Зураач Г. Цэрэндондогийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Зураач Г. Цэрэндондогийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

  Уран зургийн галерей өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Галерейн шатаар өгсөн гурван давхарт гарвал хар даашинзаар ижилссэн дөрвөн бүсгүй   хийл хөгжмийн уянгат аязыг эгшиглүүлэн, уран гараа хөдөлгөн өмнөө байрлуулсан хөгжмийн ноот руугаа бүх анхаарлаа төвлөрүүлжээ. Хана дагуулан уртаас урт ширээ засч, хэсэг хүмүүс зууш бэлдэж, дарс хундагалан ширээн дээр цэцэг тавьж байна.
Шар дээлтэй, эгнэсэн олон одон медаль энгэртээ зүүсэн буурал өвөө сууж байгаа нь өнөөдөр уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж буй зураач Г.Цэрэндондог гуай юм. Өдгөө наян насыг насалсан Цэрэндондог гуайн үр хүүхдүүд түүний энэхүү уран бүтээлийн үзэсгэлэнг санаачлан зохион байгуулж байгаа аж. 60 гаруй жил уран бүтээлээ туурвисан зураач маань хэдий хэмжээний бүтээлтэй бол гэдэг нь танд бараг л төсөөлөгдөж байгаа байх. Бүтэн нэг жаран шүү дээ. Харин өнөөдрийн үзэсгэлэнд тэрбээр өөрийн дөчөөд бүтээлийг дэлгэн тавьжээ. Монгол орны маань уудам тал нутаг хичнээн үзэсгэлэнтэй, хараа булаам болохоо гайхуулах мэт хананд өлгөөстэй зурагнууд жаазан дотроос өнгө ялгаран гэрэлтэнэ. Эдгээр зурагнуудыг хараад яг л тэр цаг үед би байсан юм шиг, өнгөрсөн үеэр аялж байгаа мэт мэдрэмж  төрлөө. Будаг нь бага зэрэг халцарсан зарим зураг он цагийн зааг ялгааг улам ч илүүтэй илтгэнэ. Зураг бүхний ард өөр, өөр он цаг тэмдэглээстэй. Зурагнуудыг ажиглаж дуусаад Цэрэндондог гуайтай хэдэн хором ярилцлаа.
Түүний хэлж байгаагаар галерейд хадгалагдаж байсан зарим бүтээл нь дуулиант долдугаар сарын нэгний өдөр галд шатсан гэнэ. Харамсалтай юм. Харин “Адуун сүрэг”, ”Эрчмийн нуруу”, ” Асгатын ам”, ”Бага нуур”, “Хөх сэрхийн нуруу”, “Зээрэнгийн тал” зэрэг олон шилдэг бүтээл нь Монголын дүрслэх урлагийн музейд хадгалагдсаар байна. Говь нутгийг дүрслэн зурах дуртай энэ цал буурал зураач үр хүүхдүүддээ ч өөрийн авьяасаа өвлүүлжээ. Түүний хоёр дахь хүү зураач мэргэжилтэй. Хэсэг элдвийг ярилцсаны дараа Цэрэндондог гуай намайг “Зун” нэртэй зурагны өмнө аваачаад “Уран зураг гэдэг чинь их нарийн. Чи үүнийг хар даа, харахад морь шиг харагдаж байгаа ч бүгд зураас юм шүү дээ” гэж тайлбарлав.
Төд удалгүй танхимд цугласан олон эгнэн зогсож, уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт албан ёсоор эхэлсэн. Нээлтийг нээж, Урчуудын эвлэлийн хорооны дарга, зураач Ц.Энхжин “Авъяас хэзээ ч хөгширдөггүй. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье” гэж хэллээ. Харин Цэрэндондог гуайн үг хэлэх ээлж ирэхэд тэрбээр хоолойгоо зангируулан нүдэндээ нулимс цийлэгнүүлэн “Та нартаа баярлалаа” гэж хэлэв. Түүний уран бүтээлийн үзэсгэлэнгээр саатахад сэтгэл хөдлөм байлаа. Та ч бас түүний үзэсгэлэнг сонирхохыг хүсвэл дөрөвдүгээр сарын 9-нөөс өмнө Уран зургийн галерейд амжиж очоорой.
Зураач Г. Цэрэндондог:
“Би нарны туяанаас энерги авч,
Би насны уртаас туршлагаа бататгаж,
Би нутгийн салхиар сэтгэлээ сэргээж,
Байгалийн сайхныг харж суухдаа жаргалтай байдгийм”

С.Уянга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж