Хүнсний үнийн шок үүсэхэд ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Хүнсний үнийн шок үүсэхэд ойрхон байна

-Азийн иргэдэд улаан буудай зэрэг бүтээгдэхүүний үнээс болж ядуу иргэдийн амжиргаа хүндэрч эхэлжээ-

АНУ-ын Засгийн газар газар тариалангийн гол бүтээгдэхүүний ургацын хэмжээний талаарх төлөвийг бууруулсан байна. Үүний дараа шар буурцаг, шиш зэрэг бүтээгдэхүүний үнэ сүүлийн 30 сарын турш харагдаагүй хэмжээнд хүрчээ. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага дэлхийд 2008 оны хүнсний хямрал дахин үүсэхэд ойрхон байгаа тухай сануулсан билээ. Энэ нь хөгжиж буй орнуудад хүндээр тусахаар байгаа юм.

Азийн иргэдэд улаан буудай зэрэг бүтээгдэхүүний үнээс болж ядуу иргэдийн амжиргаа хүндэрч эхэлжээ. Албан тушаалтнууд хүнсний үнийн өсөлтийг тогтоон барихаар ажиллаж байгаа ч буурай орнуудад энэ нь тийм ч амаргүй байх бололтой. Алжир, Мозамбик зэрэг орнуудад хэдийнээ олон нийтийг хамарсан бослого гараад байна. Газар тариалангийн бүтээгдэхүүний арилжаалагчид цаг уураас үүдэлтэй асуудал дахин гарвал зах зээл тогтоход хүнд байх болно гэж сануулав. Аргентин, Бразиль зэрэг улс удалгүй ургацаа хураах ч цаг уурын хуурайшлаас болж хэмжээ нь бага байхаар байгаа аж. Зах зээлд анхаарлын төвд байгаа бүтээгдэхүүн нь хүнсний тос болжээ. Хятад зэрэг хөгжиж буй оронд эрэлт их байгаа нь тус бүтээгдэхүүний хангамжийн талаарх эргэлзээг нэмэгдүүлж байна. АНУ-ын Газар тариалангийн яам энэ онд дэлхийн хэмжээнд ургамлын тосны эрэлт, нийлүүлэлтийн харьцаа 1970-аад оны үетэй ижил төвшинд очихоор байгаа гэсэн тооцоо хийсэн.

Чикаго хотын бирж дээр нэг бушель шар буурцаг 5,2 хувиар өсч, 14,20 ам.доллар болсон нь 2008 оноос хойшхи хамгийн өндөр хэмжээ болсон байна. Харин Газар тариалангийн яамны тооцооноос харахад шар буурцгийн дотоодын эрэлт-нийлүүлэлтийн харьцаа сүүлийн хагас зуун жилийн хамгийн бага төвшинд хүрсэн юм. Шишийн үнэ таван хувиар өсч, бушель нь 6.37 ам.доллар болсон юм. Яамнаас гаргасан судалгаанд дурдсанаар энэ харьцаа 5,5 хувиар буурахаар байгаа гэжээ. АНУ нь шишийн хангамжаар дэлхийн хэмжээнд хамгийн том нь бөгөөд нийт нийлүүлэлтийн тал хувийг нь эзэлдэг юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж