Шинэ оны анхны сенсаацийн эзэн Э.Амарбат

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Шинэ оны анхны сенсаацийн эзэн Э.Амарбат

Энэ долоо хоногийн дуулиант нөхөр бол яах аргагүй АТГ-ын мөрдөн байцаагч Э.Амарбат байлаа. Тэрбээр найз З.Эрдэнэболд гэгчтэйгээ архи ууж муудалцаж, зодолдож, бүр биедээ хүйтэн мэсний шарх хэдэнтээ авч эмнэлэгт хэвтсэн. Энэ мэдээллийг бид хамгийн анх нийтэлсэн. Манай сонины өнгөрөгч даваа гарагийн дугаарт гарсан “АТГ-ын мөрдөн байцаагч Э.Амарбат 16 удаа хутгалуулжээ” гарчиг бүхий уг мэдээлэл энэ долоо хоногийн байтугай энэ оны анхны сенсааци болсон юм. Цагдаа, хуулийнхны хэллэгээр хүний биед хутганы үзүүр хүрч зүсэгдсэн л бол хутгалсан гэж үзэж, хэргийг зүйлчилдэг юм билээ. Тэгэхээр 16 удаа хутгалсан гэдэг нь төдий тоогоор мөрдөн байцаагчийн биед хутгаар зүссэн, шарх үүсгэсэн учраас л бид хутгалсан гэж мэдээлсэн. Хүмүүс үүнийг янз бүрээр ярьсан. Худал мэдээлэл цацаж сенсааци тарилаа гэж. Тийм олон удаа хутгалуулсан хүн үхдэг юм байгаа биз дээ гэхчлэнгээр биднийг дайрч давшлагсад олон байсан. Ялангуяа мэргэжил нэгтнүүд маань. Гэхдээ бид худал мэдээлэл цацаагүйг цаг хугацаа харуулсан буй заа. Э.Амарбат өөрийгөө зодсон, хутгаар сийчиж танхайрсан З.Эрдэнэболд гэгчид эхлээд гомдолгүй гэж байснаа хэрэг олон нийтэд ил болонгуут гомдолтой гэдгээ илэрхийлсэн байсан. Ийм хэргийг нуун дарагдуулах олон шалтгаан байсан биз. Юуны өмнө эр хүний шийр заах гээд бүтэлгүйтсэн болохоор л гомдолтой гэхээс өөр аргагүйд хүрсэн биз. Эр нэг дордож найм сэхдэг гэдэг. Жилийн турш хэвлэлийнхнээр зай завсаргүй “бөмбөгдүүлсэн” төрийн албан хаагч, хууль сахиулагч хүн ялих шалихгүй хэргээр чичлүүлээд байхыг хүсээгүй ч юм бил үү. Нэгэнт тийм хэрэг болсон нь үнэн юм чинь, нуугаад хаацайлаад байх шаардлагагүй байсан. Э.Амарбатын өмгөөлөгч С.Баасанхүү, ЦЕГ-ын ОНХХ, АТГ-ынхан ч энэ хэргийг хаацайлахыг оролдсон. Гэвч бүтээгүй.

Сэтгүүлч, сурвалжлагч нар зөвхөн бодит үнэнийг л ард түмэнд хүргэх үүрэгтэй. Бидэнд ганцхан ийм л зарчим үйлчилдэг. Ямар нэгэн хүнийг өмгөөлж хамгаалах, эсвэл нөгөөг муучлах, гүтгэх ямар ч ёс суртахуун бидэнд байхгүй. Хэвлэлийнхэн л болсон хойно хүний мууд дурлаж байгаа биз гэх хүн олон байдгийг бид нуухгүй. Чихээр сонссоноо үнэн гэдгийг батлахын тулд хөлөө эцтэл явж, гараа цуцтал бичдэг гэдгээ энд хэлмээр байна.  Энэ нийгмийг цэвэрлэхийн тулд сэтгүүлч, цагдаа хоёр л жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажилладаг. Даанч үр дүн нь гардаггүй гэж нэгэн томоохон албан тушаалтан ярьж байсныг сонссон. Харин цагдаагийн зарим албан хаагчид эрхтэн дархтнуудынхаа тушаал заавраар зарим хэргийг нуух хаах гэж оролддог нь нууц биш.

 Юутай ч бид бусдаас түрүүлж дээрх хэргийн талаархи мэдээллийг олж чадсан, нийтэлсэн. Хэрэг гарсан нь үнэн, шалгах нь үнэн, буруутай хүн хуулийн хариуцлагаа хүлээх нь үнэн. Жирийн иргэн байна уу, мөрдөн байцаагч нь байна уу, хамаагүй. Хууль адил тэгш үйлчлэх учиртай. Э.Амарбатыг эмнэлгээс гарсан гэж сонссон. Эмнэлгээс гараад хэвлэлийн хурал зарлана гэж мэдэгдсэн. Тэр хүмүүст үнэнээ хэлэх биз ээ.

Б.ГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж