Зарим нутгаар -50 хэм хүрч болзошгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Зарим нутгаар -50 хэм хүрч болзошгүй


Цаг агаар ойрын өдрүүдэд хүйтэрч шөнөдөө зарим нутгаар  -45 хэмд хүрнэ. Энэ байдал үргэлжлэх төлөвтэй юм байна. Нийт 17 аймгийн 89 сум зудын байдалтай байгаа. Завхан аймгийн хойд сумдаар буюу Баянтэс, Тэс сумдаар цас их орж  зам даваа хаагджээ. Цас их хэмжээгээр орохгүй ч гэсэн бага багаар нэмэгдэх гэнэ. Өнгөрсөн жил цас их орсон үед иргэд өөрсдийн дураар замд гарч аваар осол нэлээдгүй гарч байсан. Тиймээс ард иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн урьдчилан сэргийлэх секторын эрхлэгч Ж.Цогтоос тодруулсан юм.

-Өнгөрсөн өдрүүдэд цаг агаар хүйтэрч зарим сумдад зудын байдал нүүрлээд байна.  Өнөөдрийн байдлаар аль нутгаар илүү их цастай байна вэ?

-Одоогоор нийт нутгийн 90 хувь нь цастай байна гэсэн мэдээ ирсэн. Өнгөрсөн сарын 31-нд 60 хувьтай байсан. Одоо ингэж өөрчлөгдсөн нь ойрын өдрүүдэд их цастай хүйтэн байсныг харуулж байна.  Нийт 17 аймгийн 89 сум цаг агаар хүндэрсэн байдалтай байгаа. Увс, идэр, тэсийн голын сав нутгаар хүйтний эрч шөнөдөө -40-48 хэм хүрсэн байна.  Голын сав нутгаар үүнээс илүү хүйтэрч -50 хүрэхийг үгүйсгэхгүй. Ойрын өдрүүдэд цас нэмж орно тиймээс хүйтний эрч сулрахгүй гэж ойлгож болно.

-Цас ихтэй газруудаар цасны зузаан хэр байна. Цас их хатууралттай байна гэсэн?

– Нийт нутгийн 20 хувь нь 50-58 см, 30 хувь 5-19см, 40 гаруй хувь нь 0-4 см-ийн зузаан цастай байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард цас  их орсон. Энэ цас хайлаагүй учраас зарим газраа цасны гүнд мөстөлттэй байгаа. Архангай, Завхан, Увс, Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнодын нутгаар цас ихэй байгаа юм. Тэр тусмаа Завхан, Увс аймгууд цас ихтэй байгаа.  Сүүлийн хэдэн өдөр нийт нутгаар  цас орсоноос хүйтний эрч ч буурахгүй байгаа. Хэнтий, баруун сумд, говийн аймгийн зарим сум, Дорноговийн зарим сумдаар цас орохгүй байгаа гэсэн мэдээ ирсэн.

-Ихэнх нутгаар цас хатууралттай байна гэсэн үг үү?

– 19 см-ийн зузаантай  цастай байхад өвс олоод идэх боломжтой. Зарим газар хөлдөлттэй байгаа болохоос нийт нутгаар биш. Цас нэмэгдэх учраас малчид өвс тэжээл сайн базааж, цаг агаарын мэдээг сонсож сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.

-Ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

-Энэ сарын 15-17 зарим нутгаар, 18-20-нд нутгийн зүүн хэсгээр ерөнхийдөө ойрын 20 хоногийн мэдээгээр нийт нутгаар цастай байна гэсэн мэдээ гарсан. Цас орсон ч темпратур хэвийн хэмжээнд байна. Ирэх хоёрдугаар сар  олон жилийн дундажаас хүйтэн байна.  Ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй нийт нутгаар -20-иос дээш хэмийн хүйтэн байна. Удахгүй цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан иргэд хот, аймаг явах ажил ихтэй байгаа ч цаг агаарын мэдээг сайн харж, хол замд явахаар бол тухайн орон нутгийн цаг агаарыг сайтар ажиглан гарах хэрэгтэйг анхааруулж байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж