
Нийт европийн хэмжээнд хүчтэй эсэргүүцэл, тэмцэлтэй тулгарч байгаа боловч төсөв зардлаа танан хэмнэх үүднээс тэтгэвэрт гарах насыг ахиулан тогтоох арга хэмжээг эдгээр орны засгийн газрууд хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Их Британийн хувьд гэхэд л 10 сая иргэн 100 нас хүрэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь тэтгэврийн тухай хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, ажиллах хугацааг цаашид сунган тогтоох дарамт шахалтыг бий болгож байгаа ажээ.
Английн бүх аж ахуйн газрууд хэрэв тодорхой үндэслэл шалтгаан байхгүй бол энэ оны 10 дугаар сараас эхлэн ажилтан нартаа тэтгэвэрт гарахыг шаардсан мэдүүлэг гардуулах боломжгүй болж байгаа юм байна.
Европийн орнуудын хувьд тэтгэвэрт гарах дундаж нас Грект 61, ХБНГУ-д 62, Францад 59,4 байгаа тухай Европийн Холбооны тоо баримтад дурджээ.
Английн үйлдвэр, аж ахуйн газруудын 66 хувь нь тэтгэвэрт гаргах насыг нарийвчлан тогтоохоо больсон бөгөөд тус оронд 65-аас дээш насны 850000 хүн ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа ба 65-аас дээш насны хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж буурдаг гэсэн судалгаа, нотолгоо гараагүй аж.
Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг