”Дорнод уран” зүгээр л орд шүү дээ

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

”Дорнод уран” зүгээр л орд шүү дээ

Х.Наранхүү: "Дорнод уран" гэдэг чинь зүгээр л нэг орд шүү дээ

УИХ-ын гишүүн Х.Наранхүүг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Тавантолгойн ордыг ашиглахаар “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийг байгуулсан. Энэхүү компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах замаар хөрөнгө оруулалт босгохоор боллоо. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Аливаа томоохон төслийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх хэд, хэдэн арга бий. Хөрөнгө мөнгөний бололцоо их, чадвар сайтай улс орон өөрсдөө санхүүжүүлчихдэг. Ингэвэл санхүү, зээлийн ашиг нь улсдаа үлдэнэ гэсэн үг. Харин манай улс дотооддоо хөрөнгийн нөөц, бололцоо байхгүй, банк, санхүүгийн салбар сул учир мөнгөө яах аргагүй гаднаас олж авахаар болж байгаа юм. Гаднаас авахад хоёр арга байна. Нэгд, гадныхныг өөрсдийг нь хөрөнгө оруулалт хийгээч гэж урих. Хоёрт, өөрсдөө гаднаас мөнгө зээлэх.

Тэгэхээр гадны хөрөнгө оруулалт оруулна гэдэг чинь тухайн төслийг хэрэгжүүлсэн үр ашгийн ихэнх нь гадных болно гэсэн үг юм. Манайх нэг үеэ бодвол иймэрхүү томоохон төслүүдийг хэрэгжүүлж сурч байна. Одоогоос 30 гаруй жилийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулж байсан. Сүүлийн үед зам, тээвэр, дэд бүтэц зэрэг том төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ. Тиймээс гадны хөрөнгө оруулалт биш дотооддоо хөрөнгө оруулалт хийсэн нь зөв байх гэж бодож байна. Гаднаас мөнгө олж авахдаа банкуудаас зээлэх, эсвэл Хөрөнгийн бирж дээр мөнгө босгох аргууд бий. Сүүлийн үед Хөрөнгийн бирж дээр мөнгө босгох нь түгээмэл болсон. Засгийн газар ч энэ хувилбараар ярьж байна. Болохгүй ч зүйл байхгүй. Гэхдээ харьцангуй үнэтэй л мөнгө орж ирэх байх. Уг нь гадны хөгжлийн чиглэлийг дэмждэг Олон улсын сан, Хөрөнгө оруулалтын банкуудаас арай хямдхан мөнгө олдох ёстой юм. Үүний тулд уг төслийг хэрэгжүүлж байгаа байгууллагын бодлогыг маш сайн гаргах хэрэгтэй. Төсөл нь иж бүрэн боловсрогдсон байх нь зүйтэй. Тэгээд гадны хөрөнгө оруулагчаа зөв сонгож, нөхцөлөө яривал арай хямдхан олдох боломж байгаа болов уу гэж бодож байна.

-Гаднаас зээл авч хөрөнгө оруулалт хийвэл дотоодын компаниудад сонирхлын зөрчил үүсэхгүй юү?

-Хөрөнгө оруулагч аль ч тохиолдолд Засгийн газар, хувийн салбар байх юм. Тэгэхээр хувийн компани дотроо эрх ашгийн сонирхол байх ёсгүй болов уу. Том, жижиг компанийн чадвар, чадамж өөр, өөр л дөө. Үүнээс хамаарч уг ажлыг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг дээр санал зөрж болох юм. Чухам буруу, дутуу дулимаг зүйл дээр ойлголтын зөрүү байгаа учир хүмүүс хоорондоо санал зөрөлдөх байх. Энэ нь эргээд сонирхлын зөрчил болж харагдаад байгаа юм. Монгол Улсад уул уурхайг хөгжүүлье, үүнийгээ дагаад дэд бүтцээ сайжруулъя гэвэл хийх ажил маш их бий. Бид сүүлийн үед УИХ, Засгийн газраар хэлэлцээд хэрэгтэй, шаардлагатай гэж гаргасан төсөл, хөтөлбөрүүдийг харвал олон төсөл байна. Эдгээр төслийн аль нь эн тэргүүнийх юм гэдгийг ялгаж, салгахгүй бол бүгдийг нь зэрэг хийх хүн хүч, хөрөнгийн бололцоо, шаардлага ч байхгүй. Жишээ нь зам барья гэвэл автозамаас эхлэх үү, эсвэл төмөр замаа түрүүлж барих уу. Мөн нүүрсээ эхлээд гаргах ёстой юм уу, бусад түүхий эддээ тулгуурлах уу гээд улс орны эн тэргүүний шаардлага, хэрэгцээ гэдгийг л хүмүүс өөр, өөрөөр ойлгоод байна. Миний ойлголтоор Засгийн газар төслөө дахин нягталж үзээд ядахдаа эхний таван том төслөө гаргах хэрэгтэй. Хувийн бизнесийнхэн дотроо чиглэл, чиглэлээрээ нэгдээд Монголын хөрөнгө оруулагчид, бизнесийнхэн өөрсдийн хөрөнгө мөнгөнийхөө хэмжээнд ийм, ийм зүйлд анхаарч ажилламаар байна гэдгээ гаргах хэрэгтэй. Уг нь өндөр үр ашигтай салбарынхныг гадныханд заавал өгөх шаардлагагүй шүү дээ. Гэхдээ үр ашигтай салбар нь өндөр мэдлэг, техник технологи шаарддаг. Тэгэхээр бид чадахгүй. Иймээс энэ бүгдийг сайн бодож байгаад ашиг сонирхлоо гаргаж ирэх нь зүйтэй. Тэгээд Засгийн газартайгаа нийлээд дотоодын хөрөнгө оруулагч болон гадны хөрөнгө оруулагчаа тус бүрийг нь ийм, ийм зүйлд төвлөрүүлье, оруулъя гэдгээ гаргах ёстой. Ингэвэл ажил шуурхай явах гээд байгаа юм.    
  
-“Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргахаас гадна иргэддээ хувьцаа олгохоор болсон?

-Иргэдэд хувьцаа олгох нь зарчмын хувьд болохгүй зүйл байхгүй. Харин өнөөдөр манай иргэдийн гар дээр хэчнээн төгрөг байгаа билээ. Нарийн бодвол хүмүүсийн дийлэнх нь хадгаламж багатай байна. Тиймээс үүнд их мөнгө босох болов уу, яах бол. Ер нь банкны салбар сул байгаа чинь банкинд мөнгөө хадгалуулдаг, бэлэн мөнгөтэй хүн цөөхөн л гэсэн үг. Гэхдээ үүнийг үгүйсгэж болохгүй. Эхлүүлж, нийтэд хувьцаа гаргах хэрэгтэй. Үүний хажуугаар төрөөс нийтэд тарааж байгаа нэг сая 500 мянган төгрөгийг хувьцаа хэлбэрээр ирээдүйд олгох ногдол ашиг хэлбэрээр тараах хувилбар байж болно. Сүүлийн гурав, дөрвөн жил төсөв гайгүй сайн байх үед төсвийн нэмэгдэл орлогоо уул уурхайгаас орсон гэнэтийн өндөр ашгаа бид үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт бус, хэрэглээнд зарцуулсан. Хувьцаа тараана гэдэг чинь тэр хэрэглээг өнөөдөр биш, ирээдүйд нь хөрөнгө оруулж байгаа хэрэг. Улс орны эдийн засаг, өсөлтөд ч эергээр нөлөөлнө.

-“Эрдэнэс Тавантолгой” ком­пани гүйцэтгэх захирлаараа Австралийн эрхмийг сонгосон боловч цалингаа голсон. Гадаадын мэдлэг, чадвартай хүнийг ажил­луулах бололцоо манайд байхгүй гэж үү?

-Манай улс олон зүйл дээр барууны ардчилсан хэм хэмжээнд хүрэх гэж хичээж байгаа. Гэхдээ зарим тал дээр чадахгүй. Учир нь хөрөнгө, мэдлэг, чадвар, техник технологи дээр очоод гацчихна. Барууны уул уурхайн хүчтэй компаниуд гэдэг чинь асар өндөр цалинтай байдаг. Тиймээс олон улсын жишгээр өгч чадахгүй. Манай улсын өгч чадах хэмжээний цалинг зөвшөөрсөн хүнийг л олох хэрэгтэй. Бид хоёр өөр ертөнцөд амьдарч байна. Нэг нь манай өнөөгийн бодит байдал, нөгөө нь дэлхийн олон нийтийн жишиг. Энэ хоёрын дунд л сонголт хийх болчихоод байгаа юм.

-Өнгөрсөн оны сүүлчээр Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар нэлээд шуугиан дэгдсэн. Монголын талын эзэмших 34 хувь долоо болтлоо буурлаа гэх мэдээлэл олны анхаарлыг татлаа. Үүнд та юу хэлэх вэ. Энэ нь Засгийн газрын буруутай үйлдэл гэж үү?

-Зах зээлийн нөхцөл байдал байнга өөрчлөгддөг. Тэр хэмжээгээр бидний хоёр жилийн өмнө хийсэн яриа, тохироо хоёр жилийн дараа өөр харагдана. Дахиад хоёр жилийн дараа бүр өөрөөр харагдана. Сайжирч ч магадгүй, дордчихож ч магадгүй. Тэгэхээр бид зарчмын шийдлүүдээ зах зээлийн байр сууринаас хараад нааш нь, цааш нь болгоод байвал хэнтэй ч зарчмын тохироо хийж чадахгүй. Зарчмын юм, зарчмын юмаараа л байх ёстой. Гадны хөрөнгө оруулалтыг бид байтугай биднээс хамаагүй хүчтэй Америк, Орос, Хятад бүгд эхэлж хөрөнгө оруулахдаа хөлд нь суудаг. Хөрөнгө оруулсных нь дараа аажмаар нөхцөлөө сайжруулдаг. Хаа газрын бодлого ийм байдаг. Өнөөдөр ганц ч хөрөнгө оруулаагүй байхад хамаг зүйлийг нь чангалчихаар бидний ажил л хойшилно. Иймээс үүнийг сайн бодох хэрэгтэй. Зэсийн үнэ өндөр болчихсон учир бидний тооцоогоор манай талын хувьцааны үнэ нэмэгдэх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Харин жилийн дараа зэсийн үнэ 2000-аас доош орвол нөхцөлөө муутгана гэж ярих уу. Тийм зүйл байхгүй.

-Засгийн газрын зүгээс Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулахаар болсон. Хувь нийлүүлэгчдийн гэрээ нь Хөрөнгө оруулалтын гэрээтэйгээ зарим нэг зүйлээр зөрж байгаа гэх яриа бий?

-Боломж байгаа бол ямар нэгэн хэмжээгээр явц дундаа сайжруулах зүйл хийхийг үгүйсгэхгүй. Түүнээс биш би болохгүй гээд байгаа юм биш. Боломж байвал тэр яриагаа хий. Ингэлээ гээд тавьж байгаа асуудал нь хэрэгжихүйц зүйл харагдаж байгаа бол ярих ёстой. Хөрөнгө оруулагчаа сонгоно гэдэг чинь насныхаа ханийг сонгож байгаатай адил шүү дээ. Тухайн орд газрыг дуустал түнштэйгээ түншилнэ. Яагаа ч үгүй байхад нь хоёрын хооронд асуудлаас болоод түнштэйгээ харьцаагаа муутгачихна гэдэг чинь тэр төсөл гацах, хэрэгжихгүй байхын л шинж.

-Тэгэхээр таныхаар гэрээнд ямар нэгэн асуудал гарвал хөрөнгө оруулагчаа гомдоохгүйн тулд чимээгүй байх ёстой гэж ойлгож болох уу?

-Зарчмын асуудлын тухайд би ярьсан. Харин зарчмын бус мөртлөө сайжруулаад авчих боломж байвал түүнийгээ ашиглах хэрэгтэй. Үүнээсээ болоод зарчмын асуудалд хүндрэл учруулж, түнштэйгээ харьцаагаа муутгах нөхцөл байдал үүсгээд байвал татгалзах нь зөв. Маш уян хатан байх хэрэгтэй л гэж хэлж байгаа юм. Ер нь бид буурь суурьтай, алсын хараатай түнш нь байх ёстой. Нэг хүн ийм боломж байна гэхээр л улстөрчид нь түнш рүүгээ шууд хандаад манайхан ингэж байна, бид ингэмээр байна гээд л ийм асуудал гаргаад байж болохгүй.

-Гадаадын хөрөнгө оруулагч компаниуд Монгол Улс бодлогоо зөв тодорхойл, байр суурь дээрээ найдвартай бай гэсэн шаардлага тавьдаг нь үүнтэй холбоотой байх?

-Гадныхан мөн ингэж л харж байгаа. Ер нь таван жилийн настай хууль бараг байдаггүй. Сонгууль өнгөрөөд л дараагийн УИХ, Засгийн газар нь сайжруулж байгаа нэрийдлээр асуудалд өөр байр сууринаас ханддаг. Улс дор хаяж 10, 20 жилээр сэтгэх хэрэгтэй. Манайд хөгжлийн бодлого, стратегиа зөв ойлгож, тохиролцох процесс нь удаан байгаад байна. Уул уурхай хүнд салбар л даа. Байгаль орчинд халтай. Гэлээ гээд бид богино хугацаанд хөгжилтэй орнуудын амьдралын түвшинд хүрье гэж байгаа бол түргэн хөгжүүлээд, орлого олчих өөр салбар харагдахгүй байна. Мал аж ахуй бол дөнгөж хүн амаа мах, ойр зуурын бараагаар хангах хэмжээнд л байгаа юм. Түүнээс бус улс орныг хөгжилтэй орнуудын хэмжээнд богино хугацаанд хүргэх салбар биш. Тиймээс хүссэн, хүсээгүй уул уурхайгаа түшиглэх нь. Гэхдээ энэ салбарыг арай хийн хөгжих гэж байхад нь байгаль орчныг зэрэгцүүлж ярих нь юу бол. Ярих ёстой. Хамгийн гол нь наанатай, цаанатай байх хэрэгтэй. Хөгжилтэй орнуудыг хараад байхад ихэнх нь байгалийн баялагтаа түшиглэж, түүнийгээ ашиглаж, борлуулж босч ирсэн. Байгалийн нөхцөл, хөрс сайтай улс орнууд газар тариалангаараа боссон. Англи улсын тухайд нүүрсээр баян байсан улс. Нүүрсээ олборлож, боловсруулан, худалдаалаад дуусах хооронд асар их ажил хийж сурсан. Мөн асар их хөрөнгө мөнгө хуримтлуулж, техник технологи эзэмшсэн. Өнөөдөр нүүрс нь дууссан ч гэсэн хэнээс ч илүү үйлдвэрлэл явуулж, чадаж байна. Япон яг ийм. Байж байгаа дээр нь тухайн улс орны хүн ам нь ажилд сурч, шинжлэх ухаан, техникийн ололтыг эзэмшиж, санхүүгийн нөөц хуримтлалтай болчихно. Ер нь ийм л зорилготой.

-Тэгвэл та уул уурхайн 254 компанийн лицензийг цуцалсан нь буруу гэж үзэж байна уу?

-Би яг ийм байх ёстой, тийм байх ёстой гэж яримааргүй байна. Монгол орны байгаль орчин бусад орныг бодвол их эмзэг юм. Манайх шиг эмзэг, цөлжилт ихтэй байгалиа хамгаална гэдэг санаа нь бол зөв. Гэхдээ бид үүн дээр маш бүдүүн тоймоор ажиллаж байгаа юм. Бийрээр нарийн хийх ёстой ажлыг бид сүх бариад үзээд байна гэсэн үг. Ингэж бүдүүн тоймоор хандаж болохгүй. Тийм учраас би уг хуульд хоёрдмол хандлагатай байгаа. Мөн уул уурхайн 254 компани ямар ажил хийсэн, хэдэн төгрөгийн хөрөнгө зарцуулсан бэ, хэдэн хүн ажиллуулсан юм гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Би тэдгээр компаниудыг бүгдийг нь айхтар их ажил хийчихээд ашигт малтмалаа олборлохоор болчихсон компаниуд гэж бодохгүй байна.  

-Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг хүчингүй болгосон. Харин өсөн нэмэгдэх роялтийн татвар гэнэтийн ашгийн татвараас илүү өгөөжтэй байж чадах уу?

-Гэнэтийн ашгийн татвар гэдэг нь өөрөө эдийн засгийн үндэслэл муутай захиргаа тал руугаа болчихсон юм. Зах зээлийн гэнэтийн өсөлтөд тохируулсан. Хууль гэдэг чинь өнөө маргаашийн нөхцөл байдалд тохирсон бус удаан хугацаанд байх ёстой. Тиймээс арай алсыг харсан нь өсөн нэмэгдэх роялтийн татвар юм. Үнэ өсөх тусам татвар нэмэгдэнэ. Би үүнийг зах зээлийн нөхцөл байдалд ойртсон хууль гэж харж байгаа.

-Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр томоохон асуудлыг шийдэж, тохиролцоонд хүрч чадсан. “Дорнод уран” хамтарсан компани байгуулж, Монголын тал 51, Оросын тал 49 хувийг эзэмшихээр болсон. Өмнө нь Оросын тал 51 хувь гэсэн хатуу байр суурьтай байсан боловч энэ удаагийн айлчлалаар яагаад ийм “чих зөөлөн”-тэй шийдвэр гаргах болов?

-Бид асуудлын ач холбогдол, үнэ цэнэ гэдгийг бодох ёстой. Хятад дэлхийд гадны хөрөнгө оруулалтыг хамгийн их татаж чадсан улс. Манай улс уян хатан байх хэрэгтэй. “Эрдэнэт” үйлдвэр дээр өөр байсан. Явцын дунд нөхцөл байдалтайгаа зохицоод 51 хувь болсон. “Дорнод уран” бол Монголын  ураны салбар биш. Энэ бол нэг л орд газар. Олон улсын жишгээр яривал “Дорнод уран” дунд зэрэгт л орно. Оросын талын “Рос Атом” компани бол олон газарт хөрөнгө оруулалт хийсэн, 700-аад мянган тонн ураны нөөцтэй компани. Харин манай Мардай бол 30, 40 мянган тонны нөөцтэй. Тэгэхээр тус компанийн нөөцийн таван хувь л байгаа юм. Оросын талд бид асар үнэтэй, том зүйл өгчихлөө гээд л үүн дээрээ зөөлөн, хатууг яриад байгаа. Үүнийг би улстөржсөн яриа гэж бодож байна. Манай улсад цөмийн эрчим хүчний салбарын хөгжил эхлэл төдий байна. Орос дэлхийд эрчим хүчний салбарыг хөгжүүлсэн орны нэг яах аргагүй мөн. Манай улс ийм зүйл дээр хамтарч ажиллах гэж байж эхэнд нь үнэрхэж, хатуурхах хэрэггүй.    

-Ярилцсанд баярлалаа.

Ц.Энхцэцэг

Эх сурвалж:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж