“Imperial-2010” халз тулаан 22-нд болно

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

“Imperial-2010” халз тулаан 22-нд болно

Монголын мутай боксын холбоо болон тулааны спортын Shinobu сургалтын төвөөс хамтран “Imperial-2010” олон улсын халз тулааныг зохион байгуулах гэж буй тухайгаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү тулааны спортын наадам энэ жил хүрээгээ тэлж, мэргэжлийн бокс, кикбокс, fighting болон мутай бокс гэсэн тулааны спортын дөрвөн төрөлд зохиогдохоор болжээ. Халз тулаанд Монголын дөрвөн тамирчин гадны тамирчидтай тулалдахаас гадна каратэ, армийн гардан тулаан, таэквондо, сонирхогчдын бокс зэрэг тулааны бусад төрлөөр дотоодын тамирчид үзүүлэх тоглолт хийх ажээ.

Монголын шилдэг тулаанчдаас кикбокс, мутай боксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан мутай боксын төрөлд 22 настай, нийт 87 тулаан хийснээс 60-д ялалт байгуулж, 15 тэнцсэн амжилттай, Тайландын шилдэг тамирчин Санкагнатай өрсөлдөх бол кикбоксын төрөлд дэлхийн аварга Ө.Энхбаяр 185 см өндөртэй, Испанийн шилдэг тулаанч Артуртай тулалдах ажээ. Харин мэргэжлийн боксын Пан Азийн аварга Г.Ганзориг аваргын бүсээ хамгаалахаар Тайландын тамирчин Сатун Ёнтой нударга зөрүүлэх юм. Г.Ганзоригийн өрсөлдөгчийн тухайд 29 настай, 28 тулаан хийж, 28 ялсан амжилттай Тайланд төдийгүй дэлхийд данстай шилдэг тулаанч юм байна. Түүнчлэн fighting-ийн төрөлд н.Цогтбаяр Японы тамирчин Сайтотой тулалдана. Сайто өмнө нь 2007 онд манай улсад ирж, “Imperial-2007” тулаанд оролцон ялалт байгуулж байсан билээ.

“Imperial-2010” тулааны спортын олон улсын халз тулаан Яармагийн дэнжид сүндэрлэсэн Спортын шинэ ордонд энэ сарын 22-ны 16.00 цагаас болох бөгөөд тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаарч 5000, 10000 төгрөгийн үнэтэй байх ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж