АТГ-ын үүдийг ардчиллынханд дэлгэх үү

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

АТГ-ын үүдийг ардчиллынханд дэлгэх үү

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дар­га Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарт холбогдох хэргийг дэд дарга шүүхэд шилжүүлжээ. Гэвч тэд хуулиар баталгаажсан бүрэн эрхтэй учраас УИХ зөвшөөрөхгүй бол шүүгдэхгүй. УИХ Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хэлэлцэлгүй долоон сарыг үдэж байна. Эрхэм гишүүд тэдний бүрэн эрхийг түр түдгэлзүүлэх асуудалд кноп дарах завгүйдээ биш сонирхолгүйдээ хойшлуулаад байгаа гэх. Тиймээс АТГ-ын даргын бүрэн эрхийн тухай үлгэр мэт яриа үргэлжилсээр байх болно. Гэхдээ эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон л бол ял эдлэхгүй юм гэхэд албан тушаалаа өгөх нь тодорхой. Харин хуулийн байгууллагуудаас хамгийн их мөнгө зарцуулах эрх мэдэлтэй АТГ-ыг Ч.Сангарагчаагийн дараа хэн толгойлохыг улс төрийн хүрээнийхэн ажиглаж, хуульчид өөрсдийнхөө төлөө ханцуй дотроо залбирч суугаа. Хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудыг мэдлэг чадвараас нь гадна хэний хүн бэ гэдэг шалгуураар томилдог нь нууц биш. Үүнийг Д.Энхбат гишүүн “Хуулийг шинэчлэхгүй л бол ялсан намынх нь хүн томилогддог жишиг хэвээр байна” гэж тодорхойлсон удаатай. АТГ-ын даргын зөөлөн сэнтийд Д.Батсайхан шүүгчийг зүтгүүлж байгаа гэх яриа бий. Дээд шүүхийн Эрүү­гийн хэргийн Танхимын тэргүүн шүүгч тэрбээр нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа Ч.Сан­га­рагчааг “хөөрхөн” чимхчихсэн нь дээрх хардлагыг эхлүүлжээ. Түүнийг Ул­сын ерөнхий прокурор Д.Дорлигжавтай дотно найз гэдгийг хуулийнхан хэлсэн. Тий­мээс Д.Дорлигжав Ч.Сангарагчаатай “дай­таж” байгаа үед Д.Батсайхан байж бо­лох л хувилбар.  Д.Батсайхан Булган айм­гийн харъяат. Эрдэнэтийн прокурорын га­зарт ажиллаж байхаасаа Д.Дорлигжавтай нөхөр­лө­сөн аж. Аймгуудад прокуророор ажил­лаж байсан тэрбээр ардчиллын эхэн үеэс тушаал дэвшиж, Улсын дээд шүүхийн шүүг­чээр томилогджээ. Улмаар 1999 онд Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэр­гүүн шүүгчээр томилогдсон нэгэн. Харин 2002 онд тушаал буурч Дээд шүүхийн шүүгч болж байжээ. Д.Батсайхан 2005 онд дахин Эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн шүүгч болж хоёр жилийн өмнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлд багтжээ. “Авлигатай тэмцэхэд загасны дэгээ ямар хэрэгтэй юм бэ” гэж албан тушаалынхаа зарчмыг үл тоон үзэл бодлоо илэрхийлсэн түүнийг Улсын ерөнхий прокурорын орлогч болно гэсэн яриа нэг үе гарсан. Бүр “АТГ-ын даргаар томилохгүй бол Д.Дорлигжав дэргэдээ авах юм гэнэ лээ” гэж ярих хуульчтай ч таарав.

Д.Батсайхан шүүгчтэй ардчиллын гэг­дэх Ж.Энхнасан өрсөлдөж байгаа гэх яриа хуулийнхны дунд байна. Ж.Энхнасанг Д.Дор­лигжав бус, Ерөнхийлөгч АТГ-ын даргад зүт­гүүлж буй гэх. Тагнуулын ерөнхий газ­рын даргаар ажиллаж байсан түүнийг ард­чилаг­чидтай холбохоос аргагүй. Улсын ерөн­хий прокурорын орлогчоор ажиллаж байсан Ж.Энхнасан 1996 онд Тагнуулын Ерөнхий газрын дарга болсон. Тэр нь Эвслийн Засгийн газар төр барьж байсан үе. Тиймээс “Тагнуулын ерөнхий газрын дарга Ц.Элбэгдоржийн халааснаас томилогдлоо” гэх яриа тухайн үед гарч байжээ. Харин “Гааль”-ийн Х.Баатарын тухай дуулиан дэгдэж улс төрийн хүрээнийхэн нэгийгээ тагнаж, чагнасан гэх хэрэг мандахад ажлаа өгчээ. Түүнээс хойш Тагнуулын ерөнхий газрын экс даргын сураг алдарсан билээ. Ж.Энхнасан дарга ажлаа өгснөөс хойш нэг үе төрийн албанаас хол байхыг эрхэмлэсэн бололтой. Тэрбээр өдгөө Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Ж.Энхнасан “Эх орон дуудлаа” гээд АТГ-т очиход бэлтгэж Ерөнхийлөгч найзынхаа дуудахыг хүлээж байгаа бололтой.

Харин улс төрд “улаан”-ыг баригчид ардчилагчдад мөчөөгөө өгөхгүй саяхан Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр сайн дураараа явсан С.Батдэлгэрт найдлага тавьж байгаа аж. С.Батдэлгэр Ерөнхий шүүгчийн албан тушаалд “түр” суусан аж. Түүнийг дараагийн томилгоог хүлээж суугаа гэдэгт хуулийнхан л лав эргэлзэхгүй байна. Гэхдээ дараагийн “том” томилгоо нь АТГ биш биз.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Эх сурвалж:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж