-150 мянга гаруй оюутанд олгох 500 мянган төгрөгийн “тэтгэлэг”-т 2011 оны улсын төсвөөс 82.5 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөөд байна. 150 мянга гаруй оюутны дийлэнх нь зорьсон зорилгоо биелүүлж, мэргэжлээрээ “хоолоо олж идлээ” гэхэд хамгийн багаар тооцоход 20 хувь буюу 30 мянган оюутан сургууль төгслөө ч ажлын байр олдохгүй гэх шалтгаанаар дахин сурах, эсвэл хаа нэгтээ зөөгч, худалдагч гэх мэт ажил эрхлэх нь тодорхой байх. Тэгэхээр 2011 онд улсын төсвөөс зарцуулсан 15 тэрбум төгрөг далайд асгасан атга давс шиг алга болно гэсэн үг-
Чихэр өгч хүүхэд хуурахтай адил сонгуульд амалсан амлагаандаа түүртсэн төрийн сэнтийд суугчид эх орны хувь хишиг нэрээр иргэддээ бэлэн мөнгө тараалтын ээлжит шоу нь сургалтын төлбөр хэлбэрээр олгох 500 мянган төгрөг. Сурсан ч бай, сураагүй ч бай дээд сургуульд сурч л байгаа бүртгэлтэй л бол энэхүү хувь хишгийг хүртэх эрх нь нээлттэй. Аливаа улс орон хөгжиж, дэвжин баялаг бүтээхийн тулд оюунлаг чадварлаг иргэдийг бэлтгэн гаргахад анхаардаг нь зүйн хэрэг. Хэрвээ үр дүнгээ өгдөгсөн бол 500 мянган төгрөг ч багадна. Гэтэл манай улсад боловсрол эзэмших байдлын тухайд бусад орнуудтай харьцуулахад нилээд өндөр төвшинд байдаг хэдий ч боловсролтой иргэдийн чадвар, чадамж ямар байгааг Оюутолгой, Тавантолгой гэх мэт томоохон ордуудад ажиллах боловсон хүчний байдлаас харагдаж байна гэж хэлж болно. Хатуухан хэлэхэд одоогоор манай улсад үйл ажиллагаа эрхэлж буй гадаадын хөрөнгө оруулагчид удирдах болоод дээд, дунд тушаалын албан тушаалтныг өөрсдийн орны хүнээр удирдуулж, цалин, хөлс, ахуй хангамж зэргээр нийлээдгүй хувийг халааслаад гардаг нь нууц биш. Дээд боловсролын диплом өвөртөлсөн залуус хаа сайгүй атлаа чадваргүйгээс санал тавьсан ажлын байранд тэнцэхгүй. Эсвэл буй боломжоо ашиглан төрийн байгууллагад “шингэх” гэсэн санаархалтай залуус гудамжаар нэг “лааз өшиглөцгөөж” байгаатай хэн ч маргахгүй биз. Хятадууд Манж улсыг эзлэхдээ “Манж хүн ажил хийх ёсгүй” гэх “цаасан малгай өмсгөх” бодлого баримталж, ямар ч ажлыг хийх чадваргүй хүмүүс болгон эрхшээлдээ оруулж байсан гашуун түүх бий.
Одоогоор төрийн болоод хувийн хэвшлийн их дээд сургуульд суралцаж буй 150 мянга гаруй оюутнуудын дийлэнх нь эдийн засаг, хууль эрх зүй, багш, эмч гэх мэт түгээмэл мэргэжлээр суралцагсад. Гэтэл орчин үеийн хөгжил дэвшилд хөл нийлүүлэхүйц уул уурхай, барилгын гэх мэт нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтнууд дутагдалтай байгаа асуудалд шийдвэр гаргагчид анхааралаа хандуулсан бол хамгийн хурднаар тооцоход 4-5 жилийн дотор гаднын орноос оруулж буй хөрөнгө оруулалтын тодорхой хувь нь дотооддоо шингэх нөхцөл бүрдэх юм. Тэр хирээр улс орны болоод хувь иргэний санхүү эдийн засаг дээшлэх учиртай.
Дээрх 150 мянга гаруй оюутанд олгох 500 мянган төгрөгийн “тэтгэлэг”-т 2011 оны улсын төсвөөс 82.5 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөөд байна. 150 мянга гаруй оюутны дийлэнх нь зорьсон зорилгоо биелүүлж, мэргэжлээрээ “хоолоо олж идлээ” гэхэд хамгийн багаар тооцоход 20 хувь буюу 30 мянган оюутан сургууль төгслөө ч ажлын байр олдохгүй гэх шалтгаанаар дахин сурах, эсвэл хаа нэгтээ зөөгч, худалдагч гэх мэт ажил эрхлэх нь тодорхой байх. Тэгэхээр 2011 онд улсын төсвөөс зарцуулсан 15 тэрбум төгрөг далайд асгасан атга давс адил замхраад алга болно гэсэн үг. Энэ талаар шийдвэр гаргагчид тооцоолж үзээгүй байна гэж байхгүй. Гагцхүү 2008 онд ард түмэнд бодлогогүйгээр амалсан амлалтаа биелүүлэхгүй бол эргээд “зөөлөн суудалдаа залрахгүй” нь гэсэн заваан айдас нь тэднийг уг шийдвэрийг гаргахад хүргэсэн нь мэдээж. Энэ хэмжээний хөрөнгөөр хичнээн сургууль, цэцэрлэгийг тохижуулж, сурах орчинг сайжруулж, түмний бяцхан үрсийг суурь эрдмийн гараанд хөтлөх билээ. Эсвэл томоохон үйлдвэр байгуулж, олон мянган ажлын байр бий болгох боломжийг “төр, засгийн удирдлагууд”-ынхаа тусламжаар салхинд хийсгэх аянд жирийн иргэн бүр оролцох нь ээ.
Д.Долгор