Н.Батбаяр: Монгол Улс нээлттэй орон болох гээд тусгаар тогтнолоо хүнд бэлэглэчихсэн нь дээр үү, хар гэртээ хаан, бор гэртээ богд суусан нь дээр үү

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

Н.Батбаяр: Монгол Улс нээлттэй орон болох гээд тусгаар тогтнолоо хүнд бэлэглэчихсэн нь дээр үү, хар гэртээ хаан, бор гэртээ богд суусан нь дээр үү


-Урьд нь улс орныг цэрэг зэвсгээр эзлэн түрэмгийлдэг байсан бол орчин үед эдийн засгийн аргаар эзэлдэг болсон. Энэ нь компанийн хувьцаа, лиценз эзэмших хэлбэрээр явж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид тусгаар тогтнолоо хамгаалах хэрэгтэй биз дээ-


УИХ-ын гишүүн Н.Батбаяртай ярилцлаа.

-Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг юунд хүрээд зогссон бэ? Хуульд оруулах гол өөрчлөлт юу вэ?

-Ажлын хэсэг зогсоогүй, ажиллаж байгаа. Ашигт малтмалын хууль болон хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг шүү дээ. Хэд хэдэн удаа хуралдлаа, зарчмын хэд хэдэн саналууд дээр нэгдэцгээсэн. Стратегийн орд газар гэдэг бол Монголын ирээдүй, хувь заяатай холбоотой асуудал. Бид энэ асуудал дээр алдах эрх байхгүй, монголчууд бүгдээрээ нэгдсэн байр суурь, нэг ойлголтод хүрэх ёстой. Хэд хэдэн санал яригдаж байгаа. Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалд нийцүүлж, Ашигт малтмалын хуульдаа өөрчлөлт оруулах ёстой гэдэг дээр тогтсон. Бидэнд өөрсдийн туршлага байгаагүй учраас гаднын туршлагатай танилцлаа, хэд хэдэн гэрээний төсөл дээр ажиллаж үзлээ. Ингээд ирэхэд манайд хууль эрх зүйн хувьд тодотгох, бодлогын хувьд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байна гэж үзсэн. Үндсэн хуульд зааснаар газар доорх баялаг бол ард түмний өмч. Гэтэл өнөөдөр үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуульд энэ санааг дурдсан боловч өмчийн харилцааг нь зохицуулж өгөөгүй.

-Төрийн мэдлийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулсан уу?

-Өнөөдрийн хуульд улсын зардлаар хайгуул хийсэн ордын 51 хүртэл, хувийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн ордын 34 хүртэл хувийг төр өмчилнө гэж байгаа. Үүнийг өөрчилж, дээд хэмжээг биш, доод хэмжээг зааж өгнө. 51-ээс доошгүй, 34-өөс доошгүй хувийг төр өмчилнө гэж. Өнөөдөр газар доорх баялаг газар дээр гараад ирэхээрээ лиценз авсан аль нэг компанийн өмч болчих гээд байгаа. Төрийн өмч хувьд шилжиж болно, гэхдээ тэр нь хуулийн хүрээнд байх ёстой. Хувьчилж, худалдаж болно. Үүнийг нь тодорхой болгох хэрэгтэй. Бид Америкт очиж судаллаа. Америкийн Нүүрсний хууль 1920 онд гарсан байна. Энэ хуульд “Нүүрс бол төрийн өмч” гэсэн байна, хамгийн капиталист оронд шүү дээ. Аль нэг компани хайгуул хийгээд нүүрсний орд газрыг илрүүлсэн бол түрээсийн тендэр зарлаж өгөөч ээ гэж Засгийн газарт хүсэлт тавьдаг. Тендерт хайгуул хийсэн компаниас гадна хайгуул хийгээгүй компаниуд ч оролцдог. Тендерт шалгуур болгож байгаа гол үзүүлэлт нь газар доор байгаа нэг тонн нүүрсийг хэдээр худалдаж авах вэ л гэдэг асуудал. Өнөөдрийн байдлаар нэг тонн нүүрс нэг ам.доллар орчмын ханштай байгаа юм уу даа. Хайгуул хийсэн компани тендэрт шалгарч чадаагүй тохиолдолд хайгуул хийсэн зардлыг нь төр эргүүлж авахгүй. Өөрөө хайгуул хийсэн, хамгийн их мэдээлэлтэй байгаа хэрнээ сайн үнэ өгч чадаагүй бол өөрсдийнх нь буруу болдог. Тендерт орохдоо 20 хувийн урьдчилгаа төлдөг.

-Тэр хуулийг нь шууд аваад ашиглаж болохгүй юм уу?

-Хятадад бас үүнтэй төстэй хууль байна, 1993 онд Америкийн хуулийг аваад ашиглаж байна. Алт, зэс, мөнгө гээд гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүд дээрээ энэ хуулийг ашигладаг. Хятадад болохоор хайгуул хийсэн компанид нь давуу эрхтэйгээр олгодог. Ингэхээр өрсөлдөөн байхгүй болно. Үүнийг нь далимдуулаад нүүрсээ хэдээр зарах үнийг нь Засгийн газар нь тогтоодог. Тогтоохдоо алт тийм үнэтэй, зэс ийм үнэтэй гэсэн юм байхгүй, тухай тухайн орд болгон дээр нь үнэ тогтоодог. Наад зах нь дэд бүтэц хөгжсөн, хөгжөөгүйгээсээ шалтгаалаад өөр үнэтэй байгаа шүү дээ. Манайх ашигт малтмалын лицензийг талбайгаар нь олгож байгаа шүү дээ. Хятадад талбайн дээр нь нөөцийг нь үнэлж олгодог. 500 сая тоннын нөөцтэй орд нээлээ гэх юм бол тэр 500 саядаа л ашиглалт явуулдаг. Дахиад 200 сая тонныг нээвэл түүндээ дахиад лиценз авдаг. Өөрөөр хэлбэл, талбай+нөөц гэсэн бодит хэмжээстэй болж байгаа юм. Манайд бол эсрэгээрээ шүү дээ. Тавантолгойн ордын тогтоосон нөөц 6,5 тэрбум тонн. Гэтэл одоо авчихсан байгаа компани нь 600 сая тонн нөөцтэй гээд байгаа биз дээ. Хятадад бол энэ компани тэр 600 сая тонноор бодож лицензээ төлсөн бол л тэр 600 сая тонноо л олборлох эрхтэй. Энэ мэт ололттой, зөв өөрчлөлтүүдийг нь оруулна аа. Америкийн хууль, Хятадын хуулийн аль алинаас нь авна. Дараагийн нэг өөрчлөлт нь гэвэл монгол хүн газар шороондоо эзэн нь байх ёстой. Хүн ард нь баян чинээлэг сайхан амьдралтай байхын тулд хоёр нөхцөл хэрэгтэй гэж би боддог юм. Нэгд хүн ам ихтэй байх ёстой, зах зээл гэдэг утгаараа. Хоёрт, газар нутаг томтой байх ёстой. Бид чинь нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг улс. Тэгсэн мөртлөө ийм ядуу байгаа нь өөрсдийнхөө боломжийг ашиглаж чадахгүй байгаа хэрэг. Одоо манайд гаднынхан уул уурхайн салбарт маш ихээр орж ирж байна. Энэ газрын зургийг хар. Монголын нийт нутгийн 30 хувьд нь лиценз олгосон байна. Дахиад 30 хувьд нь лиценз олгохоор бэлэн болчихсон байна. Манай давуу тал гэвэл газар нутаг томтой, тэр газар доороо баялагтай. Дээр байршлын хувьд давуу талтай, хоёр том хөрштэй, энэ бол том зах зээл. Тийм учраас манайд ч бас ашигтай байх ёстой. Тийм учраас хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх болж болохгүй ээ. Мэдээж гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэхдээ уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг 50 хувиас хэтрүүлэхгүй байя гэж ярьж байгаа. Уул уурхайн салбарт үйлдвэрэлэл явуулж байгаа компанийн дүрмийн сангийн 50-аас доошгүй хувийг монголчууд хөрөнгө оруулсан тохиолдолд Засгийн газар лиценз олгодог болъё.

-Яагаад ийм өөрчлөлт хийж байгаа юм бэ? Хэр зэрэг хаалттай хуульд тооцогдох бол?

-Монгол Улс нээлттэй орон болох гээд тусгаар тогтнолоо хүнд бэлэглэчихсэн нь дээр үү, хар гэртээ хаан, бор гэртээ богд суусан нь дээр үү. Урьд нь улс орныг цэрэг зэвсгээр эзлэн түрэмгийлдэг байсан бол орчин үед эдийн засгийн аргаар эзэлдэг болсон. Энэ нь компанийн хувьцаа, лиценз эзэмших хэлбэрээр явж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид тусгаар тогтнолоо хамгаалах хэрэгтэй биз дээ. Монголын төртэй хамтарна уу, хувийн хэвшилтэй хамтарна уу, хамаагүй. Харин стратегийн орд дээр бол төр зайлшгүй 51-ээс дээш хувь, гаднынханд худалдах нь 49-өөс доош хувь байна. Хувийн компанид 51 хувийг нь өгчих юм бол хэн их үнэ өгсөнд нь л хувьцаагаа зарчихна шүүдээ, бизнес л юм чинь. Нэг харахад манай бүх орд газар гадныхны эзэмшилд оччихсон байж магадгүй. Тэр үед манай тусгаар тогтнол ямар байх вэ. Энэ ганцхан манайд ч байдаг юм биш. Германы компанийн хувьцааны 25-аас дээш хувийг гаднын компани авах юм бол Засгийн газраас нь зөвшөөрөл авдаг. Зах зээлээ хамгаалж байгаа байхгүй юу. Яагаад ийм байгаа юм бэ гээд асуухаар “Орос, Хятадуудаас болгоомжилж байгаа юм аа” гэж байна. Тэр том улс Орос, Хятадаас болгоомжилж байхад бид энэ хоёр том орны бөөрөнд нь наалдчихаад айхгүй байж болох уу. Австрали бас тийм байна, уул уурхайн компанийн 15 хувиас илүү хувийг гадаадынхан авах бол Засгийн газраас нь зөвшөөрөл авдаг. Бидний хамгийн сайн мэддэг, дэлхийн хамгийн капиталист орон Америк гэхэд нүүрсэн дээр тийм бодлого барьж байна. Герман дэлхийн тав дахь том эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт дээр ийм бодлого барьж байна. Энэ чинь нэг юм хэлээд байгаа биз дээ. Тэнэг хүн өөрийн алдаан дээр, ухаантай хүн хүний алдаан дээр сурдаг. Герман, Австралитай харьцуулахад харин ч нээлттэй байгаа биз дээ.
-Хуулиа чангаруулж, гэрээгээ шинэчлэх гэсээр байтал зэсийн үнэ уначихлаа, хөрөнгө оруулагч нар гараад явчихлаа гэж адгах хүмүүс ч бас байдаг?
-Зэсийн үнэ өнөөдөр 7000 мянган ам.доллартай байгаа. Гэтэл өөрийн өртөг нь 2000 ам.доллар. 3-4 дахин өндөр байгаа биз дээ. Тийм учраас уул уурхайн салбарт гаднынхан орж ирэх сонирхол илүү, нээлттэй байгаа. 68 хувийн татвар тавихад “Бүгд гараад явчихна” гэж байсан, хэн гарч явсан байна. Харин ч нэмэгдэж орж ирээд байгаа биз дээ. Яагаад гэвэл манайх газар зүйн байршлын хувьд давуу талтай. Чилийг хар л даа, дэлхийн бөмбөрцгийн тэр дороос Америк, Европ руу авчирч зэсээ зардаг. Гэтэл манай зах зээл хоёр талд маань байж байна, энэ манай давуу тал.

-Асгатын орд дээр байгуулах гэрээ энэ хуулийн төслөөс болоод хүлээгдэж байгаа. Оросын талд 49 хувь нь оччихоод байгаа лицензийг эргүүлж авна гэсэн. Тэгэх хуулийн үндэслэл байгаа юм уу?

-Угаасаа монголын үндэсний компани дээр байсан лиценз шүү дээ, төрийн өмчийн “Эрдэнэс” компани дээр байсан. Тэндээ буцаж очих ёстой. Үүний дараа хэдэн хувийг нь гадаадын хөрөнгө оруулагчид өгч болох вэ гэдэг асуудал яригдана. Лиценз Оросын талд очсоноор Оросын өмч болдог асуудал биш шүү дээ. Тийм учраас одоо Ашигт малтмалынхаа хуулийг илүү тодорхой болгохын тулд тодорхой асуудлуудыг ярьж байгаа.

-Манайхны гар дээр байгаа Тавантолгойн ордын лицензийг ч бас шинэ хуулиар хурааж авах уу?

-Бид тухайн нэг ордын тухай асуудал огт ярихгүй байгаа шүү дээ. Үндсэн зарчмаа л ярьж байгаа. Түрүүн миний хэлснээс гадна арваад асуудал байгаа. Газар доорх баялаг бол төрийн өмч. Төрийн өмч хувьд яаж шилждэг вэ. Нэг бол хувьчлалаар шилждэг, үгүй бол тодорхой төлбөр төлж байж авдаг. Энэ лицензийн асуудал ч гэсэн шинэ хуулиар зохицуулагдана.

-Танай намаас анхлан санаачилж оруулж ирсэн Татварын өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан. Хориг тавьсан үндэслэл хэр бодитой гэж та бодож байна?

-Би Ашигт малтмалын хууль дээр илүү анхаарал тавьж, ажлын хэсэгт нь орж ажилласан учраас Татварын өршөөлийн хуулийн талаар үнэндээ мэдээлэл багатай байна. Бид бүх хуулийг зэрэг зэрэг уншиж чадахгүй шүү дээ. Тийм учраас энэ тухай ярихаа энэ удаад хойшлуулья. Хоригийг нь ч үнэндээ уншаагүй байна.

-Татварын өршөөлийн хуульд Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар багтаагүй. Үүнд таны хийсэн лобби мэдээж байсан байх?

-Хуулийг санаачлагч нь С.Баярцогт гишүүн. Татвараас өршөөх хуулиудын жагсаалтад 68 хувийн татвар ороогүй. Тэгээд л ойлгочих. Гэхдээ миний хувь нэмэр байсан уу гэвэл байсан, тэр ойлгомжтой..

-Үүнээс болж алтны компаниуд бас “хууль тэгш үйлчилсэнгүй” гэдэг гомдол тавиад байгаа?

-Зориуд “Энэ татварыг чинь төлөхгүй” гэж байгаа улсуудыг яах гэж өршөөлд хамруулах юм. Хууль гарсан бол мөрдөгддөг байх ёстой. Тэгэхгүй бол Монголд хэн ч татвар төлөхгүй болно. Энэ хууль чинь алтны компаниудад таалагдахгүй байгаа болохоос ард түмэнд бол таалагдаж байгаа хууль шүү. Алтны компаниудаас болоод гол ус нь ширгээд, малын бэлчээргүй болчихсон ард түмэн харин ч энэ хуулийг дэмжиж байгаа шүү. Анх 68 хувийн татварыг алтны компаниудаас авахыг бол би эсэргүүцэж байсан. Гэвч хууль батлагдсан учраас хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй.

-Ардчилсан намаас санаачилсан ашигт малтмалын орлогоос ард түмэндээ хувь хүртээх хууль санаачлах ажлын хэсгийн ахлагчаар та ажиллаж байгаа. Гэтэл Ерөнхийлөгч бас энэ талаар санаачилга гаргаад хуулийн төсөл боловсруулаад эхэлчихсэн, нэг хүнд жилд 1000 ам.доллар хүртээх маягийн зүйл яригдаж байна лээ. Энэ хоёр хууль хоорондоо хэр уялдаатай явж байгаа юм бол?

-Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн талаар би мэдэхгүй байна. Харин Засгийн газрын хэмжээнд бол санал боловсруулагдсан юм билээ. Тэр нь УИХ-д өргөн баригдаагүй учраас саналаа хэлэх боломж алга байна. Бидний хувьд саналаа боловсруулаад явж байгаа. Ардчилсан намын санаачилсан “Зөв 10 бодлогын” хүрээнд. Уул уурхайн салбарт зөв бодлого явуулья, үйлдвэрлэлийг нэмэгдүүлье, олон түмэндээ хүртээмжтэй хэлбэрээр ашиглая л гэсэн бодлого юм. Түүний дотор тодорхой орд газруудын орлогоос ард түмэндээ эрдэнийн хувь хүртээх тухай асуудал яригдаж байгаа.

-Энэ орлогоор монголчуудыг хэдэн жил тэжээх юм бэ, манайх арабууд шиг хүмүүсээ зүгээр суулгаад тэжээгээд байхаар баян орон мөн үү, эсвэл ирээдүйгээ харсан өөр зүйлд хөрөнгө оруулах уу?

-Араб шиг баян орон Монгол мөн үү гэвэл мөн. Гэхдээ зүгээр суулгаад аманд нь юм хийж өгнө гэвэл тэгж удаан явахгүй. Тархинд нь юм хийж өгөх хэрэгтэй, эрүүл, боловсролтой болгох хэрэгтэй. Тэгж байж ажил хөдөлмөр хийж өөрсдийгөө тэжээж явна. Манай 10 бодлогын хамгийн эхний зүйл нь монгол хүн газар нутагтаа эзэн байх ёстой л гэж байгаа юм. Хоёр дахь нь ажилтай, орлоготой, амар тайван амьдрах ёстой. Хүн болгоныг ажиллах нөхцлөөр хангаж өгье, ажлын байртай болгоё, авдаг цалин нь өндөр байя. Эрдэнийн хувь бол 5-6 дахь бодлого болж яваа.
-Төрийн өмчид очсон тэр 51 хувийн ашиг чинь нөгөө л төсвийн зарлага болоод урсгалаараа алга болно, ирээдүйд “идэх” зүйл үлдэхгүй дээ гэсэн болгоомжлол бас байгаа шүү дээ? Төр хамгийн муу менежер гэж ярьдаг биз дээ.
-Төсөвт орохоороо алга болдог гэдэг буруу ойлголт шүү дээ. Тэр чинь эргээд хүмүүстээ цалин болж очдог, энэ бол төрийн албан хаагч 130-аад мянган хүний л асуудал. Нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмж болж очдог, энэ сая орчим хүний асуудал. Хөрөнгө оруулалтаар зам, эрчим хүч, худаг ус барьж байна. Ингээд 2,6 сая хүндээ очиж байгаа биз дээ. Аль ч улс ингэж явдаг. Гэхдээ нийт төсөвт орж байгаа мөнгийн хэдэн хувийг хуримтлал бий болгоход, хэдэн хувийг урсгал зардалд зарцуулах вэ гэдгээр нь л үрэлгэн, үрэлгэн бус гэж ярьж байгаа. Сая бид урсгал зардлын хэмжээг нэмэгдүүлэхгүй гэж тэмцээд чадсангүй, МАХН олонхиороо дэмжээд явчихсан. 300 орчим тэрбумаар бууруулах гээд 100-гаар л буурууллаа. Хөрөнгө оруулалтыг бол 100 гаруй тэрбумаар нэмэгдүүлж чадсан. Бүх юм болохоо байчихсан асуудал биш. Мэдээж ашигт малтмалын орлогоос орж ирсэн мөнгийг Монгол Улсын хөгжлийн сандаа төвлөрүүлнэ, хөрөнгө оруулалтад зарцуулна гэсэн үг. Үлдсэн мөнгөөр нь эрсдлийн санд байгуулна, иргэддээ хувь хүртээнэ. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэж үг бий. Өнөөдрийнхөө хүмүүсийн амьдралыг ч өөд нь татах хэрэгтэй, иээдүйнхээ төлөө ч сана зовох хэрэгтэй, тусгаар тогтнолоо ч бодох ёстой. Энэ уул уурхайг ямар гэрээ, нөхцөлтэйгөөр ашиглалтанд оруулах гэдэг эхний асуудал. Орж ирсэн мөнгөө юунд зарцуулах гэдэг хоёр дахь асуудал.

-Үүнд тэгээд хэр их хугацаа орох вэ?

-Маш хурдан хийж болно шүү дээ. Гэрээгээ хийнгүүтээ бүтээгдэхүүнээ зарчихаж болно, тийм хууль эрхзүйн орчин, дэлхийн практик бол бий. Ганцхан л юм бодож болохгүй. Манай зарим сонин хэвлэл бичдэг, хүмүүсийн ярьдаг үг бий. УИХ-д 76 тэнэг сууж байдаг, идэж уухын дон туссан, улсаа худалдахад бэлэн гэж. Ийм үзэл суртлаа зогсоох хэрэгтэй. Энэ улсууд чинь бас Монголынхоо төлөө яваа улс. Мэдээж асуудал болгон дээр хүн хүний байр суурь өр л байдаг байх, асуудлыг өөр өөрөөр хардаг л байх. Гэхдээ эцсийн дүндээ монголынхоо төлөө л яваа. Тэгж ч сонгогдсон улс. Эднийгээ бүгдийг нь мангар тэнэг болгочихоод гаднынхан ирж биднийг авар на гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Яах вэ, хоёр идүүлж, хоосон хонуулахгүй байж магадгүй. Гэхдээ хэзээ ч бидний ашиг сонирхлыг бодохгүй. Тийм учраас тэдний өмнөөс өөрсдийнхөө эрх ашгийг зөв тавьж чаддаг байх хэрэгтэй. Асуудлын мөн чанар үүнд л байгаа.
 
-Манай хууль ингээд чангараад байдаг. Гэтэл Оросын тал “Оросын компанитай гэрээ байгуулна гэвэл Асгатын лицензийг эргүүлж өгье” гэж байна. Хөрөнгө оруулагч нар маань нэг иймэрхүү л төрхтэй?

-Энэ тулгалт бол хамгийн утгагүй асуудал. Олдож байгаа ганц хөрөнгө оруулагч нь энэ биш. Жишээ нь, Асгат дээр чөлөөт тендэр зарлах юм бол хөрөнгө оруулагчид гараад л ирнэ. Өнөөдөр ч гэсэн янз янзын хөрөнгө оруулагчид гарч ирээд л байна шүү дээ. Яагаад гэвэл Монголд баялаг нь байгаа, тэд хөрөнгө оруулалт хийх юм бол тэр нь өсч үржих ирээдүй харагдаж байгаа. Харин түүний темпийг нь жаахан хурдан болгож өгөх, хууль эрх зүйн орчинг нь тодорхой болгох шаардлага л бидэнд байгаа. Тийм учраас хуулиа өөрчлөх ёстой.

-Жишээ нь “Айвенхоу майнз” гэхэд манай хуучин хууль дээр хөрөнгөө оруулсан. Оросууд бас Асгатын лицензийг авчихсан, хурааж авсан тохиолдолд олон улсын шүүхэд хандана гэж байна. Хуулиа өөрчилснөөр дахиад шүүхэд мөнгө төлөх ажил гарах юм биш үү? Өмнө нэг удаа “Буян”-гийн Жаргалсайханаас болж мөнгө төлсөн шүү дээ?

-“Эрдэнэт” өнөөдөр Монголыг тэжээж байна. Гэтэл Оюутолгой “Эрдэнэт”-ээс дөрөв дахин том. Нэг л зүйлийг ойлго. Энэ газар шороо Монгол Улсынх. “Айвенхоу майнз”-ынх биш. Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх гэж болохгүй ээ. Дургүй бол гараад л явна биз дээ. “Буян”-гийн Жагаагийнх бол зээлийн асуудал. Дээр нь Засгийн газар баталгаа гаргаад өгчихсөн байсан. Гэтэл энэ ордууд дээр Засгийн газар ямар ч баталгаа гаргаж өгөөгүй. Энэ ордууд дээр хөрөнгө оруулалтын болон тогтвортой байдлын ямар ч гэрээ хийгдээгүй. Засгийн газар өөр дээрээ ямар ч хариуцлага аваагүй байгаа. Бид хуулиа яаж өөрчилнө, түүгээр л явах ёстой. Хуулиа гаргахдаа “Энэ улс яачих бол, тэр компани хохирох болов уу” гэж бодоод байвал тусгаар тогтносон улс гэдэг утгаа алдана биз дээ. Хэрвээ бид бодлогоо зөв гаргавал Араб шиг баян орон болно, буруу гаргавал Африк шиг ядуурна.

-Хугацаа алдсан уу?

-Хугацаа алдахын хувьд алдсан. Гэхдээ хугацаа алдахгүй гээд орж ирсэн төслөөр нь хийсэн бол бид гаднынханд монголоо худалдчихаад өөрсдөө боол болох байсан. Эхний хөрөнгө оруулалтын төсөл буцсан. Тийм учраас энэ алдсан зургаан сар бидний хувьд ололт. Цаг алдахгүй байх ёстой, цаг алдахгүй гээд монголынхоо талд ашиггүй гэрээ хийж бас болохгүй.

-Хувь хэмжээ ярьж байхаар татвараа аваад явсан нь дээрэ . Төр хариуцлага хүлээхгүй, хөрөнгө оруулах албагүй гэж нэг хэсэг нь бас ярьдаг?

-Татвараа аваад явж болно. Гэтэл татвараа төлөхгүй гараад явж байгаа компани бас байна шүү дээ, бид авч чадахгүй байна. “Алтан дорнод монгол”-ыг хар. Тэгээд дээр нь тэр төрийн өмчид авах гээд байгаа 51 хувийг нөхөж чадахаар өндөр татвар тавих бололцоо байхгүй. Нөгөө талаар татвар гэдэг бол зөвхөн мөнгө. Эрх мэдэл гэдэг өөр. Хөрөнгө оруулалтыг аль ч тохиолдолд хийнэ. “Эрдэнэт”-эд бид хөрөнгө оруулалт хийсэн. Ямар хэлбэрээр хийх нь тусдаа асуудал. Бэлэн мөнгө гаргах уу, эсвэл цаад тал хөрөнгөө оруулчихаад бид буцааж төлөх үү, нэгийг нь сонгоно. Ерөнхийдөө бол “Эрдэнэт”-ийн зарчим зөв. Манай талын хийх ёстой хөрөнгө оруулатыг оросын тал гаргаад, бид ашгаараа эргүүлээд төлөөд явчихсан. Монголоос нэг ч төгрөг гаргахгүйгээр явна гэж байхгүй.

-Гэхдээ энэ төслийг Засгийн газар болон бусад талууд 100 хувь дэмжих болов уу, яагаад гэвэл өмнө нь өөр төсөл оруулж байсан шүү дээ?

-Манай ажлын хэсэгт их хурлаас ч байгаа, Засгийн газраас ч гишүүд байгаа. Өмнө нь өөр Засгийн газар тэр төслийг оруулж ирсэн. Тийм учраас хэний Засгийн газар вэ гэдгийг нь ярих ёстой. Засгийн газар бол Засгийн газар, УИХ бол УИХ гэж ярьж болохгүй. Түрүүчийн хоёр төслийг өөр Засгийн газар оруулсан. Бид буцаах санал гаргахад С.Баяр буцаагаад авсан. Тэгэхээр С.Баярын Засгийн газар өөр байр суурьтай байгаа биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж