаг яамныхны хувьд зангиагүй уулзалт ч бас олон тоо баримт дурдсан ажил хэрэгч болов. Үүнд Сангийн яамны газар хэлтсийн дарга нар мэдээллээ багцлан хүргэсэн юм. Нэгэн үе эдийн засаг гэхээр хэдхэн хүнд хамааралтай, сонирхолтой бус сэдэв юм шиг байдаг асан бол эдүгээ бүхний анхаарлын төв дэх асуудал болоод байгаа. Тийм ч байх ёстой нь зүй. Харин одоо ихээр орж ирэх хөрөнгийг хэрхэн шингээх вэ гэдэг асуудал тулгараад байна. Уул уурхайн баялагтаа хэт шүтэн эдийн засгаа эмгэгшүүлсэн түүх дэлхийд бий. Голланд өвчин хэмээгдэх эдийн засгийн өвчлөлийн талаар хэн хүнгүй мэдэх болсон. Уул уурхайн их орлого бусад салбаруудыг үнэгүйдүүлж, өрсөлдөх чадваргүй болгодог. Мэдээж баялаг гэдэг дуусч дундаршгүй биш юм хойно эдийн засгаа хэрхэн эмгэгшүүлэх байх вэ гэдэг асуудал чухал. Үүнд Чили зэрэг улсууд ирж буй орлогыг дотоодын эдийн засагтаа аль болох оруулахгүй байх бодлогыг баримтуулдаг. Ямар ч эдийн засаг өөрийн шингээх хэр хэмжээтэй байдаг юм хойно. Тогвтортой байдлын сан гэх мэт Голланд өвчнөөс сэргийлэх олон янзын арга зам байдгийг сануулах юун. Тийм учраас бид аз, лай алийг нь ч дагуулах магадлалтай баялгийн орлогын урсгалыг хүлээн авахад бэлтгэлтэй байх ёстой гэсэн бодлогыг тэд боловсруулж байна. Гэрэл байх ахул сүүдэр буй. Гэрэл хэдийчинээ тод байх тусам, сүүдэр төдий чинээ түнэр харанхуй байдаг гэдгийг Сангийн сайд сануулж байна. Тэрбээр бусад салбаруудаа татварын бодлогоор дэмжих, татаас олгох гэх мэт олон арга замууд байдгийг дурдаж байна. Ийн аз, гай алиныг дагуулахыг шийдэх олон реформ байгааг бас мэдээллээ. Өнгөрсөн оны хувьд тэлж томрох төсвийг хянах Төсвийн тогтвортой байдлын хуулийг баталсан, Тогтворжилтын сан байгуулсан гээд амжуулсан ажил бий. Түүнчлэн нийгмийн даатгалын тогтолцооны реформ хийх зэрэг олон ажил өмнө хүлээж буй. Тийм учраас Сангийн яамныхны хувьд энэ жил ажил ихтэй байх нь. Төсөв санхүүгийн бодлогыг зангиддаг Сангийн яамныхны ажил бага байна ч гэж юу байх вэ. Харин энэ бүхнийг олон нийтэд ойлгуулан таниулахад хэвлэлийнхэн онцгой ач холбогдолтой гэдгийг сайд онцолж байна. Тийм ч учраас эдийн засгийн сэдвээр дагнан мэргэшсэн ажиллаж буй сэтгүүлчидтэй хамтын ажиллагаагаа илүү өргөжих төлөвлөгөөтэй байгаа юм байна. Түүнээс гадна Монгол Улс тусгаар тогтносон 1911 онд анх байгуулагдсан таван яамны нэг энэ их айлын 100 жилийн ой энэ жил тохиож буй. Зуунаар тоологдох түүхтэй байгууллагын хувьд ярих, танилцуулах ажил их бий нь ойлгомжтой. Тийм ч учраас энэ удаагийн зангиагүй уулзалтыг зохион байгуулж, цаашид ч хэвлэл мэдээллийнхэнтэй нягт хамтран ажиллана гэлээ.

А.ТУЯА  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж