
-Өнөөдөр яагаад хүн бүр Facebook-ийн тухай ярьж байна вэ?
-Facebook дэлхийг өөрчилж байгаа учраас л тэр. Яг л Google шиг. Харин “Facebook” компанийн тухай ярьж байгаа бол энэ компани АНУ-аас гадна дэлхийн олон оронд маш олон хэрэглэгчийг өөртөө татаж, зар сурталчилгаа, маркетингийн компаниудын үйл ажиллагааны нэг гол хөдөлгүүр болж байна. Facebook хэрэглэгчдийн хувьд сонин хэвлэл уншихаас илүүтэй бүртгэж авсан найзуудаасаа шинэ мэдээлэл авах нь хялбар болсон.
“Goldman sachs” банк саяхан “Facebook”-т хөрөнгө оруулалт хийлээ. Түүнийхээ дараа “Энэ компани 50 тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ” хэмээн мэдэгдсэн. Миний бодлоор энэ үеэс л хүмүүс Facebook гэдэг ямар их нөлөө, тусгалаа олсон компани болохыг анзаарсан. Хүмүүс гишүүнчлэлээр элсч, олон нийтийн харилцааны идэвхтэй оролцогч болсон нь ямар их нөлөө авч ирж байгааг өөрсдөө анзаараагүй байх. Би “Goldman sachs”-ын үнэлгээг бодит байдалтай нийцнэ гэж бодохгүй байна. Гэхдээ л хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Магадгүй Кока Кола, шарсан тахиа АНУ-ын хэрэглэгчдийг татсан байж болно. Гэтэл Facebook бол зөвхөн АНУ биш, дэлхийн олон оронд хүрээгээ тэлсэн.
-Тэгэхээр “Goldman sachs”-ын үнэлгээ худлаа гэж үү?
-Худлаа байлаа гээд хэнд хамаатай юм бэ. Зөвхөн энэ үг нь өөрөө сурталчилгаа болж байна. 50 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн компанийг одоо Засгийн газрууд онилж эхэлсэн.
-“Facebook” компанийн тэргүүн Марк Закерберг саяхан ярилцлага өгсөн байсан. Түүний тухай “Social Network” кинонд найзыгаа хуурч, Facebook-ийн хувьцаануудыг авсан гэх зэргээр сөргөөр дүрсэлсэн. Гэтэл ярилцлага өгсөн М.Закерберг киноны дүрээсээ нэлээд ялгаатай зүйлийг ярьсан. Хэн нь жинхэнэ “Facebook” юм бэ?
-М.Закерберг бол их онцгой хүн. Түүнийг юу онцгой болгож байна вэ гэхээр анх энэ компанийг ашиг олохын төлөө байгуулаагүй явдал. “Goldman sachs”-ын хөрөнгө оруулалт түүний хувьд цоо шинэ зүйл байх. Дөнгөж 26 настай энэ залуу дэлхийг өөрчлөхийг хүссэн. Би үүнийг нэг биш удаа хэлж байсан. Тэр залуу одоо Facebook хэрэглэгчдийн тоог 700 сая, цаашлаад бүр тэрбумаар тоолохыг хүсч байгаа.
-Тэгэхээр олон нийтийн сүлжээний хамрах хүрээ ирээдүйд улам нэмэгдэнэ гэсэн үг үү?
-Facebook-ийн өнцгөөс хараад үзвэл ийм дүгнэлт хийж болно. Гэхдээ зөвхөн интернэтээр ашиглана гэсэн үг биш. Нүүр хуудас хэрэглэгчид гар утсыг өргөн ашиглах болсон. Бас нэг зах зээл. Хүмүүс бие биенийхээ сонирхлыг мэдэж, түүгээрээ дамжуулан худалдаа арилжаа хийж эхэлсэн. Тийм ч учраас би номоо “Facebook-ийн нөлөө” гэж нэрлэсэн. Facebook өөрөө улс төр, Засгийн газар, зах зээл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэх мэт олон салбар хүрээ болгонд тархаж байна.
-Цахиурт хөндий, “Google” компани Фэйсбүкт байр сууриа алдах вий гэж айж байгаа болов уу?
-Мэдээж хэрэг. Анх “Microsoft” гарч ирж байхад бүгд л түүнээс эмээж байсан. Өнөөдөр асар богино хугацаанд хүчээ авч буй Facebook-ээс бүгдээрээ айж байна.
-Яг юунаас айгаад байгаа юм бол?
-Өөрсдийн ноёрхлоо алдах вий гэхээс айж байгаа. Хэрэв чи Facebook-т хэтэрхий олон цаг зарцуулаад эхэлбэл “Google” ашиглах хугацаа чинь улам л хорогдоно. Яах вэ, “Microsoft” бол өөр зорилготой бүтээгдсэн гэдэг утгаараа хэрэглэгчдээ алдахгүй байж болох юм. Гэтэл “Google”-ийн хувьд арай өөр шүү.
-Тэгэхээр зах зээлээ алдахгүйн тулд тэд юу хийх бол?
-“Google”-ийн тухайд тэд өмнө нь “Orkut” олон нийтийн сүлжээрхүү зүйл байгуулахыг оролдож байсан. Гэхдээ амжилттай болоогүй. Жишээлбэл, би дэлгүүрээс, камер худалдаж авахаар болбол шууд Facebook рүүгээ ороод тэнд байгаа долоо, найман найзаасаа аль нь дээр болохыг асуучихаж болно. Би яагаад “Google”-ийн 8000 хариултыг унших ёстой гэж. Тиймээс “Google”-ийн болгоомжлох нь аргагүй.
-Товчхондоо энэ бүхэн юу гэсэн үг вэ?
-Нэг үгээр бол энэ 50 тэрбум ам.долларын хувьсгал л гэсэн үг. Facebook-ийн хувьсгалын нэг онцлог нь хэтэрхий хурдан өрнөж байгаа явдал юм. Тиймээс “Google”-ийн хэмжээнд хүртэл ашиг олох бол Facebook-ийн хувьд өнөө маргаашийн асуудал болоод байна. Гэхдээ М.Закербергийн энэ компани IPO хувьцаагаа гаргахгүйгээр бас төдийлөн ашигтай ажиллаж чадахгүй л болов уу. Шинэ зах зээл бий болгож байгаагийн хувьд мөнгө гэдэг чухал.
-Хөрөнгө орлогын хувьд ийм байж. Тэгвэл технологи талаасаа ямар байх вэ?
-Нөгөө талаас инженерчлэл, технологийн хувьсал гэж нэрлэж болно. Түүнчлэн та өөрийгөө олон нийтийн оронд тавиад үз. Тэгвэл гэнэтхэн л зохиогчийн эрх, хувийн хил хязгаар гэдэг зүйл шаардагдаад ирэх нь дамжиггүй. Энэ бүхнийг зохицуулах нь чухал. Ер нь юу гэх гээд байна вэ гэхээр олон нийтийн сүлжээ, тэр дундаа Facebook-ийн хувьд санхүүжилт, хөрөнгө мөнгөө аль нэг банкны үнэлгээгээр биш харин олон нийтэд илэрхий, ойлгомжтой болгох хэрэгтэй гэсэн үг юм. Гэхдээ нөгөө талаас хувьцаа эзэмшигчтэй болно гэдэг тэднийхээ санхүүгийн дэлгэрэнгүй тайланг мэдээлэх ёстой болно. Тиймээс хувьцаа гаргах нь нэг их оновчтой санал биш ч байж болох юм.
-Яагаад Засгийн газрууд Facebook-ийг сонирхож эхлэв?
-Ард түмэн, соёл, мэддэг бүхэн чинь Facebook-тэй хамааралтай болоод эхлэхээр улс орны Засгийн газрууд хүссэн хүсээгүй Facebook-ийг анхааралдаа авна. Гэхдээ тэдэнтэй тэмцэлдэх нь төдий л сайн зүйл биш. “Intel”, “Microsoft” аль аль нь хакерийн халдлагад өртсөн. Хамгийн сүүлд “Google”-ийг Европод хакердсан.
Тухайлбал, Европын холбоо хувийн эрх ашиг, хувь хүний орон зайг хамгаалахыг илүү хичээдэг. Хятад дэлхийг өөрчлөхийг хүсдэггүй. Гэтэл “Google” шинэ мэдээллийн эрх чөлөөг тунхаглаж орхисон болохоор Хятадын Засгийн газарт таалагдаагүй.
-Тэгвэл М.Закерберг дэлхийг өөрчлөхийг хүссэн гэж та түрүүн хэлсэн. Тэр яагаад өөрчлөлт, шинэчлэлт хүлээгээд байгаа юм бэ?
-Үүнийг товчхон тайлбарлая. Юуны түрүүнд Засгийн газар, төрийн зохицуулалттай холбоотой. Олон нийтийн сүлжээнүүд хувь хүмүүсийн мэдээллийг хадгалж байна. Уг нь энэ ажлыг төр хийдэг байсан. Өөрөөр хэлбэл, Facebook хүмүүст шинээр пасспорт өгч байна. Үүнд төр дургүйцэх нь ойлгомжтой. Харин М.Закерберг хувь хүн төвтэй дэлхийг бүтээхийг хүсч байна.
-Гэхдээ яагаад заавал Facebook гэж. Twitter, MySpace зэрэг олон нийтийн сүлжээ байгаа шүү дээ?
-Facebook яг л цахилгаан утасны сүлжээ шиг байна. Хүн бүр гишүүн нь болж байж л та ч бас бүртгүүлнэ. Хэрэв бусад нь Facebook-тэй холбогдохгүй бол та ч гэсэн тэнд ганцаараа ороод яах юм, тийм биз дээ. Өнөөдрийн байдлаар Facebook-ийн хэрэглэгчдийн тоо олон байгаа учраас бусад олон нийтийн сүлжээтэй харьцуулахад хүмүүсийн анхаарлыг илүү татаж байгаа юм.
Эх сурвалж: