
Түүнээс гадна МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагыг тэргүүлдэг Л.Оюун-Эрдэнэ гэж залуугийн нэр дээр гурван ч нам бүртгэлтэй байна. Энэ залуу МАН-ын гишүүн, бас МАХН хэмээх гурван намын дарга байж таарах нь. Хэзээнээсээ ууган улс төрийн хүчний гар хөл, болохгүй бүтэхгүй нөхдийн хоргоддог байр маягтай ажиллаж ирсэн Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо /Хуучнаар бол МАСЗХ, одоогийнхоор НАМЗХ/ гэх залуучуудын байгууллага чухам л шинэчлэгдлээ гээд байсан яасан бэ? Нэрээ хүртэл “Нийгмийн ардчилал” болгон зассан юмсан, уг нь. Гэтэл тэд одоо ч олон нийтийн байгууллагын ажил гэхээсээ илүү улстөрчдийн бариулсан “чулууг” ийшээ, тийшээ шидэлдэг ажил хийсэн хэвээрээ байх шив дээ.
МАХН нэрийг өмчилж үлдэхийн тулд махийтал зүтгэж байгаа МАН-чуудынхаа өмнөөс намын дарга нь бодвол ичиж байгаа байх аа? Дипломат мэргэжилтэй С.Батболд арай ч дээ гэмээр ийм зүйлд ичих булчирхайтай хүн шүү гэж түүнийг мэдэх хүмүүс нь өмгөөлж байна лээ.
МАХН үнэхээр брэнд нэр. Тийм чухал гэдгийг мэдсэн юм бол, тэгээд ингэж улайран зүтгэх байсан юм бол юунд нэрээ сольсон юм бэ? МАХН гэж товчлогдох бүх хувилбарыг УБЕГ-т бүртгүүлж дөнгөхгүйгээс хойш ингэж онигоонд орохын хэрэг байсан юм бол уу? Намынхаа нэрийг авч үлдэхийг зорьж байгаа гишүүн Ц.Шинэбаяр гарц олчихсон л байгаа биз дээ? Тэр удахгүй бас нэг МАХН-аа УБЕГ-т бүртгүүлнэ шүү дээ. Монголын алдарт хувьсгалт нам…
- МАХН гэдэг дөрвөн үгний товчлолтой 20 хувилбар /УБЕГ-т бүртгүүлснээр/ байна.
- МАХН гэдэгтэй ойролцоо буюу зарим нэг үсэг зөрөх товчлолтой хувилбартай 38 намын нэр байна. /УБЕГ-т бүртгүүлснээр/
- Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 13 нам Монголд байдаг.
- Улсын дээд шүүхэд бүртгүүлэх боломжтой буюу нэр давхардаагүй 79 намын нэр байна.
З.ГИЛ