Хууль тогтоогчдоос хамгаалах үндсэн хууль

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Хууль тогтоогчдоос хамгаалах үндсэн хууль

-Үндсэн хууль гэдэг нь яг л биднээс хамааралгүйгээр анхнаасаа байж байсан,  тунхаг бичиг хэмээн ойлгох ойлголтыг ядаж энэ 19 жилийн хугацаанд өөрчилж чадсангүй-

ҮНДСЭН ХУУЛЬ ТАНД ХАМААТАЙ ЮУ?

Та арван жилд суралцаж байхдаа Жорж Ориуелийн “Амьтны ферм” гэх номыг үзэж байсан уу? Сургалтын хөтөлбөрт байгаагүй тул “үгүй” гэж хариулах хүн олон байх. Энэхүү  номыг барууны олон орны дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт заавал судлах номын жагсаалтад оруулсан байх юм. Яг энэ номыг зургадугаар ангийнхан үздэг гэнэ. Яагаад гэвэл энэхүү номонд Үндсэн хуулийн талаарх олон ойлголтыг энгийн амьдын фермийн хэсэг амьтдын хүрээнд жишин харуулсанд байгаа юм. Энэ номонд эрх чөлөөний суурь зарчмыг тунхагласан боловч хууль зүйн хамгаалалтыг бүрдүүлээгүй бол өөрчилж болдог, эрх, эрх чөлөөний суурь зарчим, хэм хэмжээг эрх баригчдын дур зорго, үзэл суртлаар сольдог тухай, Ард түмнийх нь харанхуй бүдүүлэг байдал, номхон хүлцэнгүй зан хууль ашиглагчдад ямар их боломж олгодгийг тун энгийнээр өгүүлсэн аж.

Үндсэн хуулийн тухай хөндөхдөө яагаад энэ номыг уншсан уу хэмээх учир нь угаас манай боловсролын хөтөлбөрт Үндсэн хууль, эрх зүйт ёсны талаарх ойлголтыг хэрхэн ямар байдлаар өгч байгааг сануулах гэсэн хэрэг. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн талаарх ойлголт хэдхэн зүйл заалтыг нь цээжлэх хэмжээгээр хязгаарлагдаж, яагаад ийнхүү батлах болсон талаар бус хэн сайн тогтоосон бэ гэдэгт анхаарлаа хандуулсанд байгаа юм.

Үндсэн хууль гэдэг нь яг л биднээс хамааралгүйгээр анхнаасаа байж байсан, тунхаг бичиг хэмээн ойлгох ойлголтыг ядаж энэ 19 жилийн хугацаанд өөрчилж чадсангүй.

Үнэндээ Үндсэн хууль гэдэг нь батлагдан гарах бүхий л хууль, шийдвэрүүдийг ямар байх ёстойг зааж өгсөн, өөрөөр хэлбэл ямар хэлбэртэй байх вэ гэдгийг тогтоосон хэв загвартай тун төстэй зүйл аж. Хууль тогтоогчид хүссэн бүхнээ батлаад байх боломжийг Үндсэн хуулиар хаасан гэсэн үг. Энгийнчилж хэлбэл Үндсэн хууль гэдэг нь хууль тогтоогчдоос иргэдийг хамгаалах баталгаа л юм.

ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧЛӨХДӨӨ ЮУГ АНХААРАХ ВЭ?

Шинэ Үндсэн хууль батлагдсаны ойн өмнөхөн нэгэн хууль батлагдсан нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль байлаа. Энэ хуулийг баталж чадсанаараа Үндсэн хуулийн ойн өдөртөө томоохон бэлэг барьсанд тооцов. Үнэхээр энэ хуулийг баталснаараа хэн дуртай нь Үндсэн хуульд халдах боломжгүй болсон аж. Хууль батлагдсаны дараагаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслүүд эхнээсээ орж ирэв.

 “Оптимистүүд онгоц зохиож эхлэхэд, пессимистүүд шүхэр зохиож эхлэдэг” гэж үг бий. Энэ нь нэг өгүүлбэрийн төгсгөл дараагийн өгүүлбэрийн эхлэл болж байдаг гэдэгтэй ижил утгатай. Ер нь аливаа шинэ бүхэн бүтээгдэхтэй зэрэгцэн түүнийг устгах, сөрөх зүйл давхар зохиогдож эхэлдэг жамтай аж. Нум зохиохтой зэрэгцэн сум үл нэвтрэх хантааз дуулга зохиогоод эхэлж, Компьютерийн нууцлал зохиогдонгуут түүнийг тайлах програм давхар бүтнэ. Тэр ч бүү хэл ямар нэгэн хууль батлагдангуут түүний үйлчлэлээс зугтах арга ч бий болох аж.

Уул уурхайн компаниудын үзүүлж буй нөлөөллийн эсрэг нэхэмжлэл гаргагчийн ард өнөөх уурхайн компанийн хүн байж өөр бусдыг нэхэмжлэл гаргах боломжийг хаадаг жишээ ч бий. Яг үүн шиг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах сонирхолгүй нэгэн өөрчлөлт гаргах хууль санаачлаад саармагжуулан өөрчлөх санааг агуулахыг ч үгүйсгэхгүй.  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн гуравдугаар зүйлээр “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол энэ тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно.” гэж заажээ. Тус заалтын дагуу уг асуудлыг хөндөн, өөрчлөлт оруулсан бол нилээдгүй хугацаанд хав дарагдах зохицуулалт үйлчлэх аж. Иймд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг суурь зарчимд нийцүүлэн дутуу зүйл үлдээлгүй тооцон боловсруулах шаардлагатай.  Мэдээж эдгээр төслүүд өндөр босгыг даван байж өөрчилж чадах эсэхээ үзнэ. Гэхдээ хэн энэхүү өөрчлөлтийг хийхээр зүтгүүлж байгааг харах нь бас анхаарах асуудал болж байна. “Үнэхээр нэхэмжлэгч мөн үү, эсвэл дүр эсгэгч үү?” гэдгийг ялга гэсэн үг.

ХУУЛЬ БҮР ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦСЭН БАЙХ ЁСТОЙ ЮУ?

Үндсэн хуулийн зарчимд хүний жам ёсны эрхийг тусгасан болоод өөрчлөгдөн хувирах нь бага, хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Ийм дээ ч Америкийн 200 жилийн настай Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн тоо манай 20 хүрэхгүй жилийн хугацаанд оруулсан өөрчлөлттэй бараг ижил. Мөн Японы Үндсэн хууль 1947 оны 5 сарын 3-наас хүчин төгөлдөр үйлчилж буй бөгөөд өдийг хүртэл нэг ч удаа нэмэлт өөрчлөлт оруулаагүй байна.

Өөрөөр хэлбэл жам ёсны эрх, Үндсэн хуулийн гол зарчим дээр тулгуурласан тохиолдолд л хууль урт настай оршдог аж. 1920 онд АНУ-ын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааг vйлдвэрлэх, тээвэрлэх борлуулах, импортлохыг хориглосон “хуурай хууль” мөрдөгдөж эхэлсэн байна. Тухайн үед Үндсэн хуулийн бизнесийн үйл ажиллагаа чөлөөтэй сонгон эрхлэх эрхийг зөрчиж буй талаар ч эсэргүүцэл тулгарсан байна. Гэвч хууль тогтоогчид архи, согтууруулах ундааг ийнхүү хориглох нь нийгмийн аюулгүй байдал, дэг журам, хууль ёс, шашин шүтлэгт даруй нийцнэ гэж үзсэний зэрэгцээ дэлхийн нэгдүгээр дайнтай холбоотой vед vр тариаг нөөцлөх шаардлага гарсантай холбон тайлбарлаж байв. Архины vйлдвэрүүдийг хааж, оронд нь жvvс, лаазалсан мах, чихэр, савангийн vйлдвэр болгон хувиргаж тоноглов.

Үнэхээр ч эхэндээ түүний нийгэмд учруулдаг сөрөг үзэгдлүүд эрс багасаж, хүмүүс баярлалдан хөөрч байлаа. Осол, гэмтлийн тоо эрс цөөрч, гэмт хэрэг буурч, хvн амын эдийн засгийн хэмнэлт өсөв. Гэвч ийнхүү хориглосноор хүмүүсийг спиртэн бүтээгдэхүүн хэрэглэх физиологийн хэрэгцээг нь хориглож чадсангүй. Удалгүй хууль бус архины нууц үйлдвэрүүд цэцэглэн хөгжиж, америкт урьд өмнө байгаагүй зохион байгуулалттай гэмт хэрэг, мафи эрс газар авлаа. Үүнтэй холбоотой авлигын хэргүүд ч гарч эхэлж. Улмаар 1933 оны 12 дугаар сар уг хуулийн заалт хvчингvй болсон байна.

Хэдий нийгмийн сайн сайхны төлөө мэт харагдавч суурь зарчим, Үндсэн хуулиас гажвал алсдаа “засах ёстой алдаа”-г л бий болгодог аж. Үндсэн хуулийн талаар ойлголтгүй нийгэм Үндсэн хуульд халдах боломжийг бүрдүүлдэг гэж “Амьтны ферм”-ийнхэн хэлжээ. Ер нь эхлээд Үндсэн хуулиа өөрчлөх үү, Үндсэн хуулийг ойлгох ойлголтоо түрүүнд нь өөрчлөх үү?

 Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж