-Б.Хурцыг яагаад батлан даалтад гаргахаас Их Британийн талынхан татгалзав?
-Өнгөрсөн лхагва гаригт Лондонгийн “Court of Magistrate of Westminster” шүүхийн танхимд Б.Хурцыг түр хугацаагаар сулллах асуудлыг хэлэлцсэн ч батлан даалтад гаргах боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Их Британийн тал ямар үндэслэлээр түүнийг батлан даалтад гаргахгүй гэсэн үндэслэлээ бидэнд тайлбарлаагүй. Ер нь заавал тайлбар өгөх шаардлага байхгүй л дээ.
-Тэгэхээр ирэх сарын 2-нд болон шүүх хурал хүртэл хоригдсоор байх уу. Биеийн байдал нь ямар байна. Гэр бүлийнхэнтэйгээ уулзах боломжтой юу?
-Биеийн байдал нь хэвийн. Саяхан гэр бүлийнхэн нь очсон. Өчигдөр манай Элчин сайдын яамнынхан уулзсан гэсэн. Ер нь Б.Хурцтай уулзахад ямар нэгэн асуудал байхгүй. Утсаар ч холбогдож болно. Нэгэнт шүүх батлан даалтад гаргахгүй гэсэн шийдвэр гаргасан болохоор ирэх сард болох шүүх хурал хүртэл хоригдоно гэсэн үг.
-Энэ сарын 5-ны өдөр болсон шүүх хурлаар манай талаас ямар нотлох баримт тайлбарыг тавьсан бэ?
-Өнгөрсөн хугацаанд болсон шүүхийн мэтгэлцээний үеэр манай талаас өмгөөлөгч Алан Жонс Монгол Улсын иргэний дипломат ямба эртхэй ажилтныг Их Британийн эрх бүхий албанынхан олон улсын конвенцийн хүрээнд халдашгүй ямба, дархан эрхийг зөрчин баривчилсан учраас суллах ёстой гэсэн тайлбар, нотлох баримтыг үндэслэн шүүх ажиллагааны үеэр танилцуулсан. Харин шүүх хурал даргалагч шүүгч уг тайлбар нотолгоотой дахин танилцья гэсэн шийдвэр гарсан. Шүүх хурал ирэх сарын 5-ны өдөр үргэлжилнэ.
-Шүүх хурлыг үеэр эхнэр нь хүсэлт гаргасан гэсэн энэ талаар тодруулаач?
-Гэр бүлийнх нь хүн Сарнай Лондонд амаржих болсон байгаа. Тиймээс ээлжит шүүх хурлыг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт тавьсан юм байна лээ. Ирэх сард болох шүүх хурлаар асуудал шийдэгдэх байх гэсэн найдвар тавьж байна.
-Хэрэв ирэх сард болох шүүх хурлаар Б.Хурцыг Германы талд шилжүүлбэл байдал нэлээд хүндэрнэ байх?
-Ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж буй гол зорилго бол иргэнээ нутагт нь авчрах юм шүү дээ. Тиймээс дараа дараагийн асуудлыг одоо ярих шаардлага байхгүй л дээ.
-Ноён Диксоныг урхи тавьж Б.Хурцыг баривчлуулсан гэсэн мэдээлэл хэр үндэслэлтэй вэ?
-Өнгөрсөн хугацаанд болсон шүүх хурлын үеэр ноён Диксонтой холбоотой асуудал огт яриагүй. Шүүх ажиллагааны үеэр Б.Хурцыг Германы талд шилжүүлэх эсэхийг хэлэлцсэн болохоос биш Элчин сайдын асуудлыг ярихгүй шүү дээ.
-Б.Хурцын өмгөөлөгчтэй бид холбогдох боломж бий юу?
-Боломжгүй. Тэрбээр өмгөөлөгчтэйгөө гэрээ хийсний дагуу өмгөөллийн ажиллагаа явагдаж байна. Хэрэв тэр өөрөө зөвшөөрвөл өмгөөлөгчтэй нь холбогдож болох байх. Түүнээс би өмгөөлөгчтэй нь холбож өгөх эрх байхгүй.
Н.Түвшин