2010 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шагналыг “Барселона” багийн довтлогч Лионель Месси хүртсэн билээ. Түүнтэй хамт багийн андууд болох 2010 оны дэлхийн аварга Андрес Иньеста болон Шави Эрнандес нар эцсийн шатанд тунан үлдсэн бөгөөд зарим хүмүүс Мессиг шагналын эзэн болсонд дурамжхан байгаагаа илэрхийлж байлаа. Өнгөрсөн даваа гаригт FIFA 2010 оны шилдэг хөлбөмбөгчийг тодруулж, Лионель Мессид Ballon d’Or-ыг гардуулсан билээ. Эцсийн шатанд өрсөлдсөн “Барса”-гийн гурвалаас Месси илүү олон санал авснаар шагналын эзэн болсон. Үүний дараа хэвлэл мэдээлэл, интернэт сайтуудаар Мессиг шагнал авах ёсгүй байсан мэтээр бичсэнээс гадна “Барса”-гийн дотоод уур амьсгалыг тааруу байгаа гэж олон нийтэд ойлгуулахыг хичээсэн юм. Энэ бүхнийг ор хоосон зүйл гэдгийг дэлхийн хоёр удаагийн шилдэг хөлбөмбөгч өөрөө баталж байна. Тэрбээр хэлэхдээ “Би үүнд нэг их юм бодохгүй байгаа. Би мэдээж багийн нөхдөө хүндэлж байна. Би багийнхантайгаа сайн харьцаатай байгаа. Тэд надад баяр хүргэсэн. Энэ л хамгийн чухал зүйл" гэжээ.
Месси шагнал эзнээ олсон гэдгийг батлан харуулж, лхагва гаригт “Бетис”-ийн эсрэг хет-трик хийсэн юм. Гэхдээ Ла лигийн мэргэн буучдын жагсаалтыг “Реал Мадрид”-ын Криштиан Роналду 22 гоолтой тэргүүлж яваа. Харин Месси 18 гоолтой байгаа бөгөөд энэ ням гаригт “Малага”-гийн эсрэг гоолын тоогоо өсгөх бүрэн боломжтой билээ.
Score Studio