Хятадын барималч Дай Ген гэгч хэдэн мянган ширхэг тоосго ашиглан BMW Z4 спортын загварын автомашиныг дуурайлган хийжээ. Хятадын зүүн өмнөд бүсийн Шенжен хотноо тэрбээр энэхүү ховор нандин бүтээлээ олны өмнө дэлгэн тавьсан байна. Сонирхолтой нь, тоосгон машины хаалга нь нугастай учир тун хялбар онгойж, хаагдах аж. Дай Ген олон мянган тоосгыг өөлж, хэвэнд оруулаад дараа нь бат бөх болгон нягтаршуулахын тулд бүтэн жилийн хугацаа зарцуулсан гэнэ. Харин худалдаж авахыг хүсвэл 126 мянган ам.доллараар худалдахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Уртаашаа 5 метр, 2,15 метр өргөн, 1,6 метр өндөр, 6,5 тонн жинтэй энэхүү тоосгон хөлөг авто сонирхогчдын тансаг гаражийг чимэх бас нэгэн сор болох нь дамжиггүй.
С.Цэлмэг