Ц.Шинэбаяр МАН-аас 45 суудлаа авах уу?

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр МАН-аас 45 суудлаа авах уу?

Ц.Шинэбаяр МАН-аас 45 суудлаа авах уу, МАН Дорнодод нөхөн сонгууль явуулах уу?

Цаг хатуурахтай дөрөө харшуулан улс төрийн амьдрал ч хатуурч эхэллээ. “Сахил хүртээд шал дордов” гэгчээр МАХН-ын ганц “х” үсгийг авч хаясан биш МАН задрахад хүрлээ. МАН-ынхан МАХН гэдэг нэрийг тэдэнд өгөхгүй төрөл бүрээр хамгаалах гэж оролдсон.

Арга ядахдаа Улсын бүртгэлийн газарт 70 орчим МАХН товчлолтой нэрийг бүртгүүлсэн ч арвин баялаг хэлтэй түмний үр сад “Монголын алдарт хувьсгалт нам”, “Монголын алдартай хувьсгалт нам”  гээд бүр хоёроор нь  авчихсан нь бас л МАН-ыг мухардалд оруулчихлаа.

Уг нь тэд Л.Оюун-Эрдэнэ, Л.Намуунгэрэл нарын тог­лоом­нуудаа явуулж нэг хүн дээр л 4-8 нам байгуулж санаагаа амраасан ч тусыг эс олов. Естой л ханан хавцалд шахуулаад байна. Одоо бүр ч эвгүй зүйл болно. МАХН-ын түр штабаас мэдээлэхдээ ирэх нэг дэх өдрөөс эхлэн МАХН-ын гишүүд МАН руу өргөдлөө барин цувна гэв. Тэр нь мэдээж намаас гарах тухай өргөдөл гээд бод. МАН-д өргөдлөө өгч намынх нь батлахыг өөдөөс нь шидсэн хуучин МАХН-ын гишүүд шинэхэн байгуулаад байгаа МАХН буюу “Монголын алдарт хувьсгалт нам”-даа элсэнэ.

Тэднээс “МАН-аас гарах өргөдөл өгсөн өгөөгүй, шинэ намдаа элсчихнэ л биз дээ. Ажлын садаа биш үү” гэж асуухад “Хэргээр МАН-ыг сэтгэл зүйн дарамтанд оруулж ингэх хэрэгтэй” гэдгийг ч хэлсэн. Ханан хавцал цаашаа улам нарийсч, бартаа их болно. Намын батлахаар цохиулах МАН-ын удирдлагуудад ямар ч зэвсэг хэрэггүй, гагцхүү сайн бамбай л хэрэгтэй. Үнэндээ Ц.Шинэбаярын фронтынхон гэж нэг “лүднүүдэд” МАН-ынхан албан тушаал амлаад ч тусыг эс олов. Тэднийг намаас нь хөөгөөд бүр ч эвгүй байдалд орчихсон. 

“Ядахад яр” гэгчээр  Н.Энхбаярын гэгдэх Д.Тэрбиш­дагва тэргүүтэй Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Ц.Мөнх-Очир нарын гишүүд Ц.Шинэбаярын үйл ажиллагааг дэмжиж, Дэгийн тухай хуулийг эсэргүүцэж хурал зарласан гээд юм юм л болж байна. Ер нь бол МАН задрах нь тодорхой болчихлоо. Эхнээсээ гишүүд нь бослоо. Эгэл жирийн гишүүд ч МАН-ын эсрэг байгаа. МАН-ын удирдлагууд тун удахгүй буцаж буй улаан батлахдаа дарагдах аюул нүүрлээд байна. Өнөөх нэг дэх өдрөөс МАН-ын батлахаа шидсэн нөхөд шинэ намдаа очиж бүртгүүлнэ. Ингээд 800 боллоо л бол нам албан ёсоор байгуулагдана гэдгийг ч тэд хэлсэн. Тэд ийн яарсны учир онц их хурал хуралдуулах гэж. Энэ их хурлаар олон асуудал шийдэгдэнэ. МАН-ын задрал эндээс эхэлнэ. Их хуралд УИХ-ын гишүүд ч оролцоно гэдгийг ойрын эх сурвалж хэлж байгаа. Харин энэ их хурлаас өмнө МАН Ц.Шинэбаяраас суудлаа авах байх. Ц.Шинэбаяр ч өгөх юм байгаа биз.
Уг номоороо бол МАН-ынхан Ц.Шинэбаяраас нэг суудлаа авах, эс бөгөөс Ц.Шинэбаяр МАН-аас 45 суудлаа авах тийм л хоёр зам дээр зогсч байгаа юм. Тэдний хурлын дараахь ажил бол Сонгуулийн тухай хуулийг бариад дайрчих юм гэнэ. Хууль бус Засгийн газартай, хууль бус парламенттай энэ орны улс төрийн тулаан ингэж үргэлжлэх нь. МАН-ын сонгуульд орсон субъект нь МАХН. Тэгэхээр өнөөгийн УИХ-д МАН-аас ганц ч суудал байхгүйг хууль батлана. Юуны олонхи, намын  бүлэг энэ тэр байх билээ. Одоогийн байдлаар УИХ-д Ардчилсан нам олонхи гээд сууж байгаа шүү дээ. Эндээс харахад  2012 оны сонгууль хүлээх манатай л юм болно. 2011 онд ахин сонгууль болох магадлал бий болж байгаа юм. Ном журмаараа бол тийм. Тэгээд 2011 оны сонгуульд үнэн хэрэгтээ Ардчилсан нам, “Монголын алдарт хувьсгалт нам” хоёр тунаж үлдэх тийм зураг харагдаж байгаа юм. МАН-д суудал бий эсэхэд үнэндээ эргэлзээ төрж байна. Цаашлаад орон нутгийн сонгууль болно гээд улс төрийн амьдралд үйл явдлаар дүүрэн ирээдүй харагдана. Яг энэ үед бол ханан хавцалд шахуулсан МАН-ын удирдлагуудад бууж өгөх эс бол ханан хавцлаас нисч үхэх хоёр зам л бий. “Монгол ардын нам мандтугай” гэдэг үг ханан хавцал дээрээс мөнх тэнгэрийн зүг дүүлж одно. Эсвэл хадан дээр цусаар бичигдэн үлдэнэ. Өөр юу ч байхгүй. Харин энэ үед С.Баярт шидмэс олдохгүй зовоох байх. Энэ тулааныг Ардчилсан намынхан ч дэмжиж байгаа нь мэдээж. Хэрэв энэ зургаар явбал Ардчилсан намд олонхи болох шаанс гарч ирж байгаа хэрэг. Хэтийн зургаас хаашаа ч зөрөхгүй биз дээ. 

Үүний нөгөө талд ерөнхийдөө байдал эвгүйтэж, МАН “МАНАН” болж замхрахаас урьтаж, “Монголын алдарт хувьсгалт нам”-ыг зоригсодын цуваа үргэлжилнэ. XXVI их хурлаар “х” үсэг гээсний найр хийн “мандтугай” хэмээн уухайлж байсан нөхөд ч нөмөр нөөлөг хөөн амь зулбахаас өөр арга байхгүй. Ямар Ардчилсан намд элсэлтэй биш. Тэгэхээр “Би МАХН-д хайртай. Үзэл бодол минь л энэ байсан” гээд мөргөж залбиран очих болно. Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Ц.Мөнх-Очир нар намынхаа эсрэг мэдэгдэл хийсэн нь ч энэ жимийн эхлэл биз. Үүний нөгөө талд ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг унагах гэж Ц.Батбаяр нарын гишүүд УИХ-ын даргад өргөх бичиг барьсан. Үүнийг засгийн газрыг унагах Н.Энхбаярын төлөвлөгөө ч гэдэг. Мэдэгдэл гаргахад өнөөх Н.Энхбаяртай есөн удаа уулзсан хэмээн намынхаа даргад чичлүүлж байсан С.Эрдэнэ “Энхбаярын Батбаяр”-тай хүч хавсарсан шүү дээ. Ц.Сэдваанчиг ч ямар үзэл бодолтой явааг эндээс харж болно. Ер нь зам шуудрах тийшээ хандсаныг энэ мэтээс харчихад эргэлзэх хэрэггүй биз. Шуудхан хэлэхэд Ардчилсан намынхан ийм алтан боломж гарч байхад “гал дээр тос” нэмэхгүй байгаа нь хачирхалтай. Эд нар “хөнжилдөө хөлөө жийлцэж” байхаар бэлчээр сэлгэмээр тийм чухал цаг үед амьдарч байгаагаа ойлгох цаг иржээ. Та нарын тоглолт дутаж байна шүү. Ямар “аавдаа адуу манахыг заана” гэдэг шиг зөвлөгөө өгөлтэй биш дээ.

Яг өдийд Н.Энхбаяр “Та нар надаас тийм амархан салчихна гэж бодоогүй биз дээ” гээд инээж суугаа. Ганц “х” үсгээр дамжуулж, Н.Энхбаяр нар ч том тоглолт хийлээ шүү. МАН ганц “х” үсгийн төлөөсийг арай л томоор төлөх гэж байна даа. Тэр “х” үсгийг тийм хүчтэй гэж хэн санаа аж дээ.  

С.УУГАНБАЯР


Зохиогчийн эрх:
"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж