Хятадууд АНУ-д юань санал болгов

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Хятадууд АНУ-д юань санал болгов

-Гэхдээ энэ шийдвэр юанийн ханшид төдийлөн нөлөөлөхгүй бололтой-

БНХАУ АНУ-ын валют арилжаалагчдад юанийн уян хатан бодлого санал болгосон байна. Гэхдээ үүний нөлөө зах зээлд бус, олон улсын улс төрд илүү харагдана гэж шинжээчид үзэж байна. “Энэ дэлхийн бусад орнуудад энх тайвныг санал болгож байгаа хэрэг” гэж “Oanda” корпорацийн Торонто дахь салбарын ахлах стратегич Дийн Поплвель хэлж байна. Хятадын мэдэгдэл нь Ерөнхийлөгч Ху Жинтаогийн Вашингтонд хийх айлчлалаас долоо хоногийн өмнө гарч байгаа юм. Харин төрийн дээд хэмжээний энэ айлчлалын гол асуудал нь Хятад улсыг мөнгөн тэмдэгтийн ханшийг хэт доогуур тогтоож байгаа явдал болохоор байгаа юм. Хэдийгээр юанийг АНУ-ын арилжаалагчид Хонгконгийн биржүүдээр дамжуулан худалдаж авдаг ч БНХАУ-ын төв банкны зүгээс тэдэнд юанийг шууд худалдан авах боломжийг анх удаа олгож байгаа юм. Ингэснээр арилжаалагчид Нью Йорк хотод байрлах “Bank of China”-гийн салбараас өдөрт 4000 ам.доллартай тэнцэх юанийг худалдан авах болжээ. Харин жилд дээд тал нь 20 мянган ам.доллартай тэнцэх юань авах боломжтой болох аж. Гэхдээ энэ шийдвэр юанийн ханшид төдийлөн нөлөөлөхгүй бололтой. “Үүнийг юанийн ханшийг өсгөх эхний алхам гэж үзэж болох ч үүнээс илүүтэй улс төрийн үйлдэл. АНУ-ын Засгийн газраас Хятадыг мөнгөний ханшийг зохиомлоор тогтоодог гэж буруутгах тоолонд Бээжин ямар нэг байдлаар үүнийг няцаахуйц үйлдэл хийдэг. Хамгийн сүүлийн шийдвэр нь Хятадыг мөнгөний ханшийг атгаж байгаа гэх шүүмжлэлийн эсрэг маш жижиг алхам” гэж Лондоны “GFT” компанийн зах зээлийн стратегич Дэвид Моррисон хэлэв.

Лхагва гаригт АНУ-ын Эрдэнэсийн сангийн нарийн бичгийн дарга Тимоти Гейтнер мэдэгдэл хийж, БНХАУ-ыг хэт доогуур ханштай байгаа мөнгөн тэмдэгтийнхээ талаар дорвитой алхам хийх ёстой гэж байсан юм. Хятадын Засгийн газрыг экспортын хэмжээгээ их байлгах зорилгоор юанийн ханшийг хүчээр барьж, бусад орнуудын өрсөлдөх чадварыг бууруулж байгаа гэж буруутгадаг билээ.

Моррисоны хэлснээр юанийн ханш лхагва гаригт өсч, нэг ам.доллар 6.6128 юаньтай тэнцэж байгаа юм. Харин өсөлт цаашид нэмэгдвэл арилжаалагчид хожих боломжтой болох билээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж