Чилесито хотоос Сан-Хуан хүртэл нийт 786 км зайд үргэлжилсэн 11 дэх гараанд суудлын машины ангилалд Катарын Нассер Аль-Аттияа түрүүлснээр хоёр долоо хоног үргэлжилсний эцэст ням гаригт аваргаа тодруулах Дакар раллигаас анхны цомоо хүртэх боломжоо ахиулсан. Харин өнгөрсөн жилийн аварга, Испанийн Карлос Сайнсын тухайд тэргүүлэгчээс нэг цаг, 14 минут, 50 секундээр хоцорч бариалснаар аварга цолоо хамгаалах боломжоо үгүй хийлээ. Өчигдрийн гараанд Аль-Аттияагийн араас Францын Стефан Петерансель, Өмнөд Африкийн Гиниэль де Вилльерс нар хурдалжээ. Ийнхүү нийлбэр дүнгээр Аль-Аттияа итгэл төгс тэргүүлж байгаа бол де Вилльерс, Сайнс нар нэхэж явна. Хэрэв Катар нисгэгч үлдсэн хоёр гараанд ноцтой алдаа гаргахгүй бол түрүү авах нь тодорхой болоод байна.
Харин мотоциклийн ангилалд Францын Сайрил Деспре ерөнхий дүнгээр тэргүүлж буй Испанийн Марк Комагаас хоёр минут, 11 секундээр урьтаж бариалснаар 11 дэх гарааны ялагч болжээ. Гэхдээ нийлбэр дүгээр Кома тэргүүлсэн хэвээр, харин Деспре 15 минут, 59 секундын алдагдалтай хоёрдугаарт эрэмбэлэгдээд байна.
Дакар раллигийн 12 дахь гараа өнөөдөр Сан-Хуанаас Кордоба хүртэл 678 км зайд үргэлжлэх бөгөөд маргааш сүүлийн гараа Кордобагаас Буэнос-Айрот хүртэл үргэлжилж, тамирчид Аргентиний нийслэл хотноо барианд орсноор Дакар ралли-2011 уралдааны ялагч тодорно.
С.Цэлмэг