Саудын Араб нутаг буцах нь тодорхой боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Саудын Араб нутаг буцах нь тодорхой боллоо

Катар улсад Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээний хэсгийн хоёр дахь тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр В группт сугалаа таарсан багууд хэсгийн хоёр дахь тоглолтоо хийлээ.

Нээлтийн тоглолтоо Сирийн багтай хийж, гутамшигтай ялагдал хүлээснээр дасгалжуулагчаа сольж амжсан Саудын Арабын шигшээ баг өчигдөр Доха хотноо Йорданы багт 1:0 харьцаатай ялагдал хүлээжээ. Португаль мэргэжилтэн Хосе Песейрог ажлаас нь чөлөөлж, Нассер Аль Жохарыг дасгалжуулагчийн ажилд томилсон ч чухал шаардлагатай байсан хожлоо авч чадсангүй. Ийнхүү хоёр тоглолтоос ганц ч оноо авч чадаагүй Саудын Арабын баг хэсгийн шатнаас нутаг буцах нь тодорхой болов. Хаалгач Валеед Абдуллагийн алдаа арабчуудын хувь заяаг шийдсэн гэж болно. Тоглолтын эхний хагас өндөрлөхөөс гурван минутын өмнө Абдул Рахман гоолдсоноор багтаа ялалт авчирч, Йорданы баг дөрвөн оноотой болсон юм.

Харин нээлтийн тоглолтоо Йордантой хийж, 1:1 харьцаатай эвийн гэрээ байгуулсан Японы шигшээ баг өчигдөр Сирийн шигшээг 2:1 харьцаатай буулган авлаа. В хэсгийн төдийгүй энэ удаагийн Азийн аваргын хүчтэй багуудын тоонд зүй ёсоор багтаж буй “Цэнхэр самурайнууд” ийнхүү Йорданы адил дөрвөн оноотой хэсгээ тэргүүлж байна. Харин Сири гурван оноотой хүснэгтийн гуравдугаар эгнээг эзэлж байна.

В хэсгийн дараагийн тоглолтууд ирэх даваа гаригт болох бөгөөд Японы шигшээ Саудын Арабтай, харин Йордан Сирийн багууд хоорондоо тоглоно.

Харин өнөөдөр С хэсгийн хоёр дахь тоглолтууд болно. Энэ хэсгийг тэргүүлж буй Шинэ тив Австралийн баг Өмнөд Солонгостой, харин Энэтхэг Бахрайнтай тус тус тоглох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж