Италийн нэрт удирдаач Роберто Салвалаио дахин манай улсад ирэх талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл удирдаач Роберто Салвалаио өнөөдөр Монголд ирж байгаа юм. Тэрбээр энэ удаад ганцаараа бус Италийн нэртэй дуурийн дуучин болох Париде Пандолфотой хамт ирж байгаа аж. Тэд өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд буух бөгөөд маргааш буюу энэ сарын 15-нд “Венецийн үдэш” нэртэй тоглолтоо хийх юм. Мөн энэ сарын 22-нд Дж.Пуччини “Тоска” дуурийг Роберто Салвалаио удирдах бөгөөд Гүн Скарпьягийн дүрд Италийн дуучин Париде Пандолфо дуулах юм.
Италийн дуурийн дуучин Париде Пандолфо нь баритон хоолойтой бөгөөд Мария Малибраний академийг дуурийн дуучнаар төгсчээ. Париде нь үндэсний болон олон улсын G.B.Velluti, Glacomo Lauri Volpi нарын конкурст тус тус амжилттай оролцож байжээ. Мөн Ж.Роисиний “Севилийн үсчин” дуурийн Фигаро, Дж.Вердийн “Травиата” дуурийн Жермон, Дж.Пуччинийн “Богема” дуурийн Марчеллогийн дүрүүдээрээ алдартай аж.
М.Урин