“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаар хэвлэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаар хэвлэгдэв

Эмхтгэлийн шинэ оны хоёр дахь дугаарт Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Хуульд нэр томьёоны тодорхойлолтуудыг нэмсэн бөгөөд “байгалийн ургамал”, “байгалийн ургамлын нөөц”,”ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ”, “харь ургамал” гэдгийг хэрхэн ойлгохыг нарийвчлан томьёолжээ. Ургамлын тархац, нөөцийн судалгаа явуулах, экологи-эдийн засгийн үнэлгээг хэрхэн тогтоох талаархи нарийн мэдээллийг эмхтгэлээс авах болно. Түүнчлэн Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Нэн ховор, ховор, элбэг ургамал ашигласны төлбөр тооцох үзүүлэлт, эдийн засгийн үнэлгээний хувийг дээрх хуулиар тогтоожээ.

Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг нийтлэв. Дээрх тогтоолоор Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай болон эрчим хүчний салбарын төрийн өмчийн компаниудын урт хугацаат зээлийг анх зээлсэн үеийн ханшаар тооцон төгрөгт шилжүүлэх, ханшийн зөрүүнээс үүсэх алдагдлыг Засгийн газар бүрэн хариуцаж тухайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт болгон тооцох, цаашид мөнхүү урт хугацаат зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг барагдуулах асуудлыг судлахыг Засгийн газарт даалгасан байна. Мөн төвийн бүсийн эрчим хүчний компаниудад улсын төсвөөс олгож байгаа татаасын хэмжээгээр тухайн салбарын компаниуд болон нүүрсний уурхай хоорондын хуучин өр, авлагыг бүрэн хааж, хэрэглэгчид ирэх ачааллыг хөнгөлөх зорилгоор 3 жилийн хугацаанд Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай болон төрийн өмчийн эрчим хүчний компаниудад улсын төсвөөс олгож байгаа татаасыг бууруулахгүй байх, тарифын орлогоор санхүүжүүлэх боломжгүй өндөр өртөг бүхий томоохон шинэчлэлийн ажлуудыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр тогтоосон байна.

Улсын төсвөөс татаас олгож байгаа хугацаанд ахуйн цахилгааны үнэ, тарифыг шатлалтай болгон өрх бүрийн сарын хэрэглээний 150 кВтц-ийг одоогийн мөрдөж байгаа үнэ тарифыг индексжүүлэн тооцож, түүнээс дээшхи хэрэглээ болон үйлдвэр, аж ахуйн нэгж ,байгууллагын эрчим хүчний үнэ, тарифыг бодит өртгөөр тооцох, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад чадлын тариф нэвтрүүлэхээр болж байгаа юм.
          
 Прокурорын ёс зүйн дүрэм батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигтай эмхтгэлээс танилцаарай. Прокурорын ёс зүйн хэм хэмжээ, прокурорын улс төрийн үйл ажиллагаанд хийх хязгаарлалт, прокурорын биеэ авч явах ёс зүйн хэм хэмжээ болоод ёс зүйн дүрмээ биелүүлээгүйгээс гарах үр дагавар, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны талаархи мэдээллийг “Төрийн мэдээлэл” өгөх болно.

Ой хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журмыг баталсан Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Ой модны шаталтын зэрэглэл тогтоох, экологийн хохирлыг тодорхойлох, модны насны ангийн итгэлцүүр, эд хөрөнгийн хохирлыг тодорхойлох, зардлыг хэрхэн тооцохыг дээрх журмаар зохицуулах ажээ. Түүнчлэн “Эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолтой эмхтгэлийн хуудаснаас танилцах боломжтой.

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж