Цалин ба авлигын урвуу хамаарал

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Цалин ба авлигын урвуу хамаарал

Цалин гэж юу вэ? Энгийнээр бол компани хүний хөдөлмөрөөр өөрийн үйл ажиллагааг явуулж шууд ба шууд бус замаар ашиг олсон бол эргээд тэр хүний хөдөлмөрийг шударгаар үнэлж шагнал олгохыг хэлнэ. Төрийн хувьд бол бас үүнтэй агуулга нэг адил. Компанийн хувьд хэрвээ компани тохирсон цалинг нь ажилтандаа өгөхгүй бол тэр ажилтан нь өөр илүү цалин санал болгосон өөр компанид ажилд орчих учир ямарваа нэг асуудал үүсэхгүй. Харин төр шударгаар тохирох цалинг нь төрийн албан хаагчиддаа өгөхгүй бол тэнд өөр илүү өндөр цалинтай төр гэж байхгүй учир орлого олох өөр эх үүсвэрийг хайж эхлэх нь зүй. Төр маань эрх мэдлийн институт тул тэнд лиценз, тусгай зөвшөөрөл, тендер зэргийг зарж ашиг олж болохуйц зүйл их бий. Нэгэнт л төрийн албан хаагчдын хувьд авч байгаа цалин нь амьдралд үнэхээр хүрэлцэхгүй тэгээд гэрт нь жирэмсэн эхнэр, өвчтэй эцэг эх, хөдөлмөрийн чадваргүй ах дүүс нь байвал амьдрахын эрхээр ямар ч сонголтгүйгээр хууль бусаар авлига авч амьдралаа залгуулах нь байж болох л зүйл мэт. Ийм маягаар төрийн албан хаагчид бүгд амьдралд нь хүрэлцэхгүй шударга бус бага цалин авч байгаа бол аажимдаа хичнээн сайн хүмүүжилтэй хүн байсан ч гэсэн нэгэнт амьдрал нь хэцүүдэх гээд байгаа учир буруу зам руу орох магадлалтай. Ингэсээр хамгийн их эрх мэдэлтэй авлига их авч болох албан тушаал руу төрийн албан хаагчид хошуурч, ямар ч үнээр хамаагүй тэр үнэтэй суудал очихыг бодож эхэлнэ. Энэ дүр зураг танил биш байна гэж үү. Эндээс цалин авлига хоёр урвуу хамааралтай болох нь харагдаж байна. Юу вэ гэхээр цалин амьжиргаагаа залгуулах төвшнөөс хэдий хэр бага байх тусам тэр хэмжээгээр авлигын төвшин өндөр байна гэсэн үг юм. Харин хангалттай цалин аваад дээрээс нь улс эх орондоо хохиролтойг нь мэдсээр байж авлига авч баяжаад байгаа бол энэ бол эрүүл бус хэт шунал л гэхээс өөр юу гэхэв дээ. Тэгвэл Монголд амьжиргаагаа залгуулж болохуйц дундаж цалин хэд болоо? 20-35 насны ид хийж бүтээх насан дээрээ байгаа залуучуудын хувьд авч үзье. Дунджаар гэр бүлтэй нэг хүүхэдтэй гэж үзье. Өөрөө дангаараа ажил хийж өрх гэрээ тэжээдэг бөгөөд эхнэр нь хүүхдээ гаргах гээд гэртээ сууж байгаа эсвэл оюутан эсвэл ажил хайгаад ч тохирох ажил олдохгүй байгаа гэж бодьё. Нэгэнт л өрх гэр толгойлж байгаа учир өдий том болчоод ээж, аав дээрээ байгаад байж болохгүй учир ердөө нэг өрөө байр яаж ийж байгаад түрээслээд дундаж залуу маань амьдардаг. Энэ бүгдээс амьжиргаагаа залгуулах нэг сарын дундаж зардалыг тооцож үзвэл (байрны түрээс 300 000+ байрны мөнгө 50 000+хоол 200 000+ унаа 32 000)= 582 000 болж байна. Энд хавар, намар, өвөл, зуны хувцас авах, хааяа найз нөхөдтэйгээ уулзах, банкинд сард 100 000 төгрөгний хуримтлал үүсгэж ирээдүйгээ баталгаажуулах талаар оруулсангүй. Гэтэл өнөөдрийн төрийн албан хаагчдын дундаж цалин хэд байгаа билээ 300 000 үүнээс үлдсэн зөрүү 282 000 төгрөгөө хаанаас олох вэ? Шударга бус байгаа юм биш үү. Эсвэл залуучууд маань гэр бүлтэй болохгүй ээж, аавынхаа гэрт гоонь насыг үдэх үү.
Гэвч цалингийн бодлого маань гоонь залуучуудыг ээж, аавых нь гэрт өтлүүлэх юм шиг байна эсвэл гадаад руу охид хөвгүүдээ ажил хийлгүүлэхээр илгээх.  Цалин нэмэхээр инфляци нэмэгдээд эдийн засаг хямарчих гээд байгаа юм шиг инфляци гэдэг хадны мангаагаар ард иргэдээ айлгах юм. Инфляци л нэмэгдэхгүй бол хүмүүс нь авлига авч алдаатай бодлого явуулж, нийгмээ хордуулж байх нь ер хамаагүй юм шиг. Тэртэй тэргүй тэр үнэ чинь зах зээлийнхээ хуулиар зохицуулагддагаас хойш бид тэрэнд санаагаа чилээж, айх хэрэг байна уу. Ард иргэд маань л чанартай хангалуун амьдралтай байвал бүх юм аяндаа болмоор ч юм шиг.   
Цалин нэг жаахан нэмэгдэх сургаар бараг нэмэгдэхээс нь 10 сарын өмнөөс цалин нэмэх гэж байгаа шүү, үнээ нэмээрээ гэж байгаа юм шиг хүн болгон өөрийн хийсэн агуу зүйл болгож ярьж сайрхах юм. Нэгэнт амьжиргааны төвшнөө гүйцэж чадахгүй байгаа цалинг нэмсэн гэж хэлэх ч ичмээр юм биш үү. Тэрний оронд Төрийн албан хаагчдынхаа цалинг зоригтойгоор  600 000 мянга хүртэл нэмээд, авлигаа хазаарлаад , улс эх орноо хөгжүүлэх талаар бодож эхлэх нь дээр биш үү. Цалин нэмэх эх үүсвэр манайд байхгүй биш байгаа гэдгийг жил бүрийн улсын төсвийн орлого, зарлагаас харж болно.  
Цалин нэмэгдэж байна гэдэг маань шууд бус утгаараа дотоодын үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдэж байна гэсэн үг юм. Учир нь илүү орлоготой болсон хүн өчигдөр нэг кг гурил авдаг байсан бол өнөөдөр хоёр кг гурил авч тухайн компанид ашиг оруулна. Энэ нь эргээд компанийн орлого нэмэгдэж байгаа учир компанийн ажилчдын цалин нэмэгдэх гол эх үүсвэр болно. Энэ маягаар баялгийг зөв хуваарилж чадвал ядаж л ядуу учраас хийсэн гэх гэмт хэрэг ч багасна, солонгос руу 100 000 залуус маань боол болох гэж явахгүй, гэртээ гэр бүлтэйгээ эх орондоо чанартай сайхан амьдарна биз дээ. Авлигын төвшин хэд дахин багасч эх орон минь илүү хурдан хөгжих ч юм бил үү.

Ц.ГАРМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж