ОХУ-ын шилдэг зөн билэгтнүүд Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

ОХУ-ын шилдэг зөн билэгтнүүд Монголд ирлээ

"Чингис хаан" олон улсын нисэх буудалд өнөөдөр 07.10 минутад ОХУ-ын шилдэг зөн билигч Мехди Эбрагими  Вафа, Нона Хидирян нар Монголд анх удаа хөл тавилаа. Тэд  тус нисэх буудалд хэвлэлийн бага хурал хийх байсан ч хойшилж, энэ сарын 17-нд хийнэ гэсэн товыг зарлалаа. ОХУ-ын шилдэг зөн билэгч Мехди Эбрагими  Вафа "Чингис хааны өсөж төрсөн нутагт хөл тавьсандаа маш их баяртай байна. Миний хувьд энэ бол  бахархмаар зүйл" хэмээн сэгүүлчдэд сэтгэгдэлээ хуваалцсан бол зөн билэгч Нона "Монголчууд намайг маш найрсагаар хүлээж авлаа" хэмээн Монголд хөл тавьсандаа сэтгэл хангалуун байлаа.

Зөн билигчдийг Монголын зөн билгийн академи, NTV телевизийнхэн болон бусад хэвлэл мэдээллийхэн угтан авсан юм. Мехди Эбрагими  Вафа, Нона Хидирян нар маргааш Монгол бөхийн өргөөнд болох “Монголын зөн билгийн тулаан-4” нэвтрүүлгийн ялагч шалгаруулах арга хэмжээнд удган Өүлэн,  лам Энхболд нартай нууц увидас, зөн билгээрээ халз өрсөлдөх гэнэ. Шоуны үеэр азтай найман үзэгчийг шалгаруулж, Оросын зөн билэгчидтэй тусгайлан уулзах боломж олгох аж. Оросын зөн билэгчидтэй уулзах хүсэлтэй хүмүүс маш олон байгаа ч тэд Монголд байх дөрөв хоногийн хугацаандаа өдөрт ердөө таван хүнтэй уулзах гэнэ. Дашрамд сонирхуулахад энэ сарын 17-нд “Монголын зөн билгийн академи”-аас зохион байгуулах 50 гаруй хүний багтаамжтай тусгай хүлээн авалтад оролцох гэнэ. Харин хоёр зөн билигч тодорхой тооны хүмүүсийг төлбөртэй үзэх бөгөөд үзүүлэх хүний тоо нь хэдийнэ бүрдсэн талаар Монголын зөн билгийн академийнхан хэлжээ. Харин "Бөхийн өргөө"-нд болох “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн хаалтын шоуны тасалбарын үнэ 15 мянган төгрөг юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж