Нийслэлийн хот төлөвлөлт болон хөрөнгө оруулалтыг тусад нь авч үзэх нь зүйтэй хэмээн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрыг өнгөрсөн жил байгуулсан. Анхны даргаар БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Ганхүүг сонгож, тус газрын даргаар томилсон юм. Тэрбээр Монгол Улсын урдаа барьдаг инженерүүдийн нэг төдийгүй салбарынхаа жаргал зовлонг сайн мэдэх хүн гэсэн шалгуураар тэнцсэн. Олны нэрлэж заншсанаар “Гурав, дөрөвдүгээр хороолол”-ыг барих үеэс л инженерийн байгууламжийн ажилд нь оролцож явсан түүнийг Монгол Улсын зөвлөх инженер хэмээх эрхэм цолоор нь “хотынхон” мэддэг. Ангийн найз, Барилга хот байгуулалтын сайд асан Ж.Наранцацралтыг залгамжлан УИХ-ын 2008 оны сонгуульд төрсөн нутаг Дундговь аймагтаа нэр дэвшиж явсан удаатай. Харамсалтай нь уг сонгуульд УИХ-ын гишүүн Р.Раш, Х.Наранхүү нарт өвдөг шороодож, УИХ-ын гишүүний тэмдэг зүүж амжаагүй явна. Ямартай ч тэрбээр энэ бодлоо хаяагүй 2012 оны сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хангаад гүйж яваа бололтой. Үүнийхээ гараа болгож Газрын харилцаа, геодези, барилга зураг зүйн газрын даргаар сонгогдох нь нэгэнтээ тодорхой боллоо. Энэ суудалд түүнтэй өрсөлдөж буй хүмүүсийг Ц.Ганхүүгийн тоосонд нь даруулаад үлдэнэ гэсэн нь үнэний ортой байжээ. Ийнхүү инженер Ц.Ганхүү улс төрийн карьераа давгүй эхэлж байгаа юм даг.
Р.САРАНГОО
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин