УИХ дахь Ардын нам болон Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүд хамтарсан Засгийн газрыг “зүү”-гээр хатгах операциа эрчимжүүлсээр байна. УИХ-ын тухай хуульд “Гишүүд нэг бүлгээс гарч, нөгөө бүлэгт нэгдэн орж болох ч бүлгээс гарсан гишүүд нэгдэж, бие даасан бүлэг байгуулахыг хориглоно” гэж заасан учраас тэд эвсч бүлэг байгуулах боломжгүй болчихоод байгаа юм. Тиймээс С.Эрдэнэ тэргүүтэй Ардчилсан хүчний холбооны зарим лидер хөдөлгөөн байгуулахаар бусдыгаа ятгаж эхэлжээ. Гэвч тус холбооны цөөнгүй гишүүн “Бид холбоо байгуулсан ч олигтой үр дүнд хүрээгүй. Ийм атал хөдөлгөөн байгуулах хэрэггүй байх” хэмээн татгалзаж байгаа гэнэ. Нөгөө хэд нь ч мөчөөгөө өгөхгүй Ардын намын бүлгийн зарим төлөөлөлтэй хөдөлгөөн байгуулах талаар сэм тохиролцож байгаа сурагтай. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Төсвийн байнгын хорооны даргын суудлаа алдаж, Ц.Батбаяр байнгын хорооны дарга болох мөрөөдлөө биелүүлж чадаагүй учраас бухимдалтай байгаа. Тэгээд ч тэд гүйцэтгэх засаглалынханд “аллерги”-таж байгаа учраас Ардчилсан хүчний холбооныхонтой эв санааны нэгдэлтэй байна. Тэдний хувьд, байнгын хорооны дарга болох гэж тэмүүлээд байсны учир нь УИХ-ын дотоод бүтцийг толгойлж, УИХ-ын даргын зөвлөлд багтах гэсэн санаа юм. Хамтарсан Засгийн газрын эсрэг хөдөлж, зарим сайдыг огцруулах шаардлага тавьж буй гишүүдэд “анги”-ийнхан нь “Энэ хэд иймэрхүү зүйлээр шоудахаас өөр аргагүй байгаа биз” хэмээн шоглонгуй хандаж байгаа аж. Ямартай ч эрхмүүд санасандаа хүрвэл УИХ-д шинэ бүлэг биш, хөдөлгөөн байгуулагдах нь.
С.БАТТУЛГА
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин