Ц.Нямдоржийг захиргааны шүүхэд өгнө

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Ц.Нямдоржийг захиргааны шүүхэд өгнө

Хүний амь санаатай хохироосон Ө.Хэрлэнчимэг нарын найман хүнд холбогдох хэрэг хоёр жил зургаан сарын дараа дахин шүүхэд шилжсэн. Тэдэнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал энэ сарын 20-нд болно. Хохирогч охины аав Ц.Гончиг хэргийг мөрдөн байцаах ажиллагаанд сэтгэл хангалуун байгаа  аж. Харин хэргийг удаашруулж, шүүх хурлыг санаатай хойшлуулж, хууль бус уулзалт зохион байгуулж буй өмгөөлөгч нарт  хатуу хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа юм. Талийгаач охины аав Ц.Гончигтой дээрхи асуудлын талаар ярилцлаа.

-Хууль зүй, дотоод хэр­гийн сайдад хаягласан таны өргөдөлд хариу ирсэн үү?

-Би өнгөрсөн жилийн найман сараас эхлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдтай уулзах гээд чадаагүй. Ерөөсөө хүлээж авдаггүй юм билээ. Уг нь хоёр цагаас иргэдийг хүлээж авна гэсэн хуваарь байдаг юм билээ. УИХ-ын гишүүн болохоор зав гардаггүй юм байлгүй. “Сайд ажилтай,  гадаад явсан, байхгүй”  гэсэн үгээр  аргацаадаг.  Би хэргийг мөрдөн байцаах, хянах ажилд санаатай саад учруулж  буй нэр бүхий  өмгөөлөгч нарт хариуцлага тооцуулах тухай өргөдлөө хууль зүйн сайдад албан ёсоор өгсөн юм. Өчигдөр очиж өргөдлийн хариу ирсэн эсэхийг лавлахад  бичиг хэргийн  ажилтан нь “Энэ сарын 15-нд хариу өгөх байлгүй дээ” гэж байсан.

-Үүдэнд нь  зогсч байхад  хууль зүйн сайд тантай нэг ч удаа уулзаагүй юу?

-Нэг ч удаа уулзаагүй. Тэр хүний барааг ч хараагүй. Даваа гаригийн  өглөө 08.00 цагийн үед 10 гаруй удаа очиж , хүлээж байсан. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд явсан, төрийн байгууллагын хүмүүсийг хүлээн авч уулзаж байгаа гэх  мэтээр ам тагладаг. Уг нь  иргэдийнхээ төлөө надад цаг гаргаад хүлээж авч уулзвал одоогийн эрүүгийн хуулийн талаар санал бодлоо бас солилцмоор байна. Хэрэг хийсэн  хүмүүсийг өмгөөлж хамгаалахдаа сайн болохоос биш гэрч, хохирогчдыг хамгаалах ямар ч эрх байдаггүй. Амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр болсон нь дээр гэж. Энэ  байдлыг өөрчлөөч , гэрч, хохирогчийг хамгаалах эрх зйн орчин бүрдүүлээч гэсэн саналыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад ч тавьсан байгаа.

-Шүүх хурлыг санаатай хойшлуулсан өмгөөлөгч нарт Өмгөөлөгчдийн холбоо хариуцлага тооцсон гэж сонссон?

-Өмгөөлөгчдийн холбоо сахилгын арга хэмжээ аваад  л өнгөрлөө. Үүнд би гомдолтой байна. Нарийн яривал өмгөөлөгч нараас болж  цагдаа шүүхийн байгууллагынхан олон өдрийн  ажлаа алдах, шүүх хуралд оролцох  гэсэн хүмүүсийн ар гэрийнхэн хий дэмий өдрийг барж байна. Бас  хэрэгт холбогдогчдыг Ганц худагаас тээвэрлэх гээд зардал чирэгдэл зөндөө. Шүүх хурал хойшлохыг далимдуулж сэжигтнүүдтэй  өмгөөлөгч, ар гэрийнхэн, найз  нөхөдтэй нь уулзуулснаас  гэрчийг дарамтлах, хэргийн нотлох баримтыг бүдгэрүүлэх ажлаа амжуулдаг юм шиг  байна лээ.  Шүүх хурлыг санаатай хойшлуулж, энэ үеийг ашиглан сэжигтнүүдтэй хууль бус уулзалт  зохион байгуулдаг. Энэ бүхнийг мэдээж өмгөөлөгч нар нь хийж  байгаа нь тодорхой. Ийм хүмүүст л арга хэмжээ аваад өгөөч гэж сайдаас хүсээд  байгаа юм. Тэдэнд өгч буй сануулах арга хэмжээ толгойг нь илж  байгаатай л  адил.

-Энэ сарын 15 гэхэд Хууль зүйн сайд арга хэмжээ авахгүй бол яах вэ?

-Миний өргөдөлд хариу ирүүлж, арга хэмжаа авна гэж итгэж байна. Хэрэв авахгүй бол Хууль зүй дотоод хэргийн  сайд Ц.Нямдоржийг Захиргааны хэргийн шүүхэд өгөх бодолтой байгаа.

-Хэрэг удааширч байгаа ч гэсэн нэмэлт мөрдөн байцаалтаас дахин шүүхэд шилжлээ. Энэ сарын 20-нд товлогдсон шүүх хурлаар хэргийг шийднэ гэдэгт та итгэж байгаа  байх?

-Холбогдогч нарын санаатай зохион байгуулсан үйлдлээс болж аль эрт шийдэгдэх байсан хэрэг хоёр жил зургаан сар сунжирч байна. Гэсэн хэдий ч шударга, сайхан сэтгэлтэй, хуулийг дээдэлдэг хүмүүсийн ачаар дахин шүүхэд шилжлээ. Цагдаа, мөрдөн байцаах газрын ажилтнууд хоёр жил гаруй хугацаанд нарийн шалгаж, нотлох баримтыг бүрдүүлсэн  гэж бодож байна. Одоо хэрэг дахин мөрдөн байцаалтад буцахгүй байх. Энэ тал дээр санаа зовохгүй байна. Харин хэрэгт  санаатай нөлөөлөөд байгаа хүмүүст арга хэмжээ аваасай гэж хүсэх юм.  Энэ зөвхөн надад тохиолдоод байгаа зүйл биш. Энгийн иргэдэд  ийм л байдлаар нөлөөлж, шударга бус хандаж байгаа шүү дээ.

-Та бас МУ-ын ерөн­хийлөгчийг шүүх хуралд оролцооч гэсэн хүсэлт тавьж байсан. Энэ хүсэлтэд  ямар нэг хариу ирүүлсэн үү?

-Ерөнхийлөгчийг шүүх хуралд суухыг урьсан нь ямар нэг ашиг сонирхол агуулаагүй. Ерөнхийлөгч шүүх хуралд суухаар шүүгч шийдвэрээ миний талд гаргана гэдэг утгаар биш. Хууль, шүүхийн байгууллагыг шинэчлэнэ хэмээн ард түмэндээ амлалт өгч сонгогдсон ардчилсан Ерөнхийлөгчийн хувьд шүүх хуралдааны явцыг харвал шүүхийн байгууллагыг хаанаас нь эхлэн яаж өөрчлөх хэрэгтэй болохыг биеэр мэдрэх болов уу гэж бодсон юм.

-Ерөнхийлөгч шүүх хуралд суух эрх зүйн үндэслэл байдаг юм болов уу ?

-Тэрийг  би сайн  мэдэхгүй юм. Гэхдээ шүүх хуралд Ерөнхийлөгчийг оролцуулж, хэргийг аль нэг талд шийдэхийг санаархаагүй гэдгийг ойлгоосой. Хууль, эрх зүйн хувьд Ерөнхийлөгч оролцох боломжгүй байдаг бол гомдоод байх юм алга. Гэхдээ Ерөнхийлөгч өөрөө  хүсвэл болохгүй зүйл байхгүй л болов уу. Ард түмэнтэйгээ амь нэгтэй Ерөнхийлөгч гэдгээ харуулах байх. Сэтгүүлч та бүхэн шүүх хуралд оролцоод хөндлөнгөөс ажиглаж байгаатай адил оролцоосой гэж бодож байгаа хэрэг л дээ.

-Иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс тантай нэгдэж жагсаал цуглаан хийх санал тавьсан гэсэн?

-Намайг тусалж дэмждэг олон хүн бий. Монголын ард түмэн ч гэсэн  зүрх сэтгэлээрээ намайг дэмжиж байгаа. Үүний дотор Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан байна. Асуудал шийдэгдэхгүй эцсээ хүрсэн тохиолдолд би тэдэнтэй нэгдэж, эсэргүүцлээ илэрхийлж болно. Түүнээс биш асуудал шийдэгдээгүй байхад жагсаал цуглаан хийгээд байх нь төрийнхөө эсрэг хандаж буйтай адил. Миний охины амийг хороосон, этгээдийг илрүүлэхийн төлөө манай төрийн байгууллагынхан хөлс, хүч хөдөлмөрөө зарцуулж байхад яаран ийм алхам  хийж болохгүй юм.

-Хэргээ хүлээгээд байгаа Д.Сарантуяаг  дуртай үедээ батлан даалтад гарч байна гэж холбогдогчийн ар гэрийнхэн гомдоллож байсан?

-Дуртай үедээ гадуур гараад байгаа зүйл байхгүй байх аа. Д.Сарантуяа  сэжигтнээр татагдсан ч гэсэн  хэргээ хүлээж,  хэргийг илчилж байгаа учраас элдэв янзын дарамт шахалт ирсэн юм билээ. Манай эрүүгийн хуульд хохирогч, гэрчийг хамгаалах зүйл заалт байхгүй. Харин хүчирхийллийн  эсрэг төвөөс хамгаалалтад авч, байрандаа хэсэг байлгасан гэсэн. Одоо бол Ганц худагт хоригдож байгаа. Хүчирхийллийн эсрэг төв Д.Сарантуяаг хамгаалалтандаа авсан нь буруу хэрэг биш болов уу. Учир нь гэрчийг элдэв янзаар дарамталсаар байгаад мэдүүлгээс нь буцааж, хэргийг будлиантуулах нь цөөнгүй.Монгол Улсад бол гэрч гэдэг хүн ямар ч хамгаалалтгүй, эр зоригоороо шүүх хуралд оролцож байна.

-Тань шиг жил сараар уйгагүй хөөцөлдөж буй хүн цөөхөн шүү дээ. Цөхөрмөөр санагдах үе байдаг уу?

-Ингэж  жил, сараар  явж байгаа хүн цөөхөн байх. Гэхдээ надтай адил эгэл жирийн олон иргэний төлөө явж  байна. Хэдийгээр би ажил амьдралтай хүн ч гэлээ охиныхоо төлөө, шударга ёсны төлөө хөлөө хүрэх газраа явахаар нэгэнт  шийдсэн.

-Энэ хугацаанд олон байгуул­лагын хаалга татлаа. Танд ямар  байдлаар ехандаж   байв?

-Тийм ээ. Цагдаа, шүүхийн байгууллагын  үүдийг хоёр жил гаруй сахилаа. Олон ч хүнд хандаж өргөдөл, хүсэлт, шаардлага хүргүүллээ. Та бүхэн мэдэж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Улсын мөрдөн  байцаах газар, Өмгөөлөгчдийн холбоо гээд төрийн байгууллагуудад хандахад дандаа нааштай хариу ирүүлж, хүлээн авч уулзаж байсан. Энэ бүхэнд би талархдаг.  Хэрэгт холбогдогч хүмүүс ах дүү танил талаараа хууль зөрчиж байна. Түүнээс биш хууль, цагдаагийн байгууллагыг системээрээ ялзарсан гэж буруутгаагүй ээ. Жирийн иргэд бид хуулиа мэдэхгүй, эсвэл төрийн байгууллагуудад хандаж чадахгүйгээсээ болоод зарим талаар хохирдог юм байна. Цагдаагийнхан анхнаасаа энэ хэрэгт хууль бусаар ажилласан бол өнөөдөр шүүхийн өмнө ирж чадахгүй замхраад  л үлдэх байсан. Тэгэхээр шударга ажилладаг олон хүн байдаг гэдэг нь харагдлаа.

-Сэжигтэн Ж.Оч-Бадрах, Ж.Оч-Мандах нарын аав , ээж хэвлэлийн хурал зарлаж талийгаачийг тэнэмэл байсан гэж ярьсан л даа. Танд хэцүү санагдсан байх?

-Тэд үгээ хэлж,  гомдолтой байгаа бол тэрийгээ илэрхийлж болно. Үнэхээр хүүхдүүд  нь хэрэг хийгээгүй бол шударга шүүхээр шүүгдээд л гараад ирнэ. Бас амьд сэрүүн байна. Харин миний охин хүний  амьдралын зах зухаас ч  үзэж чадалгүй, хэзээ ч  эргэж босохгүй, бурханы оронд очсон. Гэтэл эх хүн, эцэг хүн бусдын гарт хорлогдсон хөөрхий охиныг минь элдвээр хэлж байсанд би харамсч байна. Бурхан болсон охиныг минь муу, муухай болгох гээд дайрч байгааг хараад сэтгэл урагдаж, зүрх шимширч байлаа. Тэдний хэлсэн үг  ямар үзэл бодолтой, ямархуу ухамсартай хүмүүс вэ гэдгийг харуулж байгаа юм. Ард түмэн бүхнийг  харж байгаа шүү дээ.

-Та хэвлэлийн хурал, төрийн байгууллагад хүсэлт гаргахдаа ч ганцаараа л явж  байдаг. Зарим хүмүүс талийгаачийн ээж, ах нарыг яагаад оролцдоггүй юм бол гэж асуудаг л даа?

-Намайг дэмжих нэг ч хүн байхгүй болохоор ганцаараа яваад байгаа хэрэг биш ээ. Надад л тохиолдсон зовлонг олон хүнд үүрүүлэх хэрэггүй гэж боддог. Харин ээж нь бие муутай,  олон хүний өмнө үг хэлж, өөрийгөө илэрхийлэхдээ тааруу. Охиноо алдсан ханийнхаа сэтгэлийн шархыг дахин дахин хөндөхгүй гэсэндээ өнөөдрийг хүртэл ганцаараа тэмцэж явна. Миний хань телевизээр энэ хэргийн тухай ярихыг сонсоод л уйлдаг. Ийм хүнийг  улам хямрааахыг хүсэхгүй байна. Миний охин чинь дөрвөн сайхан ахтай хүн. Ах нар нь хамт явъя л гэдэг. Би зөвшөөрдөггүй юм. Залуу хүүхдүүд шударга бус байдлын эсрэг тэмцэхийн хэрээр өс хонзон санана гэж болгоомжилдог. Үүнээс гадна сайхан сэтгэлт хүмүүс, төрийн бус байгууллагууд, иргэний хөдөлгөөнийхөн жагсаал цуглаан зохион байгуулъя, нэгдэе гэдэг.  Би цэргийн хүн байсны хувьд юу ч болоогүй байхад төрийнхөө эсрэг дайрахыг бодоогүй. Шүүх хэргийг шударга шийднэ гэсэн итгэл найдвар  минь өнөөдрийг хүртэл ганцаараа тэмцэхэд нөлөөлсөн.

С. Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж