Асрамжийн хүүхдүүд насанд хүрэхээрээ хаачдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Асрамжийн хүүхдүүд насанд хүрэхээрээ хаачдаг вэ?

“Би өрөөнийхөө эгчийн захиаг дамжуулж өгөх гээд явж байна” хэмээн жаахан охин хар гүйхээрээ надтай зөрж өнгөрлөө. Энэ бол “Хүүхдийн асран хүмүүжүүлэх төв” гэх хаягтай гурван давхар ягаан байшингаар орох үед тааралдсан хамгийн эхний дүр зураг юм. Хичээл тарж, хоёрдугаар ээлжийнхэн сургууль руугаа яарах үеэр очиж таарсан учир Асрамжийн төвийн хонгилоор гүйлдэх хүүхдүүдийн хөл татрахгүй байлаа. Түүний хажуугаар “томчууд”-ын даалгасан ажлыг гүйцэтгэхээр яарах хүүхдүүд ч байв.

Өрөө бүрт дөрөв, дөрвөөрөө байрладаг хүүхдүүд сургуулиасаа ирчихээд хичээлээ хийж, компьютер тоглож, кино үзнэ. Хоорондоо бичиг сачиг дамжуулна. Охид, хөвгүүдийн давхар гэж тусдаа байх бөгөөд давхар бүртээ зурагт үздэг тусгай өрөөтэй аж. Энэ өрөөнд  хүүхдүүд хэд хэдээрээ сууж кино үзнэ. “Та нар юу үзэж байгаа юм бэ?” гэж асуухад тэд “Харри Поттерын хоёрдугаар ангийг үзэж байна. Шинэ анги нь гарчихсан. Гоё гэсэн. Та үзсэн үү?” гэж ирээд л ам уралдан өөдөөс асуултаар “булав”. Тэд нийгэм, олон нийт, хүн ардтайгаа хөл нийлүүлэн амьдарч байгаа нь энэ юм.

Энэ Асрамжийн төвд өнөөдөр 6-18 насны 120 хүүхэд хүмүүжиж байна. Эцэг эх нь шоронд ял эдэлж байгаа, өнчин өрөөсөн болсон, асран халамжлах хүнгүй гэх зэрэг олон шалтгаанаас болж янз бүрийн хүүхдүүд энэ төвийг гэрээ болгохоор иржээ. Тэдний дунд оюуны сааталтай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч цөөнгүй. Улсын хэмжээнд сэтгэцийн өөрчлөлттэй хүүхдүүдийг хүлээн авч, хүмүүжүүлэх төв байдаггүй учраас ийн эрүүл хүүхдүүдтэй цуг байлгахаас өөр аргагүй болдог бололтой. Мэдээж ийм үед өвчтэй хүүхдүүд нь уурлаж, бухимдсанаасаа болж хамт байгаа өрөөнийхнийгөө зодож, гэмтээх тохиолдол нэг биш гардаг аж. Сургууль руугаа явахад багш нь хүргэж өгөхгүй л бол болохгүй. Асрамжийн төвийн багш нарын яриагаар сүүлийн үед сэтгэцийн өөрчлөлттэй хүүхдүүд ирэх нь улам ихэсчээ. Тиймээс энэ асуудлыг зохицуулж, тусдаа төв байгуулах шаардлагатай байгаа гэнэ.

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн асрамж, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 32 байгууллага байдаг. Түүний тав нь Монгол Улсын төсвөөс, нэг нь хувь хүн, харин үлдсэн 26 нь олон улсын байгууллагын шугамаар санхүүжилтээ авдаг аж. Улсын хэмжээнд нийт 1500 гаруй хүүхэд асрамжийн төвд хүмүүжүүлэгч багш нарын хараа хяналт дор амьдардаг байна. “Манай төвийнхнөөс ОХУ-д 51 хүүхэд сургууль төгссөн. Хятадад ес, АНУ, Энэтхэгт 20 гаруй хүүхэд суралцаж байгаа” гэх сайхан тоон үзүүлэлтийг хүмүүжүүлэгч багш нар харамгүй хэлэх боловч үнэн хэрэгтээ насанд хүрснийхээ дараа ажил, амьдралаа төвхнүүлэх нь хүүхдүүдэд тун хэцүү байдаг гэнэ.

Германы санхүүжилттэй “Со­лон­го” асран хүмүүжүүлэх төвд 20 хүүхэд  амьдарч  байна. Тус төвийн нийг­мийн ажилтан Э.Оюунзаяа “Бид хүүх­дүүдийг өөрийнхөө гэрт байгаа юм шиг тавтай, тухтай тохилог байлгахыг хичээдэг” гэсэн юм. Тус төв хүүхдүүдээ насанд хүрснийх нь дараа цаашид амьдралд хөлөө олоход нь туслах зорилгоор ажлын талбарт гарах хүртлээ амьдрах боломжийг бүрдүүлэх тусгай салбар төв ажиллуулж байна. Цөөхөн хүүхэдтэй учраас тэднийхээ алс хэтэд анхаарах боломжтой байж болох юм. Гэтэл “Хүүхдийн асран хүмүүжүүлэх төв”-ийн хувьд энэ олон хүүхдийг 18 нас хүрэхээр нь асран хамгаалагч хэмээн өөрийгөө нэрлэсэн хүнд нь шилжүүлж өгөхөөс бус цаашид яах эсэхийг нь бүрэн шийдэж өгөх боломж байдаггүй аж. Асрамжийн төвөөсөө гарсан хүүхдүүд хэд хэдээрээ нийлж, айлын хажуу өрөө хөлслөн, ажил хайж, ямар нэг байдлаар амьдралаа залгуулах нь бий. Тэгж чадахгүй, яах ч учраа олохгүй байгаа нэг хэсэг нь ч бий. Энэ талаар “Иймэрхүү асуудал үнэхээр хүнд байдаг. Цаашид амьдралд хөлөө олоход нь туслах боломж тэр бүр байдаггүй” хэмээн “Хүүхдийн асран хүмүүжүүлэх төв”-ийн хүмүүжүүлэгч багш М.Отгонбаяр нуулгүй ярьсан юм. Уг нь их, дээд сургуульд орох бол улсаас сургалтын төлбөрийг 100 хувь даадаг байжээ. Гэвч саяхнаас хувь хүн төлбөрийнхөө 30 хувийг өөрөө гаргах ёстой болсноос асрамжийн төвийн хүүхдүүдийн хувьд энэ нь тун хүнд асуудал болжээ. Үүнийг шийдвэрлэхийн тулд төрөөс сар бүр өгч байгаа мөнгийг хадгалж хуримтлал үүсгэдэг гэнэ. Гэхдээ  тэдэнд ойр зуурын дэвтэр, номын мөнгө, дотуур байрны хөлс гэх зэргээр олон асуудал хэвээр байна.

Өнгөрсөн хавар Нийслэлийн Мэргэж­лийн хяналтын газар, Нийслэ­лийн Цагдаагийн газар, Нийслэлийн Хүүх­дийн төлөө газраас хамтран хотын хэмжээнд хүүхдийн ас­рамж, халамж, хамгааллын үйлчил­гээ үзүүлж буй байгууллагын харъяа хүүхдийн асрамжийн газруудад шал­галт хийн, сүрийг үзүүлж бай­сан. Энэ хүрээнд хэд хэдэн байгуул­лагын үйл ажиллагааг зогсоосон билээ. Тэр үед илэрч байсан нийтлэг зөрч­лийн нэг бол хүүхдүүдийн бие бялдрыг хөгжүүлэх орчин нөхцө­лийг бүрдүүлээгүй байсан явдал юм. Өнөөдөр ч энэ байдал хэвээр үргэл­жилсээр байна. Байр, сууц дотроо үсэрч харайх талбай хомс учраас ойрол­цоох сургуулиудтай гэрээ хийж, биеийн тамирын танхимд нь хүүх­дүүдээ тоглуулахаар улсын санхүүжилттэй асрамжийн газрын хүмүүжүүлэгч багш нар нь нэг бус удаа хөөцөлдөж үзжээ. Гэвч хоёр долоо хоногт ганцхан удаа хоёр цагаар биеийн тамирын танхим ашиглах боломжтой байдаг байна. Харин Германы “СОС Киндердорф Интернэйшнл” байгууллагаас санхүүжилтээ авдаг “СОС” хүүхдийн хотхон нь биеийн тами­рын талбай, заалаас эхлээд олон зүйлээр хүүхдүүдээ хангаж чадаж байна. Тус хотхонд 130 орчим хүүхэд амьдарч байна. Ижилхэн загвартай 13 байранд тэднийг хуваан байрлуулдаг аж.

“Хүнд, зовлонтой амьдрал  туул­сан хүүхдүүд тэдний дийлэнх нь. Тэдний сайн сайхан талыг нь дэмжиж байж л тэд урагшилж, хөгждөг. Тэгж байж тэд амьдралын сайхныг мэдэрдэг юм шүү. Хүүхдүүдийг урлагаар дамжуулж хүмүү­жүүлэх хамгийн хялбар бай­даг” гэж хагас зуун жил хүүхэдтэй ажил­лаж, 21 жил “Хүүхдийн асран хү­мүү­жүүлэх төв”-ийн захирал хийж байгаа Монгол Улсын ардын багш Ж.Дүгэр ярьсан юм. Биднийг очих үеэр хүүхдүүд удахгүй болох багш нарын баяраар хүмүүжүүлэгч багш нартаа зориулсан урлагийн багахан хэмжээний тог­лол­тод оролцохоор гараа өргөн урал­даж байсан билээ. Үүдээр нь ороход “Сайн уу” хэмээн инээмсэглэн угтаж, үдэхдээ ёс юм шиг “Баяртай. Дахиад ирээрэй” гэж гараа даллах хүүхэд шуугисан асрамжийн төвүүдэд амьдрал үргэлжилсээр байна.

Т.Элиса
Эх сурвалж:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж