Монголын аугаа хувьсгалчдын нам мандтугай

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Монголын аугаа хувьсгалчдын нам мандтугай


Хайр гэдэг богино үгний учир юу билээ гэсэн үгтэй сайхан дуу байдаг. Харин өнөөдөр МАХН гэдэг богино үгний учир юу билээ гэдэг эмгэнэлт, инээдмийн жүжгийн үзэгдэл улам өрнөлтэйгээр үргэлжилж байна. Нэрнийхээ “хувьсгалт” гэдэг үгийг сайн дураараа гээсэн улстөрчид үүнээсээ өмнө энэ нэрийг, товчлолыг нь дахин хэрэглэхгүй байх бүх л нүх сүвийг бодож, болгоожээ. Тэд байж болох бүх хувилбарыг баталгаажуулсан супер төлөвлөгөөгөө гүйцэтгэжээ. Үр дүн нь элэг хөшөөм. Монголчуудын амьдрал хөгжүүлэх нам, Монголын ардын хөдөлмөрчдийн нам, Монгол ардын хөгжлийн нам, Монголын ардчилсан хөгжлийн нам, Монголын ардын хамтын нам, Монголын анхны хувьсгалчдын нам, Монголын аугаа хувьсгалчдын нам … өөр юу ч гэв дээ.  Хэсэг хүний хоолоо олж идэж, амиа хоохойлох ганц боломж нь мэт МАХН гэдэг товчилсон үгийг бусдад алдахгүйн тулд хэчнээн ч “нүх ухчихсан” байсан юм бэ дээ? Бараг л Монголын авлигач хулгайчдын нам гэсэн нэр хадганд ороогоод хав дарчихсан шахуу байж гэдгийг өнгөрсөн хэд хоногт болсон үйл явдлаар олон нийт сая мэдэж авав. Дашрамд дурдахад, Монголд Интернэтийн ардчилсан нам, Их хаадын бодлогыг эрхэмлэн хэрэгжүүлэх нам, Зөв ажил хэрэгч нам, Ядуу ардын нам гэсэн нэрс бүртгэлтэй байдаг юм байна.

Дээр дурдсан МАХН гэдэг дөрвөн үгний товчлолын 20хувилбар, ганц нэг үсэг нь будилж солигдож болзошгүйгээс болгоомжилсон 38 хувилбар бүртгэгджээ. Гэхдээ цөөхөн хэдхэн хүний нэр дээр МАХН нэрээ сольж, МАН болсны дараа шүү. МАН-ы залуу үеийн төлөөлөл болсон нэгэнбээр л гэхэд 5-6 намын нэрийн бүртгэл ханцуйлчихсан аж. Зөвхөн өөрийнхөө нэр дээр. Бүр түүний туслах, нарийн бичиг, найз нөхөд тэргүүтэн болгоны нэр дээр нэжгээдээр данслагдсан гэж байгаа. Яасан ч сүрхий залуус вэ? Яалт ч үгүй олон жилийн түүхтэй МАХН-ын залуу халаа, бэлтгэл хүчин мөн гэхээс яахав. Хүүхдүүд нь ийм “айхавтар” байхад хашир бурхинуудынх нь санаа бүр ч мундаг биз. Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо “ах нар”-аасаа өмнө нэрээ өөрчилж, Нийгмийн ардчилал, шударга ёсны төлөө гэдэг сонирхолтой нэртэй болсон дүү нар нь ч МАСЗХ гэдэг нэрээ байж болох бүх хувилбараар нь бүртгүүлээд үүцэндээ хийчихсэн байгаа биз.

МАХН гэдэг нэрийг тойрсон инээдэмтэй гэхэд хэцүү, эмгэнэлтэй гэхэд хэцүү үйл явдал өрнөсөөр Ц.Шинэбаяр гэж эсэргүү гишүүний дэгдээсэн дуулианаар гаарч бүр балайрал, элийрэл гэдэг тодотгол руугаа дөхсөнийг нотлов. МАХН гэдэг нэрээ авч үлдэнэ гэж зүтгэсэн Ц.Шинэбаяр гишүүн чуулганы танхимд хууль хэлэлцэх бус Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаалгыг тогших ажилтай болсоор бэдэрч, бэдэрч Монголын алдартай хувьсгалт нам /энэ нь бас Монголын алдартай хувьсгалт нам, Монголын алдарт хувьсгалт нам гэсэн хоёр хувилбартай гэж байгаа юм/ гэсэн нэрэн дээр “бууж” үлдэв. Оргүйгээс охинтой нь гээд энэ нэрээрээ намаа авч үлдэв гэвэл хошин шогийн хэд хэдэн шоуны санаа бэв бэлэн байна. Үгүйдээ л алдартай хувьсгалт намын талаар мэдээ бичих бүрийд инээд хүрээд, элдвийн санаа пургиад байна гэдэгт эргэлзэх зүйлгүй. Гэвч ямар ч гэсэн өөрийнхөө үзэл бодлыг ил шууд илэрхийлж, байр суурин дээрээ чадлаараа шантралгүй зүтгэж, түүнийхээ төлөө Монголын томоохон /өөрсдөө бол ганцхан гэж боддог/ намын аппаратад шоовдорлуулж байгаа Ц.Шинэбаяр гишүүнээс илүү МАХН /өдгөөгийн МАН/ инээдэмтэй байдалд ороод байгаа биш үү?

Баар, үйлчилгээний газар, хүнсний жижиг дэлгүүрүүд хүмүүсийн анхаарлыг татахын тулд “Орж гарч бай л даа хө”, “Ороод гарсан ч яах вэ хө”, “Би эндээс явахгүй ээ”, “Мөнгөтэй хүний ороод гардаг л газар” гэх мэтийн марзан нэрнүүд сонгосон нь байдаг. Нэг хэсэг борооны дараах мөөгнөөс ч олон төрсөн компани, хувиараа эрхлэх газрууд байж болох бүх сайхан нэрийг түрүүлээд авчихсан болохоор “Усан хавтгай-архин далай”, “Унтах газар-угаалгын машин” гэсэн нэр авахаас өөр аргагүй болсон гэсэн үнэн эсэх нь мэдэгдэхгүй яриа байдаг. Гэхдээ энэ бол нэг том намын нэртэй холбоотой балайрлын дэргэд бараг л эрүүл үзэгдэл санагдахаар. Хэргийн учир нь энэ бол өнөөдөр улс орныг минь удирдаж буй улс төрийн намын үйлдэл. МАН-ын тайлбарласнаар гишүүдийнхээ санал, хүсэл, сонирхлын дагуу нэрээ сольсон атал яагаад ийм хөгийн үйлдэл хийгээд байгаа юм бол? Оюун ухаан хэвийн жирийн хүнээс гарамгүй хөгийн нэрсийн жагсаалтыг өмчлөх гэж сандралдах нь энэ намд эрүүл хүн байна уу гэж гайхмаар. Айсан хүн адуу үргээнэ, ичсэн хүн хүн ална гэгчээр Монголын аугаа хувьсгалчдын нам гэдэг дээр хүртэл “бууж” байхдаа яах вэ дээ?

Бас нэг сонирхол татах асуудал нь энэ улсад хууль дүрэм гэж байна уу. Дуртай хүн нь тав арваар нь намын нэр аваад хадгалж, аягүй бол ченжелдэг. Ийнхүү жирийн л мэдлэг боловсрол, хүмүүжилтэй, өөрийгөө хүндэтгэдэг хүмүүсийг инээх ч хэцүү шоконд оруулж, нийгмийг “маразм” болгож байгаа намыг, эсвэл намыг төлөөлнө гэж өөрсдийгөө үздэг хэсэг бүлэг хүмүүсийг яалтай билээ. Гадаадад явж байгаад саяхан ирсэн намын дарга нь түүний эзгүйд өрнөсөн энэ үйл явдлаас магадгүй ичиж байгаа байх аа. Энэ “лаг” санаа арай ч түүнээс гараагүй гэж итгэж байна. Гэхдээ усыг нь уувал ёсыг нь дагадаг жамаар иймэрхүү сэтгэдэг бага дарга нартайгаа хөтлөлцөөд л явж дээ. 

Ингэхэд эртхэн “Монголын авлигач, хууурагчдын нам” гэдэг нэрийг бүртгүүлээд авдаг юм бил үү, дараа хэрэг болж магадгүй. Гэхдээ аль хэдийнэ энэ бүү хэл хувилбарыг хуугаар нь өмчлөөд авчихсан байж магадгүй нь. Хамгийн супер “сонсголон”-той нэрээр тодроод байгаа Монголын аугаа хувьсгалчдын нам эдний араас хэзээ мэндлэх бол? Тэгвэл аугаа их балайрлын түүх цэцэглэвэй, мандтугай гэхээс өөр үг олдохгүй нь дээ.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж