
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, компаниуд ус ашиглаад жилд хэд орчим төгрөг төлдгийг сонирхсон юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн дарга П.Бадамдорж “Өнгөрсөн 2010 онд холбогдох байгууллагуудаас авах усны төлбөрийн төлөвлөгөө ерөнхийдөө биелсэн. Аж ахуйн нэгж, компаниудаас өнгөрсөн онд 3.8 тэрбум төгрөг төвлөрнө гэсэн тооцоо байсан. Гэхдээ уг төлөвлөгөөг давуулан биелүүлсэн байгаа. Нарийн тооцоо, ерөнхий дүнг Татварын ерөнхий газраас ирэх сард гаргаж дуусна” хэмээн мэдээллээ. Мөн тэрбээр “Өнгөрсөн онд уул уурхайн компаниуд усны нөөц, ус ашиглалттай холбоотой ямар нэгэн зөрчил гаргаагүй” хэмээсэн юм.
Уул уурхайн компаниуд улсын төсөвт төвлөрүүлж буй усны төлбөрийн 90 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг аж. Харин энэхүү 90 хувийн 50 орчим хувийг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр төлдөг аж. Компаниуд 2005 оноос өмнө ус ашигласныхаа төлбөрт жилд нийт 150-220 орчим төгрөг л зарцуулдаг байсан юм. Учир нь тэр үед нэг шоо метр ус ердөө арван төгрөг байсан болохоор тэр. Харин 2005 оны Засгийн газрын долдугаар тогтоолын дагуу нэг шоо метр газрын гүний усанд 100 төгрөг, гадаргын усанд 80 төгрөг төлдөг болсон. Улмаар тогтоол гарсан жил буюу 2005 онд компаниуд усны төлбөрт 2.1 тэрбум, 2006 онд 2.3 тэрбум, 2007 онд 2.8 тэрбум, 2009 онд 3.2 тэрбум төгрөг төлсөн байна. Гэхдээ одоо хоногт 100-аас дээш шоо метр ус хэрэглэдэг аж ахуйн нэгжүүд 1000 литр усыг 150 төгрөгөөр буюу нэг литр усыг 15 мөнгөөр авдаг аж. Усны газраас энэ үнийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа юм байна.
“Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн онд ус ашигласны төлбөрт 1.8 тэрбум төгрөг төлжээ. Харин “Оюутолгой” ХХК 47 сая, “Бороо гоулд” 220 сая, “Петро Чайна” 80 орчим сая төгрөг тус тус төлсөн байна. “Оюутолгой” уурхайд олборлолт бүрэн хэмжээгээр хийж эхлэх үед нэг шоо метр усны төлбөрт жилд найман тэрбум төгрөг төлдөг болно гэсэн тооцоог гаргаад байгаа юм билээ. Бусад компани усны төлбөрт хэдий хэмжээний мөнгө төлснийг бодит гүйцэтгэлд дүгнэлт хийсний дараа мэдээлэх юм байна.
Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн дарга П.Бадамдорж “Нөгөө муулаад байдаг гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд усны төлбөрөө хамгийн сайн төлдөг. Төрийн өмчит уул уурхайн компаниуд ч гэсэн ялгаагүй. Бид ч төлбөрөө ямар нэгэн аргаар авдаг” хэмээн ярьж байв. Харин хэрэглэсэн усныхаа төлбөрийг төлөхдөө хамгийн хойрго нь төрийн өмчит нүүрсний уурхай, дулааны цахилгаан станц, газар тариалангийн компаниуд гэнэ. Тэд өнгөрсөн хугацаанд ус ашигласныхаа мөнгийг ямар нэг хэлбэрээр огт төлж байгаагүй бөгөөд “Ус ашигласны төлбөр төлөх болбол бид үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрнэ” гэсэн тайлбар тавьдаг аж. Засгийн газраас 2009 оныг хүртэл эрчим хүч, газар тариалангийн салбарыг бүх талаар дэмжих бодлого баримталж усны төлбөрөөс бүрэн чөлөөлсөн. Улмаар өнгөрсөн оноос эхлэн нүүрсний уурхай, газар тариалангийн компаниудаас төлбөр авах эрхийг нээсэн боловч өнгөрсөн онд ч төлбөрөө өгөөгүй аж. Хэрвээ Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, нийслэлийн болон Дорнод, Эрдэнэт, Дарханы цахилгаан станцууд өнгөрсөн онд ус ашигласны төлбөр өгсөн бол тэрбум гаруй төгрөг улсын төсөвт нэмэгдэн орох ёстой байсан байна. Нүүрсний уурхай, дулааны цахилгаан станцуудаас усны төлбөр авахаар бол цахилгаан, дулааны үнэ нэмэгдэнэ гэх тайлбарыг өгдөг ч мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар нэг киловатт цахилгааны төлбөр дээр ердөө 37 мөнгө л нэмэгдэх тооцоо бий гэнэ. Дашрамд дурьдахад, улсын төсөвт орж буй ус ашигласны төлбөрийн 35 хувийг усны нөхөн сэргээлт, судалгаа, шинжилгээ гэх мэтийн ажилд зарцуулах заалт байдаг аж. Гэсэн ч одоогийн байдлаар зөвхөн 10 орчим хувийг нь л үүнд зарцуулж байгаа юм байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин