Таны ямар чадавх илүү хөгжсөн бэ?

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Таны ямар чадавх илүү хөгжсөн бэ?

1. Хэл ярианы чадавхи
Хүн төрснөөс эхлэн сурсан хэл яриагаа ашиглах чадвар нь янз бүрийн соёл иргэншил, нөхцөл байдлын дунд ялгаатай байдаг. Жишээлбэл зарим хүн хэлийг зөвхөн бусадтай харилцахын тулд ашиглаж байхад зарим нь маш олон хэл мэддэг, харилцааны чадвартай байх жишээтэй. Эрдэмтэд олон жилийн турш хэл яриа болон тархины хоорондох холбоог судалж үзжээ. Хэл ярианы чадвартай хүн бусадтай харилцах харилцаа, холбоондоо хэлийг чадварлаг хэрэглэдэг болох нь нотлогджээ. Энэ чадавх нь ярих тайлбарлах ойлгуулах,ухуулах зэрэг ажил мэргэжилд (ихэнхдээ илтгэгч, уран уншигч, улстөрч гэх мэт) илэрдэг. Хэл ярианы чадавхыг хөгжүүлэхийн тулд суралцах орчинд ном сонин унших, бичих, ярих, илтгэл тавих, сонсох, чанга дуугаар унших, жүжиг тоглох зэргийг хийх хэрэгтэй
2. Логик- математикийн чадавх
Хувь хүний логик сэтгэхүйн чадварлаг байдал нь, асуудлыг шинжлэх ухааны аргаар шийдэх, ухагдахуунуудын хоорондох уялдаа холбоог олох, ялган салгах, ангилах, ерөнхийлөх, математикийн ямар нэг томьёог батлах, тооцоолох, адилтгах зэрэг чанаруудаар илэрдэг. Логик- математикийн чадавх нь хүчтэй хөгжсөн хүмүүс бол математикчид, эрдэмтэд, нягтлан бодогчид, статистикчид, компьютерийн программистууд гэж хэлж болно. Энэ чадавхыг хөгжүүлэхийн тулд бодлого бодох, геометр судлах, хэмжих, ангилах, хуваах, сэтгэхүйн тоглоом, туршилт хийх, ямар нэг зүйл бүтээх зэрэг дасгалыг хийх хэрэгтэй.
3. Орон зайн чадавх
Энэхүү чадвар нь гурван хэмжээст дүрсийн хэлбэр байдлыг хэр их төсөөлж чаддагтай холбоотой. Энэ төрлийн оюуны чадавх нь биетийг хараагүй боловч сэтгэлдээ амилуулж, онцлог талуудыг нь ялгаж чаддаг байхыг хэлнэ. Энэ чадавх нь харах чадвар болон биет, огторгуйд байгаа дүрсийн хэлбэр, графикийг үзүүлэх, зурах будах, хэлбэр үүсгэх зэрэг чанарыг агуулдаг. Анчин, мөрч, зөвлөгч, уран барималч, засал чимэглэлчин, зураач, сийлбэрчин зэрэг хүмүүс бол энэ чадвар нь хөгжсөн хэрэг юм. Энэ чадварыг хөгжүүлэхийн тулд зураг, график, фото зураг унших, биет адилтгал бүтээх, гурван хэмжээст туршилт, будах, эвлүүлэх, өгүүллэгийг зургаар илэрхийлэх, загвар зохиох, өнгө будаг, дүрс ашиглах зэрэг арга дасгалыг хийж болно.
4. Хөгжмийн – хэмнэлтийн чадавх
Хөгжмийн чадавхын тухай бодоход дуу хөгжмөөр өөрийгөө илэрхийлдэг хүмүүс санаанд ордог. Эдгээр хүмүүст хэмнэл, хөг аялгуу, жүжиглэх мэдрэмж байдаг. Хөгжмийн зэмсгээр тоглох, дуулж байгаа дуугаа шинээр зохиох зэрэг чадвартай. Энэ чадвар нь сайн хөгжсөн хүмүүс ихэвчлэн хөгжмийн зэмсэг, найрал дуу, найрал хөгжим зэргийг сонирхдог. Хөгжмийн чадварыг хөгжүүлэхийн тулд дуу дуулах, хэмнэл олох, аялах, хөг олох, фон хөгжим тоглох, хөгжмийн зэмсэг тоглох зэргээр хичээллэх хэрэгтэй.
5. Бие махбодийн чадавх
Энэ нь хувь хүн өөрийн бие, үйл хөдлөлөө ашиглах байдал буюу биеийн хэлийг хэр эзэмшсэнийг нь харуулдаг. Биеийн чадвар сайтай хүмүүс спортын дасгал хөдөлгөөн, тогтмол хэмнэлттэй тоглоомыг хялбархан сурдаг.Ийм чадвартай хүмүүсийн биеийн тэнцвэр, зайн баримжаа, хурд, туршлага, уян хатан байдал нь анхаарал татдаг. Бүжигчид, уран нугарагчид, тамирчид, үггүй жүжиглэгчид, мэс засалчид, техникчид, уран барималчдыг нэрлэж болно. Биеийн чадварыг хөгжүүлэхийн тулд биеийн хөдөлгөөн, биеийн хэлийг ашиглах, тустай зүйлсийг олох, гардан хийх туршилт зэргийг ашиглана.
6. Нийгмийн харилцааны чадавх
Энэ чадавхын дотор хүмүүстэй харилцаа тогтоох, бусдыг ойлгох, зан аашийг нь мэдэх зэрэг чадвар багтдаг. Бид энэхүү чадавхынхаа тусламжтайгаар л хэсэг бүлэг болдог билээ. Улстөрчид, лидерүүд, сэтгэл зүйчид, багш нар, жүжигчид, аялал жуулчлалын ажилтан нар бүгд л энэ чадавхаа сайн ашигладаг хүмүүс юм. Нийгмийн харилцааг хөгжүүлэхийн тулд бүлгээр ажиллах, багаар суралцах, мэтгэлцэх, клуб байгуулах, жүжиг тоглох зэрэг нь хэрэгтэй.
7. Дотоод сэтгэлийн чадавх
Энэ чадвар нь хувь хүн “өөрийгөө” мэдрэх, ойлгохтой холбоотой чадвар юм. Бид хэн болохоо, юунаас болоод юу мэдэрч байгаагаа бодож байгаа маань үүнтэй холбоотой. Энэ чадвар нь сайн хөгжсөн хүмүүс өөрийгөө таньж мэдэх, өөртөө итгэх, сахилга баттай байх, хувийн бэрхшээлээ давж гарах гэх мэт туршлагатай байдаг. Энэ чадварыг хөгжүүлэхийн тулд хувийн төслийг хэрэгжүүлэх, ажлынхаа үүрэг хариуцлагыг ухамсарлах, өөрийгөө таньж мэдэх зэрэг арга хэрэглэж болно.
8. Байгалийн чадавх
Гарднер олон талт оюуны чадавхынхаа хамгийн сүүлд (1995 онд) олж нээсэн ойлголт юм. Төрөлхийн энэ чадвар нь нэг хэсгийн эсвэл бүхэл дэлхийг хамарсан өөрчлөлтийг тайлбарлах, ан амьтан, байгалийн жам ёсыг дуурайн авиа ашиглан судлах, гэрэл зураг авах зэргийг агуулдаг. Анчин, ургамал судлаач, анатомич зэрэг хүмүүсийг нэрлэж болно. Энэ чадавхыг нээн илрүүлэх, хөгжүүлэхийн тулд эргэн тойрныг төлөвлөгөөтэй судлах, сургуулийн хашаан дахь цэцэрлэгийг тохижуулах, амьтан тэжээх, хичээл дээр дуран авай хэрэглэх, байгалийн зураг зурах, зураг авах, каталог хийх зэрэг олон арга байж болно.
Asuultserver.net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж