Би пионерийн удирдагч байсан. Наяад оны олон ч зуныг пионерийн зусланд хүүхдүүдтэй бужигнаж өнгөрөөсөн. Хожим 1999 оноос эхлэн хүүхдийн зохиол бичих болж, НХТГазрын томилолтоор “Жавхлан” зуслан руу явлаа. Хөгжилтэй хөөртэй багачуудаасаа зохиолын шинэ санаа, шинэ сэдэв олох, хүүхдийн гэгээн ариун сэтгэл, гэнэхэн цагаахан баяр баясгаланг хуваалцахаар зорьсон минь тэр.
Тэгтэл автобусанд ороод л миний таньдаг хүүхэд нас хачин их өөрчлөгдсөнийг мэдэрсэн юм. Хүүхдүүдийн дуулж байгаа дуу, ярьж байгаа яриа, санаа бодол хуучных шигээ биш болжээ. Дэвшилттэй юм байна уу гэтэл үгүй юмаа. Хөвгүүд багш нараасаа айж ичихгүй тамхиа булаацалдаж, охид муудалцахдаа эх чоныг нэрлэдэг үгийг бие бие рүүгээ хашгирч байхад тэснэ гэхэд даанч хэцүү. (уг нь жирийн, бас ч гэж бололцоотой айлын хүүхэд зуслан явдаг болсон цаг)
Зусланд очсон өдрийнхөө маргаашнаас надад гэртээ харимаар бодогдоод байсан. Тэнд өнгөрөөсөн долоо хоног долоон жил шиг л санагдсныг нуух юун. Би өдөр бүр хүүхэдтэй уулздаг багш хүн хэдий ч хичээлийн хэдэн минутанд шавь нараа таньж чаддаггүй л юм билээ.
Тэр зуслангаас би хүүхдийн зохиолын ямар ч сэдэв олоогүйгээр үл барам, бичсэнээ ч хэвлүүлэх сонирхолгүй удсан. Харин өнөөг хүртэл багачуудынхаа сайн сайхны төлөө, гэгээн ариун хүүхэд төрхөнд нь буцаан оруулахад хэн юу хийх ёстойг, би юу хийж чадахыг бодсоор ирлээ. Тэгээд нэг санаа олсноо олон түмэндээ, ялангуяа хүүхдийн төлөө ажилладаг бүх хүмүүст дуулгах хэрэгтэй хэмээн зорив.
Юу гэвэл хэдэн түмэн хүүхдийг эгнээндээ нэгтгэж байсан Монголын Пионерийн Байгууллагын суурин дээр үлдсэн одоогийн Хүүхдийн Төлөө Үндэсний Газрын хүүхдийн эрхийн төлөө хийх бүхий л үйл ажиллагааг БСШУЯ-нд нэвчүүлэн шингээж өгөх хэрэгтэй аж. Монгол Улсын боловсролын багц хуулинд, “боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхтай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэх” хэмээн тодорхойлсон байдаг. Эдгээр зорилгын утга санаа Монгол Улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах хууль”-ийн заалтуудтай яв цав тохирч харагдана. Өөрөөр хэлбэл ЕБС нь хүүхдийн эрхийг хамгаалах нэгэн төв байж, хүүхдийн оюун ухаан, авьяас билэг, ур чадварыг хөгжүүлэх, тэднийг нийгэмшүүлэх, хүнд нөхцөлд амьдарч байгаад нь тусламж дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг гардан хэрэгжүүлэгч нь байх ёстой билээ!
Тэгээд ч сургууль дээр хүүхдийн эрх чимээгүйхэн зөрчигдсөөр л байна. Нийгмийн ажилтан уг нь хүүхдийн эрх хамгаалалд хяналт тавих үүрэгтэй нэгэн мөн ч түүнийг сургуулийн захирал томилдог тул гол төлөв захиралын ам хэл, гар хөл болон “ажилладаг”. Манай сургуулийн нийгмийн ажилтнууд л гэхэд хүүхдийн эрхийг хамгаалахад хяналт тавин, багш нарт арга зүйн зөвлөгөө өгөхийн оронд элдэв зөрчил гаргасан багачуудын нэр төрд бүдүүлгээр хандан олны өмнө элдвээр доромжлоод л зогсож байдаг. Угаасан форм нь хатаагүй тул өөр хувцас өмсөөд ирсэн охин “хүмүүжил эрхэлсэн” ниймийн ажилтанд “арчаагүй авгай царайлчихаад” хэмээн хөвгүүдийн өмнө загнуулахдаа өөрийгөө буруутай гэж гэмшихээс биш, “би доромжлуулахгүй байх эрхтэй” гэж мэдэх үү? Манай сургуулийн захиргааны шийдвэрээр, гуравдугаар цагийн завсарлагаанаас бусад үед бүгчим ангиасаа толгойгоо ч цухуйлгаж чадахгүй байгаа жаалууд, “бидний эрүүл амьдрах эрх зөрчигдөж байна” гэж бодох уу? Энэ мэт жишээ сургуулиудаас элбэг олдоно доо.
Цаашлаад сүүлийн 20 жилд хүүхэд хөгжлийн гол түлхүүр болсон “сургуулиас гадуурх” олон нийтийн үйл ажил илтэд ховордлоо. Хамгийн ойрын бодит жишээ:
Тавдугаар ангийн хоёр хүүгийн яриа (14-р сургууль
2010 оны 12.23)
-Өнөөдөр манай сургуулийн багш нар ёлктой гэнээ
-Багш нар гоё юмаа. (санаа алдав) Ингэхэд хүүхдүүдийн ёлк яагаад болохоо байчихсан юм бол? Өөдгүй тээ?
-Харин тийм. Ёлк болдог байхад гоё байсан. Концерт үзээд л, өвгөнөөс бэлэг аваад л…(бас санаа алдав) Бид нар азгүй л байхгүй юу!
Дууны багш нийгмийн ажилтан хоёрын яриа (мөн сургууль.
2011 оны 1.4)
-Бүжгийн тэмцээнд ангиуд бэлэн болчихлоо. Шалгах өдрөө 10- нд гээд зарласан…
-Одоо яая гэхэв. Урлаг заалны засвар дуусах мөдгүй тул дараагийн улирал хүртэл хойшлуулахгүй юу! (энэ хичээлийн жилд сургууль дээр ганц болж байгаа тэмцээн шүү дээ!)
Захирал багш хоёрын хоорондын яриа (мөн сургууль.
2010 оны 5.20)
-Захирал аа, манай ангийн эцэг эхийн зөвлөл хүүхдүүдтэйгээ ням гарагт Манзуширын хийд явах гэнэ. Зөвшөөрөл өгөөч
-Өгөхгүй. Сайдын “аялал зугаалгыг тас хорьсон” тушаал уншаа биз дээ?
Ийм төрлийн бичил яриа ганц манайд ч биш олон сургуульд болдог бизээ. Учир нь хүүхдэд гоо зүй, ёс суртахууны хүмүүжил олгодог олон нийтийн ажлыг өмнө нь БСШУЯ биш, хуучны эвлэл, пионерийн байгууллага хариуцдаг байсан юм. Харин одоо эзэнгүйдчихээд байгаа нь энэ.
Уншигч та санаж байгаа байх, бидний багад хүүхдийн гэх нэр хаягтай цөөхөн байгууллага байсан. Гэвч тэр хэд нь бололцоогоороо ажиллаад хүүхдэд зориулсан кино, жүжиг, ном, сонинг тасралтгүй гарган бүгдэд нь хүргэж чаддаг байлаа. ЕБС-ийн сурагчид улирлын амралтаараа 2-3 үзвэр үздэг, жилдээ нэгээс дээш тогтмол хэвлэл захиалан уншдаг, ялангуяа “ертөнцийг харах цонх” болсон номыг нийтийн үйлс болгохыг улсаас дэмждэг, уншдагийг нь урамшуулдаг, уншдаггүйг нь шахаж шаарддаг байв. Ийм байсны ачаар хүүхэд муу муухай бүхнээс холуур байдаг байсан нь дамжиггүй. Бид ерэн оны хувьсгал тайван сайхан, 2008 оны үймээн элдэв муухайгаар дүүрэн болж өнгөрснийг зөвхөн удирдагчийх нь сайн муутай холбож ярьдаг. Чингэтэл үгүй юмаа, монголчууд хүүхдээ дээрхийн адил бүх талаар өв тэгш хөгжүүлэхээр чармайж байсны гавьяа ерэн онд, хүүхдээ зөнд нь орхисны гай 2008 онд харагдсан шүү дээ.
Одоо ухаарахгүй бол хэзээ ухаарах вэ? Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг ХТҮГ нь боловсролын байгууллагуудад хэзээнээс нааш “сургуулиас гадуур” хэмээн гадуурхагдаад байдаг соёл олон түмний ажлыг “сургуулийн дотор” болгох саналыг гаргаад түүнийгээ хэрэгжүүлчихвэл хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн бүхий л заалтууд хангагдах шинэ эрин үе эхлэх биз ээ. Хүүхэд хөгжих хамгийн боломжит хугацаа болох бямба, ням гараг, сурагчдын улирлын амралтаар тахал гарсан юм шиг хаалгаа таг барьчихдаг ихэнх сургуулийн цэлгэр өрөөнүүд сурахыг эрмэлзсэн багачуудын өмнө цэлийтэл нээгдэх болно! Улсаас халаалтаа авдаг, олон кв м талбайтай сургуулийн нүсэр барилгуудыг хүүхдийнхээ сайн сайхны төлөө бүрэн ашиглацгаая, та минь! Манайд хүүхдийн чөлөөт цагаа өнгөрөөх төв хичнээн билээ? Хичээлийн үеэр анги танхимуудын багтаамж ямар билээ? Хүүхдээ хөгжүүлэхээр хотын төв рүү явуулах боломжтой айл хэд вэ? Гэтэл бямба ням гарагт сургууль бүрт төрөл бүрийн дугуйлан секц, клуб ажиллаж, тэмцээн уралдаан, маргаан мэтгэлцээн зохиогдон, номын сангууд уншигчаар дүүрвэл мөн ч сайхан аа! МУ-ын “Хүүхдийн Эрхийг хамгаалах хууль”-ийн хэрэгжилт гэж үүнийг л хэлэх байх! Үнэнийг хэлэхэд, монгол хүүхдийн эрхийн хамгаалалын асуудалд Дэлхийн зөн, Английн Хүүхдийг Ивээх Сан зэрэг гадаадын буянтай байгууллагууд олон жил туслан, үлгэр загвар болсон ажлууд зөндөө өрнүүллээ. Одоо бид нэгхэн сая багачуудынхаа төлөө нийтээр санаж санаачилах цаг болсон шүү. Сурагч багачуудын маань хоёр дахь гэр болсон сургууль “Хүүхдийн эрхийг хамгаалах хууль” жинхэнэ утгаараа хэрэгждэг ТӨВ байх ёстой хэмээн багш миний хүүхдийг хайрлах хайр зогсоо чөлөөгүй шивнэсээр байна.
"Монголын мэдээ" сонин