Энэ оноос эхлэн хөгжиж буй олон орон хямралыг хол хаяж, сэргэлтийн шатанд тууштай шилжиж байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлт тогтворжих төлөвтэй байна. Дэлхийн эдийн засагт эерэг өөрчлөлт авчирсан орнуудын тоонд Монгол Улс багтаж буй юм. Өнгөрсөн онд дэлхийн эдийн засаг дунджаар 3.9 хувиар өссөн бол энэ онд 3.3 хувьтай байх төлөв ажиглагджээ. Улмаар 2012 он гэхэд 3.6 хувиар өсөх хандлагатайг мөн онцлов. Хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт 2011, 2012 онуудад тус бүр 2.7 хувь дээр тогтвортой байх бол хөгжиж буй орнуудынх 6-7 хувьд хүрэх аж. Энэ нь хөгжиж буй орнууд дэлхийн эдийн засгийн ойрын хоёр жилийн өсөлтөд голлох үүрэг гүйцэтгэж, өндөр орлоготой орнуудыг гүйцэж түрүүлнэ гэсэн үг. Гэхдээ өсөлтийн тавцанд шинээр хүч түрэн гарч ирж буй Европ болон Төв Азийн зарим орны эдийн засагт хүчтэй савалгааны мөчлөг тохиолдвол ДНБ-ий өсөлт нь хүрсэн түвшингээ хадгалж чадахгүйд хүрэх эрсдэл бас байгаа аж. Ялангуяа, энэ ангилалд багтаж байгаа Монгол болон Болгар, Киргиз зэрэг улс дотоодын эдийн засгийн бодлогоо яаралтай засч залруулах шаардлагатай гэнэ. Тодруулбал, Монгол Улсын хувьд нэг талдаа уул уурхайн орлого нэмэгдэх, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш чангарах зэрэг нааштай үзүүлэлт гарч байхад нөгөө талдаа ажилгүйдлийн түвшин өндөр, барилга, банкны салбар сул хэвээр байгаа. Энэ бүхэнд нухацтай хандаж, нэгдсэн бодлогоор зохицуулалт хийлгүй цаг алдвал эдийн засгийн сэргэлтийн үйл явцыг саармагжуулах хортойг анхааруулсан юм.
Бага орлоготой орнууд өнгөрсөн онд худалдаанаас өндөр ашиг олж, ДНБ-ий дундаж өсөлт нь 5.3 хувиар хэмжигдэж байна. Энэхүү өсөлтөд бүтээгдэхүүний үнийн өсөлт, мөнгөн гуйвуулга болон аялал жуулчлал голлох үүрэг гүйцэтгэсэн. Улмаар ойрын хоёр жилд тус бүр 6.5 хувиар өсч, улам бэхжих хандлагатайг Дэлхийн банкны эдийн засагчид онцоллоо. Харин манай улсын хувьд 2010 оны урьдчилсан гүйцэтгэлээр ДНБ-ий өсөлт 6.1 хувьтай гарсан. Мөн ирэх жилүүдэд өсөлтийн хурд нэмэгдэх нь тодорхой болчихоод байгаа. Гэхдээ тоон үзүүлэлтийг бодит амьдралтай уялдуулж, бүх нийтийн орлого, амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого баримтлах шаардлагатай. Эс тэгвээс ганц удаагийн хазгай гишгэлтээр хүчирхэг эдийн засагтай орнууд ч хүнд байдалд орж болдгийг өнгөрсөн хугацаанд олон жишээ харуулсан. Энэ мэт зүйлд мэдрэмжтэй, сонор сэрэмжтэй хандаж чадвал хямралыг бүрмөсөн мартаж, сэргэлт, өсөлтийн үр өгөөжийг хүртэнэ хэмээн дэлхийн эдийн засгийн туршлагатай шинжээчид давтан санууллаа. Дэлхийн банкны Хөгжлийн төлвийн захирал Ханс Тиммер:
-Олон улсын хөрөнгийн өсөн нэмэгдсэн урсгал хөгжиж буй орнуудын эдийн засгийн сэргэлтийг идэвхжүүлж байна. Гэвч өсөлтийн урсгал хэтэрвэл дунд орлоготой орнуудад тодорхой хэмжээний эрсдэл дагуулж болзошгүй. Тодруулбал, дунд хугацааны сэргэлтийн явцад ханшийн огцом өсөлт, хөрөнгийн хөөсрөлт бий болох замаар аюул учруулж болох юм. Гэхдээ өсөн нэмэгдэж байгаа хөрөнгө оруулалт, орлогоо оновчтой зарцуулж, гадаад хүчин зүйлээс шалтгаалж болох эрсдэлүүдийг эртнээс тооцоолж чадвал асуудалгүй. Мөн нэг нь нөгөөдөө шууд нөлөө үзүүлэх дотоодын эдийн засгийн салбаруудаа нэгдсэн бодлогоор бэхжүүлж, тогтвортой байдлыг хадгалах нь нэн чухал.
Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч Жастин Ифу Лин:
-Дэлхийн эдийн засгийг хөгжиж буй орнуудын дотоодын хүчтэй эрэлт хэрэгцээ удирдан чиглүүлж эхэллээ. Гэвч өндөр орлоготой орнуудад байнга тохиолдож байгаа санхүүгийн салбарын бэрхшээлүүд энэхүү өсөлтөд саад болж болзошгүй тул бодлогын арга хэмжээг яаралтай авах шаардлагатай. Хөгжиж байгаа орнуудын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2009 онд 40 хувь хүртэл буурч байсан бол өнгөрсөн онд 16 хувь буюу 410 тэрбум ам.долларт хүртлээ өслөө. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь Өмнөд болон Азиас гаралтай хөрөнгө оруулалт юм.
Эх сурвалж: