H1N1-ээс сэргийлэх зөвлөмж гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

H1N1-ээс сэргийлэх зөвлөмж гаргажээ

Хүний томуугийн А(H1N1) –ээр халдварласан үед халуурах, нус гоожих, ханиалгах, цээж, толгой, хоолой, булчин өвдөх, амьсгаадах, сульдах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илрэх юм байна. Хүүхдийн байгууллагаас уг өвчнөөр өвчилсөн хүүхэд илэрсэн тул радио болон телевизын сэрэмжлүүлэгийг (DVD), санамж зөвлөмж, зурагт хуудас, гарын авлага байдлаар бэлтгэн  бүх аймаг, хотын ЭМГ болон дүүргийн ЭМН-үүд, эмнэлэг, сургууль, хүүхдийн байгууллагад хүргэсэн байна.  Мөн ХӨСҮТ-ийн (www.nccd.gov.mn)  сайт болон ТҮТ-ийн (www.flu.mn), cайтад байршуулсан байгаа нийтэд хандсан мэдээлэл зөвлөмжийг өргөн  ашиглах боломжтой аж.

Ард иргэдэд өгөх зөвлөмж:

Томуу, А(H1N1)-ээр  өвчилсөн буюу сэжигтэй бол маск зүүж, гэртээ байх, гэр бүл, найз нөхөддөө  хэл, олны хөлийн газраар явахгүй байх хэрэгтэй. Эмнэлэгт хандаж зөвлөгөө, тусламж авах бол – Яаралтай түргэн тусламжын 103,  ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд залгах  буюу  сум, өрхийн эмнэлэг, ойролцоох эмнэлэгт хандах хэрэгтэй. Хэрэв өвчтэй болон сэжигтэй хүн байгаа бол маск зүүлгэх, аяга халбагыг тусгаарлах, хэвтрийн дэглэм сахих,  гарыг нь сайн угаалгах, цэвэр агаар оруулах, ариутгал хийх, хамт байгаа хүмүүс маск зүүх, хүрэлцсэн бол гараа сайн угаах, түүнээс аль болох зайтай байх, эмчийн зөвлөмжийг сайтар дагаарай. Мөн томуугийн А(H1N1) вирусийн халдвар болон ханиад томуунаас урьдчилан сэргийлж, ханиаж, найтаахдаа амаа дарах, гараа сайн савандаж, сайн угаах, гэр, байрандаа цэвэр агаар оруулж, чийгтэй цэвэрлэгээ хийх, халуун шингэн ахиухан  уух, хөлөрөх, чанарлаг хоол идэхыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчдад зориулсан зөвлөмж:

-Хүүхдийн байгууллага сургууль, цэцэрлэгт ирцийн тандалт хийж, хүүхэд бүрийн халууныг өдөр бүр үзэх, халуунтай, томуугийн сэжигтэй хүүхдийг гэрээр нь байлгах, сургууль дээр гар угаах нөхцөл боломжийг сайжруулах, нягтралыг багасгах, дулаан байх, агааржуулах, ариутгал, халдваргүйтгэлийг байнга хийх, халуун хоол, ундаар үйлчлэх

-Улс, хувийн хэвшлийн албан байгууллагууд ажил, үйлчилгээгээ  хэвийн явуулах нөхцлийг хангах, ажилчдаа витаминжуулах, чийрэгжүүлэх, сэргийлэх арга хэмжээ авах, томуугаас сэргийлэх энгийн аргуудын талаар зөвлөмж өгөх, ил байршуулах, сурталчлах;

-Албан байгуулага, хүнс, худалдаа, тээвэр, эмнэлэг, үйлчилгээний байгууллагууд агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл хийх, ариун цэвэр, эрүүл ахуйн норм стандартын хэрэгжилтэд тавих хяналтаа эрчимжүүлэх хэрэгтэй.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж