УИХ реалити-шоу мөн үү ?

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

УИХ реалити-шоу мөн үү ?

УИХ-ын дэгийн тухай хуулийг бид дахин хэлэлцэж эхэллээ. УИХ ердөө нэг
сарын өмнө энэ хуулийг хэлэлцэж баталсан ч  тэр даруйдаа л хэвлэл
мэдээллийн тасралтгүй шүүмжлэл,  сэтгүүлчдийн дайралт өртөж, одоо гишүүд
аргагүй буулт хийж байх шиг байна.

Хэрэв энэ хуулийг өмнө
байсан утга санаагаар нь сэргээн баталбал УИХ-ын Байнгын хороодын
хуралдаанд сэтгүүлчид чөлөөтэй сууж, камер, микрофоноороо бүгдийг нь
бичиж, Сансар ТВ-ээр Монголын улс төрийн “гал тогооны” бүх үйл явцыг
шууд цацаж байдаг дүрэм цаашид хэвээр үйлчлэх болно. 

Асуудлын
гол хөндүүр цэг нь Байнгын хороодын хуралдааны ил тод байдал, хаалттай,
нээлттэй болоод байгаа эсэх тухай маргаан юм гэж олон хүн тайлбарлаж
байна. Харин маргааныг анхааралтай ажиглавал асуудал арай өөр зүйлд байх
шиг. Учир нь бид бүгд л УИХ-ын үйл ажиллагаа ард түмэндээ ил тод, бүрэн
нээлттэй байх ёстой гэж ярих боловч нээлттэй байна гэж чухам юуг хэлээд
байгаагаа өөр өөрийнхөөрөө ялгаатай ойлгоод байгаа мэт. 

Нээлттэй байна гэж чухам юуг хэлээд байгаа юм бэ ? Бүр тодруулбал, УИХ-ын бүх хуралдаанд сэтгүүлч хүн зөвхөн өөрийн биеэр
зэрэгцэн суух бололцоог бүрэн хангаж байгааг л нээлттэй байна гэж үзэх
үү, эсвэл сэтгүүлч хүн хуралдааны өрөөнд суухгүй ч хуралдааны видео
болон дуут бичлэг, ярианы протокол зэрэг бүх төрлийн мэдээллийг хүссэн үедээ үзэх, ашиглах эрхтэй байхыг нээлтэй байна гэх үү ?

УИХ-ын бүх хуралдааныг ТВ-ээр шууд, бүрэн хэмжээгээр нь цацахгүй бол түүнийг ард түмэндээ хаалттай байна гэж үзэх үү ?

Мөн
УИХ-тай адил, аливаа ардчилсан Засгийн газар ч, Ерөнхийлөгчийн алба ч
ард түмэндээ нээлттэй байх ёстой. Тэгвэл сэтгүүлчид Ерөнхий сайдын
өрөөнд ч чөлөөтэй сууж ажиллах эрхтэй юу ? Ерөнхийлөгчийн өрөөнд ч
Сансар ТВ-ын камер байнга зоолттой байх уу ?

УИХ ард түмэндээ
ил тод, нээлттэй байх ёстой. Үүнтэй хэн ч маргахгүй байх. Харин нээлттэй
байдлыг ямар арга замаар, яаж хангах вэ ? Үүнд л бидний ойлголтын зөрөө
байна.

Хоёр сарын өмнө би Хятадын Сиянь (Xian) хотод хэд
хоногийн ажлаар очсон юм. Сиянь бол Бээжингээс урд зүгт онгоцоор хоёр
цаг орчим нисээд очих газарт байрлах, эртний Тан улсын нийслэл байсан,
түүхийн арвин их дурсгалтай том хот.

Энэ хотод байх үедээ, нэг
удаа, санаандгүй шахам ТВ суваг эргүүлж суутал манай УИХ-ын хуралдааны
дүрс гараад ирдэг юм байна. Товчоор хэлбэл бидний бүх яриа маргаан,
эдийн засаг, улс төрийн бүх нарийн ширийн хэлцэл маань Ази тив даяар
бүрэн нээлттэй цацагдаж байдаг гэдгийг тэнд дахин саналаа.

Монгол
шиг ингэж бүх зүйлээ нээлттэй цацаж байдаг улс орон байдаг юм болов уу
гээд лавлан үзэхэд бидэн шиг л улс орон Ази тивд л өөр байхгүй бололтой
юм. Харин үүнтэй төстэй нэг нэвтрүүлэг байх нь Оросын НТВ сувгаар  өдөр
бүр, тогтмол явах Мой Дом-2 гэдэг залуусын реалити шоу л байлаа.

Энэ
бол үнэхээр бидний хүсээд, нэрлээд байгаа нээлттэй байдал мөн үү ?
Хэрэв тийм юм бол бусад ардчилсан улс орнууд бүгд яагаад ингэж цацдаггүй
юм бэ ?

Нээлттэй байдал бол ардчиллын хэмжүүр гэдэг. Бид тэгэж
хэлмэгцээ ардчиллын бусад тулгуур зарчмуудыг харин мартчихдаг. Ямарваа
ардчилсан улс оронд нээлттэй байдал нь иргэдийн болон улс үндэснийхээ
аюулгүй байдал, иргэний болон төр, олон нийт, бизнесийн институцүүдийн
бие даасан, хараат бус байдалтай зэрэгцэн оршдог. Нээлттэй байх нь
зөвхөн аюулгүй байх, бие даасан байх зэрэг бусад шинж чанартай хамт
оршихоос дангаараа оршдоггүй.

Үүнийг ойлгохын тулд, яагаад
гадаадын сонины сэтгүүлчид хүнээс ярилцлага авахдаа уг хүний
зөвшөөрөлгүйгээр магнитофон хэрэглэдэггүй юм, яагаад бүх улс орны
шүүхийн танхимд зураг авах, бичлэг хийхийг хориглодог юм, яагаад
гадаадын парламентийн ордонд сэтгүүлчид зөвхөн парламентийн сувгаас
бичлэгээ авч, хуралдаан дээр зөвхөн үзэг, дэвтэртэй ордог юм гэж
мэргэжилтнүүдээс асуугаарай.

Асуудлыг эрэмблээд, эхлээд аюулгүй
байдлын тухай ярья.  Гэхдээ энд улс орны нууц, уул уурхай, эдийн засаг,
гадаад бодлогын талаарх “том” асуудлуудын тухай бус, харин бидний
хэлдгээр ердийн нэгэн зүйлсийн талаар буюу бүр тодруулбал хувь хүмүүсийн
үйл ажиллагааны нээлттэй байдал, аюулгүй байдлын харилцан уялдааны
талаар авч үзье. Яагаад гэвэл аюулгүй байдал, нээлттэй байдал хоёр бол
нэг зоосны хоёр тал билээ, 

Жишээлэхэд, Монголын парламентийн
байнгын хороон дээр байнга л болж байдаг “гал тогооны” маргаан,
зөрөлдөөний видео зургийг гадны сэтгэлзүйч мэргэжилтэн тасралтгүй
ажиглах замаар улс төрч нэг бүрийн зан араншин, сонирхол, сул тал
төдийгүй хэн нь хэнтэйгээ ямар асуудлаар эвлэрэшгүй зөрдөг, юунд
эмзэглэдэг, ямар асуудлыг яаж хэлбэл хүлээн авдаг, ямар ашиг сонирхолыг
яаж илэрхийлдэг зэргийг нэгд нэггүй тодорхойлж чадна. Ийм судалгаа нь
бидний хэдэн гишүүдийн хэлэлцүүлэгийн үндсэн сэдэв болж байдаг хэдэн
мал, мөнгө төгрөг зэргээс ч чухал улс төрийн мэдээлэл болж болдог.
Үүнийг хэрхэн ашиглах нь тухайн гадны хүчний бодлогоос зөвхөн хамаарна.
Тэд биднийг улам хагаралдуулж ч чадна, хэн нэг улс төрчийг гогцоодох
дэгээ ч болгож чадна.

Тийм ч учраас улс орнууд улс төрийнхөө
“гал тогоогоо” бүгдэд бүрэн нээн харуулж, үйл ажиллагааг нь ТВ-ээр
тасралтгүй цацаж байдаггүй. 

Энэ бол жижиг сэдэв биш. Хувь
хүний аюулгүй байдлын асуудал нь зөвхөн улс төрчдөд төдийгүй хүн бүрт
хамаатай асуудал. Тийм ч учраас гадаад орнуудад, жишээлэхэд,  сонины
сэтгүүлч хүн ярилцаж буй хүнийхээ зөвшөөрөлгүйгээр яриаг нь магнитофонд
бичихийг хууль бус үйлдэл хэмээн үздэг.

Ардчиллын нөгөө нэг гол
зарчим бол бие биенийхээ бие даасан байдал, эрх чөлөөг хүндэтгэх,
түүнийг үл зөрчих явдал. Энэ зарчмыг бид сэтгүүлчдийн тухайд маш сайн
мэднэ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сэтгүүлчдийн хараат бус байдлын
тухай бид байнга ярьдаг.

Тэгвэл УИХ-ын гишүүн хүн сэтгүүлч
хүнтэй адилаар хараат бус байх эрхтэй юу ? Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн
хүний бие даасан байдал гэж юу вэ, түүний ажилд сэтгүүлч хүн шууд дарамт
нөлөөлөл үзүүлж болох уу ? Жишээ нь, ажлын хуралдаанд нь зэрэгцэн сууж,
өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр зургийг нь тасралтгүй авч, яриаг нь бичиж,
зэрэгцэн сууж ажиглаж болох уу ?

Ерөнхий дүрэм бол – олон
нийтийн газар байсан бол болох л байх. Харин байгууллага дотор бол
зөвхөн тухайн байгууллагын үйл ажиллагааны дүрмээр зохицуулагдана.
Яагаад гэвэл ямар ч ардчилсан байгууллагын дүрэм нь эрх чөлөө, нээлттэй
байдлыг дээдлэх ч эхлээд хүмүүсийнхээ ажиллах орчныг бүрдүүлдэг,
хамгаалдаг.

Хүний хараат байдал янз бүрээр илэрдэг. Жишээ нь,
улс төрч хүн ТВ харахаараа өөрөөр ярьж, шоу хийж байвал тэр хүн тодорхой
хэмжээнд мэдээллийн хэрэгслийн дарамтад байна гэсэн үг. Энэ бол муу
зүйл биш, буруу ч биш. Хэдийгээр гишүүн хүн үргэлж хэвлэлийн дуранд,
дарамтад байх хувьтай ч, яг шийдвэр гаргах үйл хэрэгт оролцох, санал
өгөх үед нь түүнд нөлөөлсөөр байна гэвэл хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө
бүсдын эрх чөлөөг хязгаарлаж байгаа үйлдэл хийж байна гэсэн үг.

Гишүүдийнхээ
ажил хэргийн энэ орчинг хамгаалах нь УИХ гэдэг байгууллагын эрх, үүрэг.
Үүнийгээ УИХ дэгийн хуулиараа зохицуулдаг. “Эрүүл” дэгтэй парламентэд
сэтгүүлчид Байнгын хорооны хуралдаанд шууд суудаггүй, зөвхөн түүнийг өөр
газраас ажигладаг, харин хуралдааны дараа, эсвэл өмнө хүссэн асуултаа,
хүссэн хүнээсээ лавлан асуух эрх эдэлдэг.   

Чухам үүнтэй
төстэй шалтгаанаас болж шүүгч хүн шүүхийн танхимд шийдвэрээ гаргах,
иргэн хүн мэдүүлэг өгөх, гишүүн хүн парламентийн байнгын хорооны
хуралдаан дээрээ үзэл бодлоо илэрхийлэх үед ТВ-ийн шууд бичлэг хийх,
зураг авахыг хорьдог.

Аюулгүй байдлыг хангах, хараат бус байдлыг
хүндэтгэх гэдэг нь улс төрийн асуудлыг ард түмнээсээ нууна гэсэн үг огт
биш. Хуралдааны бүх материал сэтгүүлчдэд ил байж, сэтгүүлч хүн тэр бүх
материалыг чөлөөтэй ашиглан олон нийтэд мэдээлж байх эрх нь эдгээр
зарчмаас болж хязгаарлагдахгүй.

Нээлттэй байдал, аюулгүй байдал,
хараат бус байдлыг хослуулан хангахгүй бол манай “бүрэн чөлөөт” ТВ нь
улс орны ямар ч институцийн амьдралыг  өөрийн реалити шоуны 
нэвтрүүлэгтэй адил болгох эрсдэлтэй.

Бид бүгдээрээ Монгол улсын
иргэд. УИХ, Монголын хэвлэл мэдээлэл хоёр үндэсний нэг л эрх ашигтай.
Тиймд энэ хоёр засаглал хоёулаа сайн ажиллахын тулд бие биенийхээ
нээлттэй, аюулгүй, хараат бус байдлыг харилцан хүндэтгэх хэрэгтэй бус
уу. 

http://www.enkhbat.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж