Н.Төгсцогт маргааш WSB-ын анхны тулаанаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт маргааш WSB-ын анхны тулаанаа хийнэ

AIBA буюу Олон улсын сонирхогчдын холбооноос зохион байгуулж буй дэлхийн лиг хэмээн тодорхойлж болох “World Series of Boxing” тэмцээнд манай дөрвөн боксчин гадны багуудтай гэрээ байгуулсны дагуу тулалдаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Манай ширэн бээлийтнүүдээс Америкийн “Мемфис Форс” багт хүчин зүтгэж буй У.Мөнх-Эрдэнэ, Италийн “Милано Тандер” багийн З.Энхзориг нар нэг, нэг тулаан хийж ялагдаад байсан бол Азербайжаны “Баку Файерс” багт харьяалагдаж буй Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт 15-ны бямба гаригт буюу маргааш эхний тулаанаа хийхээр болжээ.

“World Series of Boxing” тэмцээний зургадугаар тойргийн тулаанууд хуваарь ёсоор 13-15-ны өдрүүдэд үргэлжилж байгаа бөгөөд Азийн бүсэд “Баку Файерс” баг энэ тойрогт БНХАУ-ын “Бээжин Драгонс” багтай өрсөлдөхөөр болжээ. Лигийн дүрмийн дагуу нэг баг таван өөр жинд тамирчдаа сойх бөгөөд нэг жинд гурван тамирчинтай байхаар багаа бүрдүүлжээ. Харин Н.Төгсцогтын хувьд bantamweight буюу 50-54 кг-ын жинд багаа төлөөлж байгаа бөгөөд WSB-ын анхны тулаанаа маргааш БНХАУ-ын боксчин Хө Живейн эсрэг хийх юм. Хоёр багийн тулаан Макаогийн Zongyi цэнгэлдэхэд болох ажээ.

Мөн зургадугаар тойргийн хүрээнд Италийн “Милано Тандер” баг өнөөдөр “Парис Юнайтед” багтай өрсөлдөх бөгөөд ОУХМ З.Энхзориг 61 кг-д багаа төлөөлөн тулалдах болсон байна. Тэмцээний гуравдугаар тойргийн хүрээнд анхны тулаанаа хийж, ОХУ-ын тулаанч Адлан Абдурашидовт ялагдсан тэрбээр энэ удаад Францын Рашид Аззединтай өрсөлдөх юм. Хоёр багийн халз тулаан орон нутгийн цагаар өнөөдөр 21.00 цагаас Францын нийслэл Парис хотын Georges Carpentier ордонд болох аж.

Сонирхуулахад, “World Series of Boxing” тэмцээнд Америк, Ази, Европ гурван тивийн 12 баг, тодруулбал, Азиас “Астана Арланс”, “Баку Файерс”, “Бээжин Драгонс” болон “Инчьон Рэд Уингс” багууд, Европоос “Истанбуллс”, “Милано Тандер”, “Кремлин Биэрс”, “Парис Юнайтед” харин Америкаас “Мемфис Форс”, “Лос-Анжелес Матадорс”, “Мехико сити Гуэррэрас” болон “Майами Галлос” багууд өрсөлдөж байгаа юм. Багууд нийт 12 тойрог өрсөлдөж, улмаар хагас шигшээд өрсөлдөх багууд тодрох учиртай. Таван тойргийн дараах байдлаар Америкийн бүсийг “ЛА Матадорс” баг 13 оноотой тэргүүлж байгаа бол Азийн бүсийг “Баку Файерс” 15 оноотой, Европын бүсийг “Парис Юнайтед”, “Милано Тандер” багууд ижил 13 оноотой манлайлж байна.

С.Цэлмэг     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж