Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Шог хуваарилалт

Он
оны төгсгөлөөр шилдгээ шалгаруулдаг нь хүн төрөлхтөний ёс болжээ. Шинэ
жилийн өмнө айлын хойморт асуулгүй залардаг телевизүүдийн шилдгийг
шалгаруулсан “Алтан шонхор” наадам бүх сувгаар 22:00 цагт зэрэг
цацагдлаа. Үзэгч бидэнд өөрийг үзэх сонголт үлдсэнгүй. Харин “бүгдийг
бус чухлыг” уриатай М.Уламбадрах захирлын NTV телевиз ганцаараа
“чухал”-ыгаа үзүүлж манийгаа гялайлгав. Баярлалаа гэхээс өөр юу гэхэв.
“Алтан шонхор”-ыг үзээд ичиж үхэх шахсан шүү, З.Алтай ах аа. Та минь
хэзээний улстөрч болжээ. Хайран хүн, баба юм аа. “Ах аа, та
бульдозерчиноо болиод архичин болж байгаа юм уу” гэж асуумаар санагдсан.

Үзэгчийн нүдэнд “Алтан шонхор 2010” шагналаа хувь тэнцүүлэн
хуваах процесс болсон нь илт. Монголын телевизүүдийн холбооныхон эв
найртай улс юм даа гэж сэтгэл зогоохоор. Ингэх байсан юм бол уралдаад ч
юугаа хийнэ дээ гэж санахаар. Хайран ч сэтгүүлчид минь. “Эх орон” гэдэг
телевиз байдаг, байдгаар барахгүй тэр телевизийн сэтгүүлч Ш.Хишигсүрэн
шилдэг гэдгийг “Алтан шонхор”-оос олж мэдлээ. Жил тойрон улс орны амин
чухал асуудлаар улстөрчдийг улалзуулж, үзэгчдийн танил болсон Ийглийн
сэтгүүлч …-ийг мэргэжил нэгтнүүд нь мэддэггүй бололтой юм.

Монголын
телевизүүд дунд мэдээгээр дагнадаг нь ганц Ийгл. Жил жилийн шилдэг
мэдээллийн хөтөлбөрөөр эднийх шалгарлаа гээд лав тэнэг харагдахгүй.
Гэтэл Ийгл “Шилдэг зураглаач” дээр буужээ. Хуваарилалт нь шог байна,
найзууд аа. Мэдээнд зураг авалт чухал л байх, гэхдээ арай ч дээ. “Шилдэг
мэдээлэл” шагналыг З.Алтай ерөнхийлөгч өөрийнхөө хувь эзэмшдэг
телевизэд бярдаад авч үлдсэн бололтой. Өөрөө аливаа үйл явдалд эцсийн
дүгнэлт өгч байгаагаар байнга гардгийг нь эс тооцвол дажгүй мэдээтэй нь
үнэн. Гэхдээ аль ч мэдээнд мэнэжмэнт хийж үзэгчдэд хүргэдэг Ийглд хүрээ
гэж үү? Ядаж ТВ8-ийн “Шөнийн толь” шалгарсан байхад хүний мууд дуртай
амьтад юм хэлэхгүй л байлаа. Харин энэ телевизийн төдийлөн газар аваагүй
Мангас бусдыгаа айлгажээ.

Ядаж реалити шоу, хөгжмийн хөтөлбөр
хоёрыг үзэгчдийн ойлгодгоор салгачихсан бол… Мээдрэмж баакүү. Дэлхийн
шилдэг реалити шоуны жишгээр хийгдсэн "Universe best songs" яалт ч үгүй
цолгорох байсан биз, гэтэл шог хуваарилалтаар “хөгжмийн хөтөлбөр”
болчихжээ. Л.Балхжавын сэтгэл зүрхээ зориулсан төсөл хэзээ, хаана,
хэрхэн үнэлэгдэхийг өөрөө мэдэхгүй явсан биз. Ер нь л өөрийнхөө
бүтээлийн хувь заяанд төдийлөн анхаардаггүй гудиггүй эр шиг билээ.

“Манай
Дэмбэрэл юм мэдэхгүй болохоороо баярлаж л байна билээ” гэдэг шиг ТВ9
телевизийн спортын албаныхан бардамналын үгээ багтааж ядсан. Монголд
өнөөдөр албан ёсоор, цаад газартаа мөнгийг нь төлөөд спортын нэвтрүүлэг
шууд дамжуулдаг гурванхан л телевиз бий. Сэтгүүлчид нь ч Монголдоо номер
нэгүүд. Спортод дуртай хүн болгон мэднэ. Өнгөрсөн жилийн Хөлбөмбөгийн
дэлхийн аварга, Азийн спортын наадам, Прьемер лиги, Бүндэс лиги, NBA-г
спорт биш гэж байгаа улсад юу ч хэлэх билээ. Монгол бөхийг харин
үндэсний уламжлалт шоу цэнгүүн гэж үздэг хүмүүс харин бий юм шүү.

Монголын
үндэсний телевиз энэ удаагийн “Алтан шонхор”-т ганц ч бүтээлээ нэр
дэвшүүлээгүй нь зөвдөж дууслаа. Ц.Оюундарь УИХ-ын гишүүн З.Алтайтай
хэвлэлээр хэрэлдсэндээ ч биш, ерөөсөө “Алтан шонхор” шог хуваарилалт
болно гэдгийг анхнаас нь харж чадсан бололтой. Түүнээс биш өнгөрсөн шинэ
жилээр “Улаан туг” Дэндэв од боллоо шүү дээ. Нэр цэвэр үлдсэн Тусгай
салааныханд баяр хүргэмээр санагдана.

Энтэртаймэнтаар танин
мэдүүлэх уриатай Боловсрол телевиз “Шилдэг нийтлэл танин мэдэхүйн
нэвтрүүлэг” авахаа байг гэхэд ядаад киноны дуу оруулалтгүй хоцорчээ. Энэ
номинаци дээр NTV, Боловсрол хоёр л хүч үзнэ гэдэгтэй үзэгчид санал
нийлнэ. Тэгээд ч “шилдэг дуу оруулагч” гэдэг шагнал нь орчуулгын голдуу
хөтөлбөртэй манай телевизүүд л бодож олж чадах мэргэжлийн бус шалгуур
байлаа.

Он оны зааг дээр болдог “Алтан шонхор” байтугай
шагналууд эртнээс яриатай хуваарилалт байдгийг Монгол даяараа мэднэ.
Яахав дээ, нэг далим гаргаад уугаа л биз гээд нүдээ аниад өнгөрдөг.
Гэхдээ энэ удаагийн “Алтан шонхор”-ын хуваарилалт шиг шог байсан нь
ховор. Даанч дээ, найзууд аа. Тэр саарал ордонд суугаа нөхөр нэгийг
бодно байгаа.                        

“Алтан шонхор 2010” наадмын шилдгүүд:
 
Шилдэг сэтгүүлч: “Эх орон” -Ш.Хишигсүрэн

Шилдэг хөтлөгч: NTV -Н.Нандинцэцэг

Шилдэг зураглаач: "Ийгл" – Г.Тулга

Шилдэг найруулагч: SBN -Д.Гансүх

Шилдэг инженер: UBS -Л.Нямдаваа

Шилдэг график: "Боловсрол"- Э.Мөнхболд

Шилдэг дуу оруулагч: ТВ5 телевиз -Э.Мөнх-Оргил

Шилдэг цэнгээнт нэвтрүүлэг: “MN 25 дугаар суваг”-"Их хотын үдэш"

Шилдэг хүүхдийн нэвтрүүлэг: ТВ9 – "Гэгээн алсын одод"

Шилдэг уран сайхны зохиомжит нэвтрүүлэг: "В" -"Хулгар хээр"

Шилдэг нийтлэл танин мэдэхүйн нэвтрүүлэг: ТМ – "Нэг л биш ээ"

Шилдэг орон нутгийн телевиз: Увс аймгийн МБС телевиз

Шилдэг тайзны зураач: "Боловсрол" – Г.Гоош

Шилдэг мэдээллийн хөтөлбөр: “MN 25 дугаар суваг” – "25 цаг"

Шилдэг хөгжмийн хөтөлбөр: UBS -"Universe best songs"
 
Шилдэг спортын нэвтрүүлэг: ТВ9”- "Спорт 2010"

Шилдэг реалити шоу: –ТВ8 -"Монстер"

Д.Батбаяр.

Зохиогчийн эрх: “Үндэстний тойм” сэтгүүл.

     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж