Хөгжиж буй орнуудын эдийн засаг илүү өсчээ
Дэлхийн эдийн засаг хямралын дараах байдлаас сэргэлтийн үеийн өсөлтийн шатанд аажмаар, гэхдээ тууштай шилжиж байна гэж дүгнэв. Өнгөрсөн онд дэлхийн ДНБ-ий өсөлт 3.9 хувь байсан бол, энэ онд 3.3 хувь буурах хандлагатай гэнэ. Харин 2012 онд 3.6 хувь болон буцаж нэмэгдэнэ гэсэн таамаглалыг Дэлхийн банкны эдийн засагчид дэвшүүлжээ. Хөгжиж байгаа орнуудын хувьд ДНБ-ий өсөлт 2010 онд долоон хувь, 2011 онд зургаан хувь, 2012 онд 6.1 хувьд хүрч болзошгүй нь өндөр үзүүлэлт билээ. Тиймээс ч Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч, эдийн засгийн хөгжлийн ахлах дэд ерөнхийлөгч Жастин Ифу Лин “Дэлхийн эдийн засгийг хөгжиж байгаа орнуудын дотоодын хүчтэй эрэлт хэрэгцээ удирдан чиглүүлж байгаа” хэмээн тодотгосон. Гэвч хөгжиж буй орнуудын эдийн засгийн эрч хүчтэй өсөлтөд өндөр орлоготой улс орнуудын хувьд байнга тохиолдож байгаа санхүүгийн салбарын бэрхшээлүүд саад болох аюултайг ч тэрбээр үгүйсгээгүй юм. Тэгэхээр олон нийтийн дунд түгээмэл байдаг хөгжингүй орнууд нь хөгжиж буй орнуудаа татаж чангааж явдаг гэсэн ойлголт харин ч эсрэгээрээ эргэж мэдэхээр болжээ. Дэлхийн капиталын урсгал ч хөгжиж буй орнуудыг чиглэсээр байна. Өнгөрсөн онд капиталын урсгалыг хамгийн ихээр татаж чадсан есөн орны дөрөв нь Зүүн Азийн орнууд аж. БНХАУ, Индонез, Малайз, Тайланд зэрэг улс орнууд руу хөрөнгийн урсгал илүүтэй чиглэжээ.
Улаанбуудай ба цагаан будаа
Энэ онд дэлхий нийтийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр хэвээр байхын дээр эрэлт ч буурахгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Үүнд эрэлт нийлүүлэлтийн харьцаанаас гадна нефть, нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт ч нөлөөлж байгаа аж. Хэдийгээр хүнсний хэрэглээ өссөөр байх боловч хүнсний бүтээгдэхүүний нөөц 2008 оныхоос даруй хоёр дахин их байна гэсэн таамаглалыг дэвшүүлж байна. Гэсэн ч хүнсний үнэ буурна гэж хүлээхэд эртдэх ажээ. “Сүүлийн саруудад гол гол бүтээгдэхүүний үнэ хоёр оронтой тоонд хүрч өсөж байгаа нь одоо ядуурал болон өлөн зэлмэн амьдралын дарамтад байгаа орнуудын айл өрхийн амьжиргаанд хүндээр тусаж байна. Хэрэв гол нэрийн хүсний бүтээгдэхүүний үнэ цаашид энэ байдлаар өсөх юм бол 2008 оны байдалд эргэн орохгүй гэсэн баталгаа алга байна” гэж Дэлхийн банкны Төлөвийн Бүлгийн Дэлхийн макро эдийн засгийн менежер Эндрью Бурнс сэрэмжлүүлж байна. Хүнсний бүтээгдэхүүн дотроос улаанбуудай, цагаан будааны эрэлт, нийлүүлэлтийг Дэлхийн банкныхан онцлон дурдсан. Улаанбуудай энэ ондоо ч эрэлт ихтэй хэвээр байх бол цагаан будааны зах зээл илүү өргөжих гэнэ. Цагаан будаа тариалалт, үйлдвэрлэл Зүүн Азийн орнуудад нэмэгдэж буйн дотор Тайланд, Вьетнамд тариалалт өссөнийг онцолж байлаа.
Хятад тасархай хэвээр
Дэлхийн эдийн засагт онцгой байр суурьтай нэгэн орон бол манай урд хөрш. Тус улсын эдийн засгийн өсөлт энэ онд 10 хувьд хүрсэн. Тиймээс бүс нутгийн эдийн засгийг үнэлэхийн тулд Хятадыг тусад нь авч үзэхээс аргагүй гэдэгтэй эдийн засагчид санал нэгдэж байна. 2010 онд Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн ДНБ-ий өсөлт 9.3 хувьд хүрч, дэлхийд тэргүүлэхэд Хятадын эдийн засгийн өсөлт болон түүний дотор импортын 35 хувийн өсөлт онцгой нөлөөлжээ. Бүс нутгийн бусад орнуудын хувьд бүтээгдэхүүний өсөлт 6.8 хувь байв. Монгол Улсын хувьд өнгөрсөн онд 6,1 хувийн өсөлттэй гарсан нь чамлахаар үзүүлэлт биш ажээ. Харин энэ онд манай эдийн засаг ямар төвшинд байх тухай таамаглалыг Дэлхийн банкныхан гаргасан хэдий ч энэ удаад танилцуулсангүй. Дэлхийн зах зээл дэх эрдэс баялаг, ашигт малтмалын үнэ ханшаас ихээхэн хамааралтай байдаг манай улсын эдийн засгийн тойм хийгээд анхаарууштай асуудлыг танилцуулах уулзалт ирэх долоо хоногт болох юм. Уг уулзалтад Дэлхийн банкны Монголыг хариуцсан эдийн засагч Rogier van den Brink хүрэлцэн ирж оролцохоор товлоод байгаа юм.
Д.Цээпил