Хариуцлагыг нь “Эрдэнэс ТТ” хүлээх үү? | News.MN

Хариуцлагыг нь “Эрдэнэс ТТ” хүлээх үү?

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Хариуцлагыг нь “Эрдэнэс ТТ” хүлээх үү?

Ашгийг нь гадныхан хүртэж, хариуцлагыг нь “Эрдэнэс тавантолгой” хүлээх гэж үү

Хариуцлагыг нь “Эрдэнэс ТТ” хүлээх үү?

Монгол төдийгүй дэлхийн уул уурхайн акулуудын анхаарлын төвд нэгэнт орсон Тавантолгойн нүүрсний ордыг тойрсон асуудал УИХ, Засгийн газрын хэмжээнд дахин хөндөгдөж магадгүй болоод байна. Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотойгоор Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн хэрэгжүүлж буй зарим үйл ажиллагаа УИХ-ын 39 дүгээр тогтоол болон Ашигт малтмалын хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчиж буй нь энэхүү асуудлыг дахин сөхөхөд хүргэжээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд С.Батболдод асуулга тавьж, УИХ-ын 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөхийг хүссэн нь улс төр, олон нийтийн анхаарлыг Тавантолгойн зүг дахин хандуулж эхэллээ. Өнгөрсөн жилийн наадмын өмнөхөн УИХ дээрх тогтоолоороо төрийн өмчит “ Эрдэнэс МГЛ” компанид Тавантолгойн ордыг ашиглалтад оруулахтай холбоотой үйл ажиллагаа явуулах эрх олгосон. Энэ дагуу тус компани ТӨХ-той хамтран өөрийн мэдлийн талбайгаа хоёр хувааж ашиглахаар төлөвлөн олон улсын хэмжээнд тендер зарласан нь энэхүү маргааны эх үүсвэр болж байна. Энэ тогтоолын 1.1 дэх заалтаар Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр ашиглах, 1.5 дахь заалтаар гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн консерциумыг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж, хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлж, бусад баримт бичгийн төслийг танилцуулах үүрэг өгсөн. Гэтэл үүнээс хойш хагас жил өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл охин компани байгуулснаас өөр албан ёсоор хийгдсэн ажил алга.

Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад Австралийн иргэн Рассел Норман Филипс шалгарсан ч жилд 300-400 мянган ам.долларын цалин нэхэж буй нь албан ёсны томилгоог түр хойшлуулсан гэсэн мэдээлэл бий.

Харин өнгөрсөн намар олон улсын хэмжээнд зарласан олборлолтын оператор компани сонгон шалгаруулах тендер нь УИХ-ын тогтоол болон хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэсэн маргаан үүсээд байгаа. Энэ нь УИХ-ыг Тавантолгойн асуудалд дахин анхаарал хандуулахаас өөр аргагүйд хүрчээ. Эрхэм гишүүдийн ярьж буйгаар энэ ордыг хувааж жижиглэхгүйгээр бүхэлд нь ашигласнаар үнэ цэнийг нь өсгөх, хөрөнгийн зах зээлээс босгох санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд Тавантолгойг бүхэлд нь ашиглалтад оруулахыг УИХ-аас Засгийн газарт үүрэг болгосон юм.

Гэтэл “Эрдэнэс МГЛ” компани “Тавантолгой” орд буюу Цанхийн хэсгийг баруун, зүүн хоёр хэсэгт хуваан баруун хэсгийг нь стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулж, хувь эзэмшүүлэх зарчмаар хамтрах, зүүн хэсгийг нь охин компани болох “Эрдэнэс Тавантолгой”-д дангаар эзэмшүүлэн, олон улсын туршлага бүхий оператор компанийг сонгон шалгаруулж, олборлолт явуулахаар тендер зарласан нь УИХ, үндэсний эрх ашигтай зөрчилдөхөөр байгаа. Өнгөрсөн онд зарласан оператор компани шалгаруулах тендерт олон улсын есөн консерциум оролцсон. Гэвч дээрх маргаанаас болоод өнөөдрийг хүртэл шалгаруулалтын дүн эцэслэн гаргаагүй. Эх сурвалжийн хэлж буйгаар 2011 онд хугацааг нь сунгаж, Японы гангийн үйлдвэрлэлийн нэрийн хуудас болсон “Ниппон Стил”, Бразилийн “Vale” зэрэг уул уурхайн акул нэмж оролцохоо илэрхийлжээ. Мөн “Рио Тинто” БНХАУ-ын “Шинхуа” групптэй хамтран консорциум болж орох мэдээлэл ч чих дэлсэв.

Эдгээрээс шалгарсан компани Цанхийн зүүн хэсэгт олборлолт явуулах төдийгүй нүүрсээ худалдах, борлуулах эрхтэй болно. Харин “Эрдэнэс-Тавантолгой” ХК зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь эзэмшинэ. Өөрөөр хэлбэл, Тавантолгойгоос олох ашгийг гаднын оператор компани хүртэж, ашиглалттай холбоотой бүх хариуцлагыг тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу Эрдэнэс-Тавантолгой” компани хүлээх болж байгаа юм. Үүнийг Ашигт малтмалын тухай хуулийн заалтыг үндэслэн тайлбарлахыг оролдъё.

Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7-д “Ашигт малтмал ашиглах” гэж …ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэлнэ гэж заажээ. Мөн хуулийн 4.1.16-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг хэлнэ, 7.3-т “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хориглоно, 7.4-т “Нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг этгээдийн нэр дээр олгоно” гэж заажээ. Эдгээр заалтаас үзвэл ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа субъект олборлолт, борлуулалт хийх эрхтэйг хуульчлан тогтоожээ. Гэтэл тусгай зөвшөөрөл нь Монголын төрийн өмчит компанид үлдэж, харин олборлох, борлуулах эрхийг гаднын компани эзэмших нь тодорхой болж байна. Учир нь ТӨХ болон Эрдэнэс-Тавантолгой” компаниас зарласан оператор компани шалгаруулах тендер шалгарах нь байтугай шаардлагад нь ч нийцэхгүйг салбарынхан нь хэлж буй. Тиймээс Тавантолгойн шимийг нь хүртэх боломж гадныханд нээлттэй байгаа юм. Харин Засгийг газар, “Эрдэнэс МГЛ” компани УИХ, үндэсний эрх ашгийг үл ойшоон, хууль зөрчсөн үйл ажиллагаагаа хамгаалсаар үлдвэл Тавантолгойн баялгаас шимлэдэг нь л монголчууд бидэнд үлдэх нь нэгэнт тодорхой болоод байна.

Шалгарсан оператор компани нүүрс олборлоно, бас борлуулах үүрэг хүлээнэ гэж дээр хэлсэн. Тийм болохоор тэд хамгийн дээд хэмжээнд нь олборлож, түүхийгээр нь гадагш экспортолно. Гэхдээ далайн чанадад хүргэж хамгийн том хэрэглэгч болох Япон, БНСУ-д нийлүүлж өндөр үнээр худалдан борлуулах нь юу л бол. Зардал чирэгдэл ихтэй тул хамгийн ойрын зах зээл болох Хятад гэх цадаж анашгүй “Мангас” шууд экспортлохыг эрхэмлэхийг үгүйсгэх аргагүй. Үнийг монголчууд бид өөрсдөө хийж чадахгүй гэж үү.

Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д “Стратрегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилна” гэсэн заалт бий.  Хувьцаагаа арилжин хөрөнгө босгодог дэлхийн туршлага бий. Манайд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй гадны хөрөнгө оруулалттай компаниуд ч энэ аргаар босгосон мөнгөөрөө Монголд хөрөнгө оруулж байгаа. Тиймээс бид ч бас дээрх хуулийн заалтаа хэрэгжүүлэн өөрсдөө хөрөнгө босгох боломжтой. Харин үүний тулд Тавантолгойн ордыг ашиглах эрхийг гаднынхантай хуваалцах биш Монголын төр, ард түмэн дангаараа эзэмшдэг байх нь чухал эс бөгөөс бидний баялгаар босгосон хөрөнгийн тухай ордын ашиглаж буй гаднын компаниуд эзэмших болоод байгаа аж. Тиймээс Тавантолгойг ашиглахтай холбоотой асуудлыг төр эргэн харж, гаргасан шийдвэрээ дахин шалгахаас аргагүйд хүрчээ. Ямартай ч Монголын ард түмний хувь хишиг хүртэхээр хоёр жилийн турш хүлээж буй Тавантолгойг эргэлтэд оруулах “галт тэрэг”-ний зүтгүүр эхнээсээ ийнхүү буруу замраар давхиж эхэллээ. Харин зүгийг нь зөв чиглүүлж, замыг нь засахаар УИХ анхаарлаа хандуулсанд талархууштай ч нэгэнт хөдөлсөн галт тэргийг зохицуулах боломж үлдсэн болов уу.

Д.ОЮУН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-01-14 182.160.22.247

USA-s irsen 2007 oni LEXUS-470 hyamdhan zarna 99085084

Avatar

ддд 2011-01-14 182.160.51.135

Энэ асуудалын гол нь төр барьж байгаа 2 намын хувааж идэх бодлоготой л холбоотойНамуудын доторх бүлэглэлүүд Тавантолгойн төлөө унтаж идэх завгүй тулаан болж байнаа

Avatar

Зочин 2011-01-14 182.160.14.178

Tavan tolgoin asuudliig hariutsaj baigaa humuus ni yamar ch medleggui baina tiimees sanaatai sanamsargui iim aldaa dutagdal gargaj baina mergejliin chadvarlag humuuseer solih heregtei

Avatar

aragchaa 2011-01-14 182.160.14.178

yu veeee ene tavan tolgoi chini bas oyu tolgoin zamaar oroh gej baigaa yum baina shuu dee ene uls turchdiig bugdiig ni hariutslaga huleelgedeg bolohgui bol bolohoo baijee odoo yah yum boloo yer ni

Avatar

igen 2011-01-14 203.160.55.44

Avligachid oorsnoo uhamsarlaad har savraa tat tegehgui bol ta nariin huuhduud bayalagiin h**** bolj uhene shuu

Avatar

sanaa 2011-01-14 120.16.38.89

ENE asyydlyydiig zov golidrol ryy ni oryylaxad setgyylchid ta byxnii yyreg shyy ard tymen chin xarj bna

Avatar

Amraa 2011-01-14 122.201.19.3

MAXHmn domain neriig zarna uniinsanal SMS r avna utas 99051483 88000389

Avatar

www.terguun.net 2011-01-14 203.169.52.131

Монголын тэргүүлэх кино сайт нээгдлээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж