Таван минутад эхийн амь насыг аврах үгүйг шийдэх тохиолдол бий

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Таван минутад эхийн амь насыг аврах үгүйг шийдэх тохиолдол бий

Нийслэлийн  III амаржих газрын  эмчилгээ эрхэлсэн  орлогч дарга С.Ганболдтой ярилцлаа.

.-Tаны зав зай үнэхээр бага юм. Үнэндээ эмч хүнийг ийм хүнд ачаа үүрдэг гэж бодоогүй. Та сая хоёр ихэр хүүхэд эх барьж авлаа. Энэ сайхан гэгээлэг сэдвээр яригаа үргэлжүүлье. Хоёр ихэр хүүхэд төрөхдөө зайтай төрдөг юм байна?

-Ихэр хүүхэд төрнө гэдэг  ховорхон тохиох аз завшаан байдаг. Тэр тусмаа анхны жирэмслэлт ихэр төрөх нь ховор байдаг. Ихэр хүүхэд төрөхөд зөвхөн эцэг эх нь биш эмнэлгийн эмч ажилчид адилхан л баярладаг. Сая амаржсан Н.Анхцэцэг маань 22 настай анхны төрөлт. 3100 , 3050 грамм жинтэй хоёр хөөрхөн хүүтэй боллоо. Хоёр дахь хүүхэд нь байрлал  буруу байсан тул 1.40 цагийн дараа төрлөө.

-Хоёр дахь хүүхэд нь гарахгүй удахад жаахан эмээсэн үү?

-Ер нь төрөлт болгонд эмээдэг. Тэр тусмаа нэг нь гарчихаад хоёр дахь буруу байрлалтай үед багагүй сандарна шүү. Яалт ч  үгүй хүй болон ургын жижиг хэсгүүд унжсан тохиолдолд яаралтай хагалгаагаар шийдэх тохиолдол ч гардаг.

-Хоёр ихрийн дараа та кесарева хагалгаа хийсэн. Энэ хагалгааг эмнэлгийн бус хүн харахад хэцүү юм аа. Гэхдээ  эмч хүн нөмөрсөн цагаан халаад шигээ ач тустай юмаа гэдгийг л их мэдэрч зогслоо?

-24 настай хоёр дахь жирэмслэлт  У.Отгонтөгс маань “том ураг” гэсэн заалтаар яаралтай кесарева  хагалгаагаар 4,5 кг хүү эсэн мэнд төрүүллээ.

-Ингэхэд сүүлийн кесарева хагалгаагаар төрөх хүн олон болсон гэдэг. Энэ нь юутай холбоотой вэ?

-Эх ургын оношлогооны багаж тоног төхөөрөмж сайжирсан. Эх ургын хагалгааны заалт өргөн болсон, давтан хагалгаа ихэссэн, хожуу насны тулгар жирэмслэлт, зэрэгтэй холбоотойгоор хагалгааны хувь өссөн.

-Дээрх хагалгаагаар ихэвчлэн хэд орчим насны хүмүүс төрдөг вэ?

-16-40 гаруй насныхан. Тэр  ч байтугай 40 гарсан хойноо анхны жирэмслэлт ч бий.

-Энэ хагалгааны дараа ямар хүндрэлүүд гардаг вэ?

-Хагалгааны үед болон дараа  цөөнгүй хүндрэл тохиолддог.  Цус алдах, умайн ойролцоох эд  эрхтэн гэмтэх, халдвар орох, шарх задрах гэх мэт хүндрэл байж болно. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл ахуйн халдвар хамгаалалын дэглэм,  эмчилгээний стандартуудыг баримтлах нь чухал.

-Саяхан танай эмнэлэг дээр таван килограмм хүү төрсөн гэсэн?

-Тийм ээ. 34 настай н.Цэнгэлмаа дөрөв дэх хүүгээ  хагалгаагаар төрүүлсэн. Ямар нэгэн хүндрэл гараагүй ээ.

-Иргэдийн бухимдыг ихээхэн төрүүлдэг зүйл бол харьяалалын асуудал.  Харьяалалгүй гээд  I эмнэлгийн гадаа төрж байсан тохиолдол байгаа. Танай эмнэлэг яаралтай төрөхөөр ирсэн хүмүүст заавал харьяалал харах уу?

-Ер нь манай амаржих газар Баянзүрх дүүргийн жирэмсэн, төрөх, төрсний дараах эхчүүд болон нярайд хоёрдугаар  шатлалтын тусламж үзүүлдэг. Төрөлтийн үйл ажиллагаа эхэлсэн, гэртээ төрсөн, цус алдсан гэх мэт амь насанд халтай жирэмсэн болон төрсөн эхчүүдийг харьяалал харгалзахгүй хүлээн авч түрүүлж, эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Энэ оны гуравдугаар сарын 19-нд Эрүүл мэндийн сайдын 94-р тушаалаар нийслэлийн амаржих газруудад  харьяалалын бус эхчүүдийг хүлээн авч байгааг бүрэн зогсоож ажиллахыг үүрэг болгосон. Гэтэл эрүүл мэндийн хуулиараа иргэн хүн эмнэлэг, эмчээ сонгож үйлчилгээ авах эрхтэй байдаг шүү дээ.

-Эрүүл мэндийн сайд С.Ламбаа г харьяалалгүй биш бол тэр эмэгтэйн үхэх сэхэх нь хамаагүй гэсэн утгатай тушаал гаргаж дээ?

-Яалт ч байхгүй ийм тушаал байгаа юм даа.

-Тэгэхээр та бүхэн эрхэм сайдынхаа тушаалыг зөрчөөд хүний алтан амийг авараад буруутан болохыг үгүйсгэх аргагүй байх нь ээ?

-Яаралтай эх барих нярайн тусламж хэрэгтэй хүнд үйлчлэхээс өөр арга байхгүй ээ.

-Өлгий болон даавууны хүрэлцээ үнэхээр хангалттай бус юм аа?

-Дутагдалтай байгаа. Угаалга ариутгалд байнга ордог тул нормын хугацаагаа гүйцээж чадалгүй нимгэрч самбай болж байна. Одоогоор манай төрх 60 өлгийтэй. Дээрх өлгийг зөөлөн эдлэлийн зардлаар зургаан сарын өмнө авсан. Нэг нярайг дунджаар найман даавуугаар өлгийдэх ёстой. Гэвч одоогоор 2-3 даавуугаар өлгийдэж байна.

-Эхчүүд маань хувиараа өлгий авчирч өгч болдоггүй юм уу?

-Эмнэлгийн дотоод халдвар хамгаалал, нярайн халдвараас сэргийлэн гаднаас авах боломжгүй. Хэрвээ үүнийг зөвшөөрвөл хүмүүс шинэ, хуучин янз бүрийн өлгий авчирна шүү дээ. Хүмүүсийн амьдрал харилцан адилгүй болохоор тэд ариутгасан цэвэрхэн, шинэ даавуу авчирч чадахгүй шүү дээ.

-Төрсөн эхчүүд ганцхан дан гудсан дээр хэвтэж байна. Энэ нь стандарт шаардлагад нийцэж байна уу?

-Энэ нь төсвийн хүрэлцээ муутай холбоотой. 

-Намайг цаг болоход таван эх үр хөндөлт хийлгэсэн. Энэ мөнгө хаана, юунд зарцуулагддаг вэ?

-Төсөвт өөрийн орлого гэж өгдөг. Тодорхой хэмжээгээр үр хөндөлтийн 40 хувийг эмч, сувилагч авна.

-Өнөөдөр хонгилд  маш олон хүн байсан, зарим нь эмнэлгийн тусламж авч чадалгүй буцсан. Яагаад вэ?

-Өнөөдрийн байдлаар 29 эх буцаж, 15 эх хэвтсэн. Одоогоор 45 ортой атлаа 68 хүнтэй байна. Өөр хаанаа авах вэ, хонгилоос гадна сувилагчийн постонд хоёр хүн хэвтэж байна шүү дээ.

-Сэтгэл мэдрэлийн эмгэгтэй хүмүүс жирэмсэн болох тохиолдол цөөнгүй байдаг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ?

-Эрүүл мэндийн сайдын 2010 оны 105 дугаар тушаалаар сэтгэцийн эмгэгтэй цусан төрөл ойртсон хүмүүст эмнэлгийн заалтаар эрт болон хожуу үр хөндөлт хийхийг заасан байгаа. Түүний дагуу мэс заслын төгс арга хэмжээг авдаг.

-Хувийн эмнэлгүүдэд үр хөндөлт хийж, олон хүний аминд халдсан хэрэг удаа дараа гарсан.  Тухайлбал “Ачит эх” хувийн эмнэлэгт үр хөндүүлсэн эх ямар байдалтай ирсэн бэ?

-Хувийн эмнэлэгт ямар нэгэн аргаар үр хөндөлт хийлгэсэн, эм уусан ч эмэгтэйчүүд их нуудаг. Эмэгтэйчүүдийн баяраар хувийн эмнэлэгт үр хөндөлт хийлгэж манай эмнэлэгт тухайн үед хүнд шоктой ирж хагалгааны үед нас барсан. Дотуур цус алдалт маш их байсан. Ер нь бол хувийн эмнэлэгт эрт болон хожуу үр хөндөлт хийх хууль эрхзүйн үндэслэл байхгүй. 

-Үр хөндөлтөөс маш олон хүндрэл гардаг, энэ талаар хангалттай ярьдаг ч тодорхой үр дүнд хүрэхгүй л байна.  Нийтлэг тохиолддог сөрөг үр дагаврын талаар хэлж өгөөч?

-Үр хөндөлтийн дараа цөөнгүй хүндрэл тохиолддог. Цус алдах, саванд юм үлдэх буюу хурах, халдвар орох, умай цоорох, наалданг үүсч дахин жирэмслэх боломжгүй болох зэрэг хүндрэл байдаг.

-Эмч нар цалин мөнгөний асуудлаас болж удахгүй ажил хаяна гэж сонссон. Үнэхээр та нар ажлаа хаячихвал, олон хүний амьдрал бүрхэг болох нь ээ?

-Тангараг өргөсөн нэрийн дор өдөр шөнөгүй ажилчихаад  хувийн компанийн жижүүрийн мөнгө авдагт сэтгэл дундуур байдаг.

-Уучлаарай, таны хэдэн төгрөгний цалин авдагийг сонирхож болох уу?

-Нуугаад яахав, Эмч нар 240-280  төгрөгийн  цалинтай. Шөнө жижүүртэй нойргүй хоноход 30 мянган төгрөгийн илүү цагийн хөлс авдаг.

-Эмнэлгийн эм тариа, тоног төхөөрөмжийн хувьд хангалттай байж чадаж байна уу?

-Тоног төхөөрөмжийн хангалт  2008 оноос хойш хөрөнгө оруулалт болон олон улсын байгууллагын тусламж дэмжлэгээр  нэлээд сайжирсан. Эм тарианы хувьд хүрэлцээ муутай. 2007 оноос хойш  өнөөдрийг хүртэл 47 сая төгрөгний өртэй гарсан. Энэ нь 2008 онд 1000 төрөлт илүү байсны улмаас өр болоод гарчихаж байгаа хэрэг. Гаднаас нэн шаардлагатай зарим нэг эм, тариаг авахуулах тохиолдол бий. Тухайлбал, актовегин /ургийн бүртэлтээс сэргийлэх эм/, гинипрал  гэх мэт. 

-Эмч мэргэжил гэдэг бол үнэхээр бахархал юм, ганцхан өдөр танай хамт олны дунд орж, таны хийж байгаа ажилтай бага ч болтугай танилцаад бахархаж сэтгэл төрлөө. Та 20 гаруй жил эмч хийсэн хүнд ярих бахархал мундахгүй биз дээ?

-Эмч болсноороо бахархалгүй яахав. Өдөр шөнөгүй нойр хоолгүй ажиллаж байхад амаржсан эх баярлалаа гэж хэлэхэд л бүхий л  ядаргаа гарч, сэтгэл их сайхан болдог.

-Танай эмнэлэгт гар утасны сүлжээ тасалдах юм аа. Томоохон, тэр тусмаа төрх эмнэлэг ийм байдалтай байж болох уу. Тэгээд ч  энэ байр өмнө нь Хавдар судлалын эмнэлэг байсан. Хар ухаанаар бодоход төрөх эмнэлэг байх нь тохирохгүй юм шиг санагдаад байна?

-Төр эмнэлэг барина гээд л 2007 оноос эхлээд л ярьсан. Гэтэл одоо байхгүй л байна. Зориулалтын биш, хавдар судлалын эмнэлэг байсан учир метр гаран зузаан ханатай. Тиймээс интернэт, гар утасны сүлжээ муу байдаг нь үнэн. Ийм байранд байна гэдэг дөнгөж эхээс төрж байгаа хүүхдийн эрх зөрчигдөж байна  гэсэн үг л дээ.   Үүнийг төр засаг анхаарах хэрэгтэй гэж боддог.

-Амь насаа эмчдээ даатгаад ирэх тохиолдол  цөөнгүй гардаг байх?

-Ер нь манай ард түмэн “төрөх үхэх хоёр үнэн” гэдэг. Эх барихын практикт яаралтай болон амь дүйсэн тохиолдол олонтоо гардаг. Эхийн умайгаар нэг минутанд 700 миллитер цус эргэлдэж байдаг. Тиймээс таван минутын  дотор  эхийн амь насыг аврах үгүйг шийддэг юм.

-Баярлалаа .

  Энэ тэдний  хамийн их урам авдаг үг. Өнөөдөр мэргэжлээ сольж цагаан нөмрөгтөн боллоо. Юуг ч нууж хаалгүй, яг л бодит байдлыг олон нийтэд хүргэхэд тусалсан эмч нартаа баярлалаа. Өглөөний 06 цагийн үед дөрөвдүгээр сарын 6-ны анхны хүү мэндэлсэн юм.  Эмч маань ажлаа хийсээр үлдлээ…

Б.Анхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж