Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Үнэгүй үнэлэмж

Монголд хүн байснаас Америкт үхэр юм уу, гахай болоод төрчихсөн нь дээр ч юм шиг санагдах үе байх юм. Учир нь “Монгол үнэлэмж” гэж дэлхийд байхгүй шил­дэг нэршил нэгэнт үүс­­чээ. Монголд 100 даага урал­дуулаад эхний таван байранд орсныг нь 40-100 хүртэл сая төгрөгөөр байлж байна. Гэтэл нөгөө морь унаж хурдлуулсан жаахан  хүүхдийг нэг гутал, 100 мян­ган төгрөгөөр урам­шуулж байх жишээтэй. Мөн 500 залуугийн дунд те­левизийн реалити шоу хий­гээд түрүүлсэнд нь гурван сая төгрөг өгөх гэж нэлээд “зовж” байна гэнэ. Зохион байгуулагчид нь нөгөө алдарт НАМЗХ юм даг уу даа. Ингээд морь, хүн хоёрын үнэлэмж өдөр шөнө шиг ялгаатай болох нь тогтоогдлоо. Гэтэл бүүр ч сонин үнэлэмж бас байна. “Мисс” буюу сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнийг бү­тэн жилээ тойроод хэчнээн удаа зохион байгуулдаг юм. Ялагчийг нь   гадаад дотоодын өндөр хөгжилтэй улсууд руу авч явдаг гэнэ. Бүр “Дэлхийн мисс” болгохын тулд нэг хүний ард нэлээд олон хүнтэй баг ажилладаг юм байна лээ. Гэтэл “Аггон” нэртэй илтгэх урлагийн томоохон тэмцээний ялагчийг АНУ-д долоо хоногийн сургалтад хамруулна гэж амалчихаад, хулхидчихсан үнэн түүх байна аа. Сайхан царай, сайн сэтгэлгээ хоёрын хоорондын зөрүү энэ. Өвчинд баригдаад амь тавихаас наагуур байгаа хөөрхий монгол хүний гэрт сайхан сэтгэл гаргаж очих Монголын “од” нэг ч байхгүй. Харин хаанаас ирсэн нь тодорхойгүй буяны байгууллагын төлөөлөгчид өөрсдөө хайж очоод ач тусаа хүргэдэг тохиолдол цөөнгүй. Гэтэл өнөөх л одод маань архи, пивотой холбоотой арга хэмжээнд ёоз дүйзээрээ цугларах нь элбэг. Энэ бол Монголчуудын нэгнийгээ үнэлэх үнэлэмж. Дөнгөж сургууль төгссөн залуу ажилд орох гээд анкет бөглөхөөр ажилласан жил шаардаад залуухан төгсөгчийг дарамталж байна. Гэтэл тухайн компанийн захирал, ажилтнуудад бас л ажиллаж эхэлсэн цэг гэж байсан л байж таарна даа. Хэн байснаа, хэн болсноо мартах энэ олон тохиолдлуудад хүн гэдэг үнэлэмж л  үнэгүйдэж дууслаа л даа.

Б.ЭНХМӨНХ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж